Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуунтай ярилцлаа.
-Энэ жил эдийн засагт ямар өөрчлөлт гарах бол. Төсөв алдагдалтай батлагдсан учраас мөнгөний бодлогоо зөөлрүүлэхгүй гэж Төвбанк мэдэгдээд байгаа. Гэтэл энэ байдал эдийн засагт хэрхэн нөлөөлөх бол.
-2011 он бол манай улсын хувьд шийдвэрлэх жил болж байна. Эдийн засгийн өсөлт энэ жил зургаа орчим хувьтай гарч, харин ирэх жилд 8.2 хувь байхаар тооцоолж байгаа. Үүнээс үзвэл, 2011 онд эдийн засгийн өсөлт улам эрчимжих төлөв харагдаж байна. Тодруулбал, ноднин эхэлсэн томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтын хэмжээ гурав дахин нэмэгдэхээр байгаа. Өмнөговьд хийгдэж буй нийт хөрөнгө оруулалтын хэмжээ ойролцоогоор гурван тэрбум ам.долларт хүрэх хандлагатай байна. Цаашид ч хурд нь саарахгүйгээр 2013 онд манай улсын зэс, нүүрсний үйлдвэрлэл одоогийнхоос хэд дахин өсөхөөр байгаа.
Эдийн засгийн өөрчлөлт бусад салбарт ч эрчимжинэ. Эдийн засгийн томоохон бүтээн байгуулалт нь энэ жилийн экс портын хэмжээг эрс өсгөхөөр байгаа. Экспортын өсөлт нь манайд орж ирэх долларын урс - галыг огцом нэмэгдүүлж байгаа. Өмнө нь төгрөг үнэгүйдэж байсан үе тохиож байсан бол одоо төгрөг үнэд орох шинэ зовлон бий болгож байна. Ойрын жилүүдэд байнга тохиолдох үзэгдэл бол энэ.
Иймээс мөнгөний болон сангийн бодлогод төгрөгийн ханшийн чангаралтыг сааруулах, ханшийг хэвийн түвшинд байлгах, дотоодын өрсөлдөх чадварыг унагаахгүй, сөрөг нөлөө үзүүлэхгүй байх талаас нь анхаарах хэрэгтэй. Одооноос холбогдох бүх байгууллага энэ чиглэлээр хийх ажлын бэлтгэлээ базааж, хамтран ажиллах талаар томоохон зөвлөлгөөнийг зохион байгууллаа.
-Монгол төгрөг дэлхийн хамгийн их чангарсан валютаар тодорсон. Цаашид их мөнгө, их хөрөнгө оруулалт улам нэмэгдэх нь. Тэгэхээр их мөнгөний эрсдэлээс хэрхэн сэргийлэх вэ, их мөнгийг хэрхэн удирдах вэ гэсэн шинэ орчин бий болж байх шиг.
-Ойрын үед ийм үзэгдэл бий болно гэж манай хорооноос хоёр жилийн өмнө сануулж байхад хүмүүс төдийлэн ойлгодоггүй байсан. Одоо яах аргагүй бодит байдал болж байна. Манай руу дотогшлох урсгалыг дөрвөн чиглэлээр хувааж болохоор байгаа.
Нэгдүгээрт, манай экспортын орлого, хоёрдугаарт, гадаадын шууд хөрөнгө оруулалт, гуравдугаарт, манайд ажиллаж байгаа гадаадын болон дотоодын компаниудын гадаадын зах зээл дээр босгож байгаа богино болон урт хугацааны хөрөнгийн эх үүсвэр, дөрөвдүгээрт, манай Хөрөнгийн биржид хувьцаа гаргасан компаниудад хийгдэх портфолио буюу үнэт цаасны хөрөнгө оруулалт юм. Тус тусдаа өөрийн гэсэн давуу, сөрөг талыг ч бий болгож байгаа.
-Төгрөг чангарах нь сайн, муу хоёр талтай. Энэ нөхцөлд ямар арга хэмжээ авбал зохилтой вэ?
-Мөнгөний бодлого нь бол олон арга хэрэгсэлтэй. Өөрөөр хэлбэл, цаашид энэ хөрөнгийн урсгалыг зохицуулах чиглэлд улам нарийсаж ажиллах болно гэсэн үг. Гарч буй эрсдэл нь олон төрлийнх учраас тэр бүрт тохирсон арга хэмжээг авах зүйтэй юм. Үүнийг хэрхэн зохицуулах вэ гэдэгт улс орнууд ихээхэн анхаарч ирсэн.
Тухайлбал, зарим улс валютын урсгалыг гаргаж, оруулахдаа Төвбанкиндаа 10-15 хувийг хадгалж байх ёстой гэдэг. Энэ нь татвар шиг болчихож байгаа юм. Зарим нь гадаадын хөрөнгө оруулагч дотоодын эдийн засагт мөнгө оруулахдаа тодорхой хугацаанд эргэлдүүлж, гаргахгүй байх ёстой гэсэн шаардлага тавьдаг.
-Дотоодод сөрөг үр дүн бий болно. Бид энэ байдлыг давж гарах бэлтгэл хэр байна вэ?
-Валютын ханш чангарч, дотоодын үйлдвэрүүдийн өрсөлдөх чадвар харьцангуй муу болдог. Энэ бол нэг л илрэл. Манай эдийн засагт ийм эрсдэл бий учраас түүнийг урьдчилан харж, бодлогоо зохицуулан гаргах шаардлагатай. 2011 онд дэд бүтцэд хийж буй хөрөнгө оруулалт нь дэд бүтцийг хөгжүүлж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх нэг арга болох юм. Мөн техник мэргэжлийн сургалтын төвөөр 45000 хүнийг сургаж байгаа нь боловсон хүчний дутагдлаас гарах, бидний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нэг арга мөн.
Их хэмжээний урсгал орж ирэхэд хамгийн түрүүнд банк санхүүгийн салбарыг бэхжүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, банкны хямрал болж буйн гол шалтгаан нь мөнгө орж, гарахдаа биш, хамгийн гол нь дотоод систем хяналтад байна гэсэн үг. Дотоодын банкны системийн хяналтын тогтолцоо сул газарт дээр дурьдсан маш их хэмжээний хөрөнгө орж ирэхэд системийн эрсдэлийг улам нэмэгдүүлдэг. Харин валютын захад гарч байгаа долларын илүүдлийг яах вэ гэдэг асуудлыг шийдэх нэг арга нь Хөрөнгө оруулалтын сан байгуулах юм.
Энэ тухай олон жил ярьж ирсэн, олон хувилбараар судалж байсан. Гэхдээ хэрэгжиж байгаагүй. Одоо цаг нь болчихлоо. Их хэмжээний мөнгийг эргэлдүүлж, удир - дах гол зорилготой юм. Тухайлбал, Норвегийн Нор - дик сан амжилттай хэрэг - жүүлсэн байдаг.
Одоо манайд Хүний хөгжлийн болон Тогтворжуулалтын санг анх удаа байгуулж байна. Эдгээрт уул уурхайн орлого ихээхэн төвлөрөх хандлагатай байгаа. 2016 он гэхэд нэг тэрбум ам. доллар хүрэх төлөвтэй байна. Тиймээс эдийн засгийн хүчин чадлаас давсан хөрөнгийн урсгал, хуримтлал бий болно. Энэ нь төгрөг рүү чиглэгдвэл төгрөгийн ханш улам нэмэгдэж, нөгөө талаас үнийн өсөлт, үнэт цаас, үл хөдлөх хөрөнгийн хөөсөн өсөлтийг бий болгох аюултай.
-Шингээх чадвараасаа давна гэсэн үг үү?
-Тийм. Иймээс Хөрөнгө оруулалтын сангийн хэлбэрийг хурдан хуульчилж, тодорхой хэм - жээний илүүдэл мөнгийг гадаадад байршуулах, эргэлдүүлэх аргыг одооноос анхаарах хэрэгтэй. Нэг талаас хөрөнгийн илүүдэл, нөгөө талаас жижиг, дунд үйлдвэрүүдэд хүү өндөр, бага байна гэдэг асуудал байнга тавигддаг. Энэ хоёрыг зохицуулахын тулд их хэмжээний хөрөнгийн зарим урсгалыг ажилгүйдлийг бууруулах, жижиг, дунд үйлдвэрлэл рүү чиглүүлэх шаардлага гарна. Үүний тулд өөрсдөө хүсвэл бэлнээр өгөх гэж байгаа мөнгөөр хөрөнгө оруулалт хийх журам нь гарсан байгаа. Энэ бол эхний алхам гэж үзэж болно.
-21 мянган төгрөгөө энэ сараас аваад эхэлж байна. Гэтэл хөрөнгө оруулалт болгоно гэж та ярилаа. Яг хөрөнгө оруулалт болгоно гэх ухамсар хэр байгаа бол.
-Бодит хөрөнгө нь хувь хүнд юу байж болох вэ. Нэгдүгээрт, эрүүл мэндийн асуудал, хоёрдугаарт, НДШийн өөрийнх нь сангийн үлдэгдэл гуравдугаарт, орон сууц юм. Зарим их, дээд сургуулийн оюутнуудын сургалтын төлбөрийг зохицуулж байна. Энэ нь хүндээ оюуны хөрөнгө буюу хүмүүн капитал болж үлдэнэ. Эрүүл мэнд, нийгмийн даатгалд зориулагдсан мөнгөний хэмжээ энэ жил тодорхой болчихлоо.
Харин Хүний хөгжлийн сангийн мөнгийг орон сууц болгох бол яах вэ гэдэг асуудал үлдэж байгаа. Энэ чиглэлээр манай хороо бусад байгууллагатай хамтран ажиллаж байна. Аль болохоор бэлэн мөнгөний оронд хүмүүст хөрөнгө, орон сууц болгон үлдээх схемийг боловсруулахыг зорьж байгаа.
-Гэхдээ орон сууц болгон үлдээх гэхээр энэ бага мөнгө шүү дээ.
-Сингапур, Канад улсын туршлагыг судалж байгаа. Ялангуяа Сингапур улсад төрөөс татаас олгож дэмжлэг туслалцаа үзүүлэн, чанар сайтай, харьцангуй хямд өртөгтэй орон сууцыг олноор нь байгуулсан. Мөн орон сууцны зээлийн хугацааг нь сунгасан.
Их энгийн арга мэт боловч үр дүн сайтай. Хоёрдугаарт, зээл авахдаа өв залгамжлуулах боломжийг олгож байгаа. Өөрөөр хэлбэл, аав хүү хоёр 30 жилээр зээл авч болно. Тэгэхээр эцэг нь ажлаасаа гарлаа гэхэд санаа зовохгүйгээр үлдсэн мөнгийг нь төлж байраа худалдан авах боломж гарна. Гуравдугаарт, эдгээр улс орон сууцны урьдчилгаа төлбөрийг 10 хүртэл хувиар бууруулсан.
Ингэснээр худалдаж авах боломжийг илүү нээж байгаа юм. Зээл олгосон үлдсэн урьдчилгаа төлбөрийнхөө хэмжээг 10 жилд биш, 30 жилд шингээчихэж байна. Тэгэхээр сарын төлбөр нь хямдарна. Урьдчилгаа төлбөрийг Хүний хөгжлийн сангийн мөнгөөр хийвэл хүмүүс одоо худалдан авч чадахгүй байраа худалдан авч, орон сууц барилгын салбар хөгжиж, ажлын байр олноор бий болно.
Энэ аргыг Монголд хэрэглэхээр ажиллаж байна. Засгийн газраас ийм үүрэг чиг өгөөд байгаа. Энэ нь зөвхөн орон сууцжуулах биш, бүтээн байгуулалтыг бодитойгоор хүнд хүргэх, нөгөө талаас инфляцаас зайлсхийх, бэлэн мөнгийг аль болох зах зээлд гаргахгүй хувь хүндээ хөрөнгө болж үлдэх ийм арга зам гэж үзэж байгаа.
-Та Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга учраас Хөгжлийн банктай холбоотой зүйлийг асуумаар байна. Ямар шалгуураар KDB банкинд менежментээ даатгахаар болов?
-Тендерийн урьчилсан дүн гараад нарийн хэлэлцээрийн ажил эхлээгүй байгаа. Солонгосын КDB, Японы хөгжлийн санхүүжилтийн байгууллага гэж хоёр баг эцсийн шатанд оролцсон. -Солонгосын КDB л шалгарч үлдсэн гэсэн биз дээ. -Солонгосын хөгжлийн банк буюу KDB нь өөрийн туршлага, хөрөнгийн хэмжээ, дайны дараах нэг хүнд жилд 200 долларын орлого ногдох нэн ядуу Солонгос улсыг одоогийн өндөр хөгжилтэй, технологи, үйлдвэрлэл хөгжсөн орон болгосон давуу тал байгаа.
Гэхдээ албан ёсоор ямар нэгэн гэрээ байгуулагдаагүй. Хөгжлийн банкны тухай хууль батлагдахаар одоогийн өгсөн саналуудыг боловсронгуй болгох ёстой юм. Агуулгыг эргэн харах шаардлага бий.
-Хуулиа баталсны дараа тендерээ зарлах байсан юм биш үү?
-Засгийн газрын тогтоолоор менежментийг бүрдүүлэх ажлыг урьдчилсан байдлаар өнгөрсөн онд багтаах чиглэл өгсөн. Урьд нь манайд төрийн өмчийн компаниу дад олон улсын менежментийг ажиллуулж байсан туршлага байгаа. Одоо хууль батлагдахаар гэрээ байгуулах процедурын асуудал болон бусад зүйл тодорхой болох юм.
-Эцсийн дүн хэзээ гарах бол.
-Оролцсон талуудын менеж - ментийн баг бүрдүүлэх, үйл ажил - лагаа явуулах төслүүдийг нарийвчлан судалж байна. Цагаан сарын өмнө хууль батлагдах байх. Тэгэхээр Цагаан сарын ойролцоо дүн гарах байх.
-Тэдний санал хэр боломжийн санал байсан бэ?
-Тендерийн мэдээллийг хамаагүй зарлаж болдоггүй л дээ. Гадаад, дотоодод зарласан боловч Монголоос баг оролцоогүй. Гаднаас ирсэн нь боломжийн саналууд гэж хэлж болно. Зөвхөн энэ хоёр баг биш, дэлхийд хөгжлийн санхүүжилтээр ажиллаж байгаа туршлагатай, олон улсын нэр хүндтэй бусад байгууллага, дэлхийн томоохон корпорацитай зөвлөгөө авах чиглэлээр хамтран ажиллаж байгаа.
Тухайлбал Японы Хөгжлийн банк, Германы КВФ, Ситибанк зэрэг байгууллагатай уулзаж, зөвлөгөө авч байгаа. Нээлттэй олон хувилбар байна гэж ойлгож болно.
-Эрдэс баялагт суурилсан эдийн засаг цаашид улам бэхжихээр харагдаад байна. Бусад салбартаа анхаарах, эдийн засгаа төрөлжүүлэх талаар тодорхой ажлын эхлэл энэ онд тавигдах болов уу?
-Оюутолгой, Тавантолгойн орд бол хөгжлийг авчрах хэрэгсэл гэж ойлгож болно. Түүнээс олсон хөрөн гөөр нь мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх нь чухал. Мэдээлэл, харилцаа, холбооны салбар, биотехнологи, нанотехнологи, эрчимжсэн хөдөө аж ахуй, боловсруулах аж үйлдвэр, дэд бүтэц гэсэн салбарыг хурдан хөгжүүлбэл манай улсын хөгжил тогтвортой болж, бүтцийн гажуудал арилан, түүхий эдийн хамаарал нь багасна.
Бусад салбарын хувьд хийх зүйл их бий. Энэ жил мэдээлэл, харилцаа, холбооны салбарт томоохон ажил хийгдэнэ. Тавдугаар сараас Налайхын Шивээгийн хөндийд Мэдээлэл, харилцааны хотхон байгуулах ажил эхэлнэ. Өөрөөр хэлбэл, тэнд 20.000- 30.000 оюутан, судлаач төвлөрч ажиллах юм.
Монголын Силикон Валлей бий болно гэсэн үг. Орчин үеийн энэ кэмпусийг Энэтхэгийн аутсорсингийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай томоохон компани хийж гүйцэтгэнэ. Ингэснээр мэдээлэл, харилцааны салбарт ажиллаж буй эрдэм шинжилгээ, сургалт, аж ахуйн компанийн нэгдмэл кластерыг анх удаа бодлогоор бий болгох нөхцөл бүрдэж байна. Хөрөнгө нь шийдэгдсэн, зураг төсөл нь хийгдсэн.
Одоо тээврээ шийдэх тухай ярьж байгаа. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатарын метроны асуудлыг ярих бүрэн бололцоотой болох юм. УБТЗ-ын хотын дундуур явдаг шугам, зогсоол гээд үндэс суурь нь бий. Тэгэхээр Налайхаас Улаанбаатарын хооронд хөнгөн төмөр замаар оюутан, судлаач, бизнесменүүдийг зөөдөг болно. УБТЗ-ын гол сүлжээ нь Баянхошуугаас бусад газарт байгаа.
Харин Яармаг, Чингэлтэй гэсэн чиглэлд шинээр байгуулах ёстой. Өөрөөр хэлбэл, байгаа зүйлээ шинэчлэн сайжруулаад метротой болно гэсэн үг. Үүний тулд Налайх Улаанбаатарын замын сүлжээг сайжруулах, цахилгаан вагонтай болох, төлбөрийн системийг сайжруулах гээд хийх ажил байгаа. Одоогоор энэ салбар манай ДНБий есөн хувийг үйлдвэрлэж байгаа. Уул уурхайгаас гурав дахин бага гэсэн үг. Энэ чиглэлээр 400 гаруй компани ажиллаж, дэлхийн 21 оронд бүтээгдэхүүнээ экспортолж байна. Тодруулбал, оюуны чадвар шингэсэн бүтээгдэхүүн, программ, програмчлал, электрон компьютер юм.
Мөн Атрын гуравдугаар аян хэрэгж сэнээр үр дүн гарсан. Цаашид санхүүгийн нөхцөлийг нь сайжруулах, чанарт анхаарах шаардлагатай. Чанарыг сайжруулахын тулд Канадын технологи нэвтрүүлэхээр ажиллаж байна. Өнгөрсөн оны үйлдвэржилтийн тайлангаас харахад боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэхэд ахиц харагдаж байгаа. Аймаг бүрт, мөн хотын хэмжээнд жижиг, дунд үйлдвэр олноор байгуулагдсан. Ихэнх нь амжилттай, зээлийн эргэн төлөлт нь хэвийн явагдаж байна.
Хөрөнгө мөнгийг нь нэмбэл цаашид төрөлжүүлэх байх. Тухайлбал, Увсад чацарганын, Ховдод ногооны чиглэлийн үйлдвэрлэлийг дэмжих маягаар зохицуулбал илүү амжилтад хүрнэ. Дэд бүтцийн хувьд энэ жилээс төмөр замыг тавьж эхлэхээр тооцоолж байгаа. Эрчим хүчний сүлжээг өргөжүүлж баруун аймгуудыг цахилгаантай болгох, V ДЦС-ын шийдвэрийг эцэслэн гаргаж, барилгын ажлыг эхлүүлэх, Тавантолгойд том станц байгуулах, Ухаахудагт цахилгаан станц ашиглалтад оруулах гээд хүлээгдэж буй зүйл их.
Био болон нанотехнологийн компанийн тоо нэмэгдэж байна. Гэхдээ гурилын үйлдвэр шиг тэднийг ойлгохгүй байгаа юм. Жижиг, дунд үйлдвэрээс илүү бэрхшээл энэ чиглэлийн компаниудад тулгарч байгаа. Гэтэл Монгол асар их биомассын нөөц, баялагтай улс шүү дээ.
Мөн манай малын мах экологийн хувьд цэвэр бүтээгдэхүүн. Одоо урд хөрш, Арабын орнууд, Япон улс мах авахаар саналаа ирүүлээд байгаа. Малаа эрүүлжүүлэх, мал эмнэлгийн тогтолцоог сайжруулж чадвал цаашид илүү боломж хүлээж байгаа.
Г.Өлзийсайхан