Монгол Улсад өдгөө хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 400 гаруй хууль бий. ХЗДХЯныхан 418 байдаг гэж нотлов. Түүнээс хэрэгждэггүй нь буюу батлагдсанаасаа хойш огт салхи үзээгүй нь зуугаар тоологдон гэдэгт эргэлзэхгүй байна. Хэрэгждэг нь ихэс дээдэст ээлтэй, эгэл олонд халгаатай байх нь олонтаа. Бас “хуулийн цоорхой” гэдэг хэлц шинэ цагийн Парламенттай бараг нас чацуу шахам.
УИХын гишүүдийн бэргэдэг хууль ч гэж бас бий. 2012 он хүртэл хуулиудыг боловсронгуй болгох үндсэн чиглэлийг 2009 онд 38 дугаар тогтоолоороо УИХ баталсан байдаг юм. Энэ хүрээнд төсөл боловсруулах чанарыг сайжруулж, үр нөлөөг дээшлүүлэх, эрх зүйн харилцаанд оролцогч талуудын эрх, үүргийг тодорхой болгох, тэдгээрийн үйл ажиллагааг уялдуулах, шинжлэх ухаанчаар асуудалд хандах мэтээр мундаг зорилт дэвшүүлсэн байдаг. Гэтэл энэ нь бас л “будаа” болох тийшээ явчихаж байх шиг.
Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хууль гэж байдаг. Ирэх он гэхэд хэрэгжсэн байх ёстой дээрх зорилтыг ажил болгоход энэ хуулийн зохицуулалт хүчин мөхөсддөг бололтой юм. Тэгээд Засгийн газар түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл өргөн бариад өнгөрсөн баасан гаригт УИХ-аар хэлэлцүүлэх гэтэл учраа мэдэхгүй гишүүд нь “унагачихаж”. Хууль зүй, дотоод хэргийн яамныхан, Хууль зүйн байнгын хороонд данстай голдуу салбарын мэргэжлийн гишүүд үүнд ихээхэн бухимдалтай байна билээ.
Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл дээр мэргэшсэн хуульч, эрх зүйчдийн баг ажилласан нь тодорхой. Тэгэхээр 13-хан хуульч гишүүнтэй УИХ энэ чухал төслийн ач холбогдлыг ойлгохгүй байх нь аргагүй ч юм уу гэмээр. Далимд дурдахад ийм бүтэцтэй УИХ л хууль тогтоох байгууллагын нэр хүндийг гутааж байгаа юм шүү дээ (19 эдийн засагч, 26 инженер, 18 нь багш болон бусад мэргэжлийн гишүүд). 400 гаруй хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах шаардлага Монголд бий гэсэн судалгаа байдаг аж.
Түүнийг нь цэгцлэхээр ХЗДХЯ, Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчныг баталгаажуулах төсөл хамтран “Иргэн, эдийн засгийн хууль тогтоомжийг давхардал, хийдэл, зөрчлийг арилгах (цаашид “цоорхой” гэх нь ойлгомжтой болов уу), тэдгээрийн хоорондын уялдаа холбоог сайжруулах” ажлыг 2009 оноос эхлүүлжээ.
Энэ ажилд мэргэжлийн 30 шахам хуульч, судлаачийг дайчилсан гэх. Гэтэл 2012 оноос өмнө 400 гаруй хуулийг “засварлах” хэрэгтэй. Засах хуулийн тоо, үлдсэн хугацааг бодвол мэдээж боломжгүй. Тэгээд л ОХУ, Австри, ХБНГУ зэрэгт амжилттай хэрэгжүүлж буй “багц хуулийн төсөл” гэсэн үйл ажиллагааны шинэ хэлбэрийг Хууль, УИХын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд оруулахаар төсөл санаачилсан юм байна.
Ингээд хууль, эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр “хуульчгүй” УИХ-ын гайгаар зогсчихлоо. Иргэний болон эдийн засгийн харилцаа хүн хийгээд нийгмийн хамгийн наад захын асуудлыг зохицуулдаг салбарын хуулиудыг Ажлын хэсгийнхэн эхлээд барьж авчээ. Иргэн, эдийн засагтай холбоотой 30 хуулийн давхардал, зөрчил, хийдлийг арилгах шаардлага байгаа гэсэн. Энэ 30 болон түүнтэй холбоотойгоор 71 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг ХЗДХЯ-наас боловсруулжээ.
Нийлээд 101 хууль болж буй. Нэгбүрчлэн хэлэлцэх нь зохистой мэт санагдавч ингэх нь хугацаа, уялдаа холбоог нь алдагдуулах гэмтэй гэнэ. Энэ талаар хуульчийн үг сонсоход, “101 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулж, тус бүрийг нь УИХ-аар хэлэлцүүлэх нь цаг хугацаа алдсан ажил болох бөгөөд хуульд оруулах өөрчлөлт нь харилцан уялдаа холбоотой, нэг зорилго бүхий өөрчлөлтүүд байдаг. Тэгээд төслүүдийг нэгтгэн нэг хуулийн төсөл болгож, уг хуулийн дагуу 101 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар “багц хуулийн төсөл”-ийн хэлбэр бий болгохыг зорьсон.
Гэтэл УИХ-аас дэмжлэг авсангүй. УИХ хууль, бусад шийдвэрийг санаачилж хэлэлцэхдээ салбарын мэргэжлийн саналыг авах харилцааг зохицуулаагүй, хууль хэрэгжүүлэх үүрэг бүхий Засгийн газрын санал, дүгнэлтийг дийлэнхдээ харгалздагг үйг өөрчлөх шаардлагатай” гэв. Хуулийн “цоорхойг нөхөх” үүрэг бүхий Ажлын хэсэг 418 хуулиас эхний ээлжинд засахаар 83 хуулийн жагсаалт гаргаснаас 34-ийг нь хянаж үзээд засуулахаар ХЗДХЯ-нд хүлээлгэж өгчээ. Статистик маягийн юм ч гаргаж.
Тэгэхэд 34-хөн хуулийн хийдэл 292, зөрчил 441, давхардлын тоо 873 гэж гарчээ. Эдгээрийг арилгая хэмээн УИХ чин хүслээр хандаж чадвал бизнесийн эрх зүйн орчин эрүүлжиж, нийгэм дэх хүнд суртал, авлига, хээл хахууль багасах, эдийн засгийн тогтвортой хөгжил, бизнес эрхлэх таатай орчин бүрдэхэд эерэг нөлөөтэй юм гэж мэргэжилтэн судлаачид хэлж, зөвлөж байна.
УИХ-ын гишҮҮдийн бэргэдэг хулиуд Хамгийн түрүүнд Сонгуулийн хуулийг нэрлэе. 2004-2008 оны Парламентын үед С.Баяр сонгуулийн төгөлдөршилд уриалж, ардчилсан хүчний удирдагч Ц.Элбэгдорж алга ташин дэмжсэн. Гэтэл өмнөх парламентчид сонгуулийн чимээнээр жижиг эрх ашигтаа автчихав. Зөвшилцлийн УИХ, хамтарсан Засгийн газрын намууд пропорционалиар 2012 оны сонгуулийг явуулна гэж тохирлоо. Гэвч дэвшилт зорилгын төлөө амаа нийлүүлсэн МАН, АН ухраад эхэллээ.
Яг Ерөнхийлөгчийн таамагласнаар үйл явдал эргэв. Д.Лүндээжанцан нар Сонгуулийн хуулийн төсөл өргөн барьсны дараа Төрийн тэргүүн нэгэн телевизээр ярилцлага өгснийг санаж байна. “Уг нь зөв юм. Гэхдээ сонгууль дөхөх тусам наадуул чинь жижиг эрх ашигтаа хөтлөгдөөд бүр 76 жижиг мажоритарыг сонгоно доо” гэсэн утгатай зүйлийг хэлсэн. Сонгуулийн хууль нь Үндсэн хуулийн дараа орох үр дагавартай аж. Сайн тогтолцоог сонгож чадвал ард түмэн улс орны хөгжил, ардчилалд ихээхэн дэмтэй гэдэг.
Мууг нь авч үлдэх нь зөвхөн ялзарсан улстөрчдөд л хэрэгтэй. Тэгээд л УИХ-ын дийлэнх олонх нь шударга ёс тогтоохоос бэргэж байна. Ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль бас айдас төрүүлэх болсон гэж байгаа. Хуулийн төсөл санаачлагч нэг гишүүн, “Энэ хууль ч явахгүй байх даа” гэж байсан. АНУ-ын хуулиар нэг мужаас Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийг сонгохыг хориглодог гэнэ билээ.
Нутгийн хоёр эрх мэдлийг бүгдийг атгавал юу болох, яах нь яаж ч бодсон ойлгомжтой биз. Гэтэл манайд нам, төрийнхөө дээр нутаг жалгын бүлгэрхэл жаалж байна гээд бод. Тэгэхээр Ашиг сонирхлын зөрчлийг хязгаарлах хуулиас улстөрчид бэргэнэ.
Сая Ц.Сэдванчиг, Ж.Сүхбаатар, Я.Батсуурь нарын гишүүн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, тендер будилуулсан нөхдөд ногдуулах ялыг чангалах төсөл санаачилсан нь дээгүүрх нөхдийг сандралд оруулаад байгаа сурагтай. УИХ-ын гишүүдийн бэргэдэг хуулиудын жагсаалт үргэлжилж байна.