Төрийн албаны сонгон шалгаруулалт шударга болдог гэдэгт олон хүн итгэдэггүй юм билээ. Шалгаруулах нэрийн дор танил талаа харж, албан тушаалтнуудын шахааны хүмүүсийг төрийн албанд шургуулдаг гэх хардлага хаа сайгүй байдаг. ТАЗ долоон гишүүнтэй. Дөрөв нь орон тооны бус.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга, Шүүхийн ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн дарга нар орон тооны бус гишүүн юм. Саяхан МХЕГ, Газрын харилцаа, барилга, геодизи, зураг зүйн газрын даргын, Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргын албан тушаалын сонгон шалгаруулалт болсон.
Уг шалгаруулалтын үеэр ТАЗ-ийн комиссын гишүүнээр анх удаа ажилласан ЕТГ-ын дэд дарга Ч.Сайнбилэгтэй товч ярилцав. Тэрбээр энэ албанд ирэхээс өмнө ТАЗ-ийн шалгаруулалтыг шударга болдог гэдэгт итгэдэггүй хүмүүсийн нэг байсан гэнэ.
-Анх удаа ТАЗ-ийн Комиссын гишүүнээр ажилласан гэсэн. Ямар сэтгэгдэлтэй үлдэв. Сонгон шалгаруулалт шударга болдог гэдэгт Таныг итгэдэггүй байсан гэх юм билээ?
-Би уг нь АН-ын, асуудалд хөндлөнг өөс хандах хүн шүү дээ. ТАЗ-ийг шударга шийдвэр гаргадаггүй гэсэн яриа олонтаа сонссон. Төрийн албаны шалгалт өгөх сонирхолтой хүмүүсийг эхлээд бүртгэж, тэднээс авах шалгалтын тестийг хөндлөнгийн байгууллагуудаар хийлгүүлдэг юм байна. Комиссын гишүүд тэнд юу байгааг нь ч мэдэхгүй. Шалгалт авах үеэр дугтуйгаа задалж шалгуулагчид асуултыг өгнө.
Тодорхой хугацааны дараа компьютерээс хариуг нь авчихна. Тестийнх нь асуулт, хариулт болон сонгон шалгаруулалтад оролцогсод бүгд нууц кодтой. Түүнийг нь Комиссын гишүүдийн хэн нь ч мэддэггүй. Тестийн хариуг танилцуулж, оноог өгч байхад шалгаруулалтад оролцогсод бүгд тойроод суучихдаг болохоор будилаан гарах үндэсгүй санагдсан. Их л нарийн юм байна.
-Хамгийн өндөр оноо авсныг нь бус танил тал ихтэйг нь л албан тушаалд томилуулахаар ТАЗ-өөс санал болгодог гэлцдэг шүү дээ...
-Төрийн албан хаагчид тавих боловсролын шалгуурын хамгийн өндөр таван оноог докторын зэрэгт, магистр, бакалавартайд нь 4-3 оноо өгдөг юм билээ. Саяын сонгон шалгаруулалтад оролцсон хүмүүсээс Амарсайхан гэдэг хүн ганцаараа шинжлэх ухааны доктор учраас таван оноо авсан. Ажлын туршлага гэдэгт нь ажилласан жилийг нь харгалзан үздэг аж. Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтрийг нь сайн нягталдаг бололтой. Түүнийгээ харгалзан үзээд тав хүртэл оноо өгнө. Р.Содхүү хамгийн өндөр оноо авсан. Ярилцлагын төрлөөр бас шалгалт авна. Гэхдээ бас юу ч хамаагүй асуухгүй.
Битүүмжилсэн дугтуйнд асуулт, хариулт нь байгаа юм. Ер нь нийт дүнгээрээ хамгийн өндөр оноо авсан хүнийг томилуулахаар санал болгодогг үй юм байна. Тухайн ажлын байрны шаардлагыг хамгийн сайн хангасныг нь албан тушаалд санал болгодог аж. ГХБГЗЗГ-ын даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад Цэдэндамба 81.5, Ганхүү 81.4 оноо авсан.
Адил хийгээд ойролцоо оноо авсан тохиолдолд ТАЗ-ийн долоон гишүүн нууцаар санал хурааж эцсийн шийдвэрийг гаргадаг. Цэдэндамба 0.1 оноогоор илүү ч Төрийн албаны тухай хуульд заасан тухайн ажлын байранд тавигдах шаардлага, мэдлэг боловсрол, туршлагаараа Ганхүү илүү учраас түүнийг ГХБГЗЗГ-ын даргын албан тушаалд томилуулахаар ТАЗ-өөс санал болгохоос аргагүй юм билээ.
-Р.Содхүү даргыг шударга өрсөлдөөгүй гэх хүн мэр сэр байх юм...
-Гурван нэр дэвшигчээс дөрвөн үзүүлэлтээрээ илүү байсан. ТАЗ-ийг хардаж боломгүй юм билээ. Би өмнө нь олны адилаар харддаг, буруу ойлголттой явж ирж. Ялж чадаагүй хүмүүс төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэгдсэн. Хардах, шударга бус боллоо гэх үндэс үнэхээр байхгүй юм билээ. Би анх удаа коммист ажилласан болохоор “тагнуул” шиг л орсон.
Шалгалтын хувьд маргаан гарахааргүй юм билээ. Яах вэ, нэг албан тушаалд олон хүн нэр дэвшдэг. Тэднээс нэг нь л албан тушаалд очно. Бусад нь ойлгомжтой шүү. Гомдол гаргана, ТАЗ-ийг шударга ажилласангүй л гэнэ. Гэхдээ ТАЗ шударга бус ажиллах ямар ч боломжгүйг би сая үзлээ.
Э.ТӨР