Хотын даргыг иргэдээс шууд сонгох шаардлага 20 жилийн өмнө огт сонсогдож байсангүй. Улаанбаатар сая гаруй хүнтэй болж, нийслэлийн статусыг онцгойлон үзэх хэрэг гарах вий гэж 1992 онд БНМАУ-ын Ардын их хурлын депутатууд төсөөлөөгүй юм. Үндсэн хуульд оруулсан долоон өөрчлөлт “эцэг” хуулийг долоон дордуулчихлаа гэсэн шүүмжлэл гарахыг 2000 онд УИХ мөн л гадарлаагүй биз.
Үндсэн хууль гэдэг дээрээ хөх тэнгэрээс бусдыг үл оршоох дагшин судар хэмээн монголчууд дээдэлдэг. Үндсэн хуулийг гэвч цаг хугацаа шүүдэг аж. Хүн төрөлхтөнд орчин цагийн нийгмийн амьдралыг зохицуулах Үндсэн хуулийн тухай анхны ойлголтыг өгсөн гэж үздэг АНУ-ын Үндсэн хууль өдгөө 224 дэх жилдээ үйлчилж байгаагаараа алдартай. Өнгөрсөн 224 жилийн түүхэнд АНУ Үндсэн хуулиндаа нэмэлт, өөрчлөлт оруулахаар 27 удаа “гар хүрсэн” байна. Монгол Улсад одоо мөрдөж байгаа нэн шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойших 19 жилийн хугацаанд 2000 онд нэг дор долоон өөрчлөлт оруулсан.
Өдгөө “эцэг” хуульд дахин “гар хүрэх” янз бүрийн санал, санаачилга нэлээд гарах болоод байгаа юм. Нийгмийн хурдацтай хөгжил, бодит байдлын өөрчлөлт, цаг үеийн шаардлагад Үндсэн хуулийн зарим зүйл, заалт төдийлэн нийцэхгүй болсныг нийгмийн амьдралын 20-иод жилийн үр дүн харуулах болсныг УИХын дарга Д.Дэмбэрэл ч хүлээн зөвшөөрчээ. Үндсэн хуулиа одоогийнх шиг үе үе өөлж гооч лохгүйн тулд хэрхэх тухай асуулт Монгол Улсын өнөөгийн Парламентад тулгараад байна.
Үндсэн хуулийн өдөр-нэгдүгээр сарын 13-нд болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр спикер Д.Дэмбэрэл Үндсэн хуулийг нэг мөр ойлгож, онол арга зүйн хувьд улсын хэмжээнд дагаж мөрдөхөөр Үндсэн хуульд тайлбар хийх зохицуулалт байхгүйг онцолсон.
Чухам энэ нь сонгогчдын “шууд сонгох эрх”, хотын эрх зүйн үндэс, засаг захиргааны үндсэн нэгжийн удирдлагыг сонгох, томилох зэрэг асуудлаар маргах, өөрсдийнхөөрөө тайлбарлах явдал гаарч, “эцэг” хуулийнхаа нэр нүүр рүү ширвэдэг үзэгдэл сүүлийн үед гаарах шалтгаан болоод байгаа билээ. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдаад долоо хонож байна.
УИХ Үндсэн хуулийг ахин дахин шүүслээд байхааргүй “шахсан бяслаг” болгох алхам хийхээр төлөвлөсөн нь сайн хэрэг. Гагцхүү нийгмийн олонхийн захиалгад нийцүүлэх хариуцлагыг давхар үүрсэн байгаасай. Монгол Улсад өдгөө үйлчилж буй 500- гаад хуулийн дийлэнх нь хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашигт дулдуйдсан агаад сонирхлын зөрчил дагуулж байдгийг хараат бус хуульчид өгүүлдэг.
Тиймээс Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатараар ахлуулсан 40 хүний бүрэлдэхүүнтэй, 108 хоногийн “томилолттой” Ажлын хэсэгт амжилт хүсье. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүд, шинэ Үндсэн хуулийг батлахад оролцсон гишүүд, парламентад суудалтай улс төрийн намуудын дарга нар, намын бүлгийн ахлагчдыг оруулж, иргэний байгууллагууд, шинжлэх ухааны салбарын төлөөллүүдийг төсөрхөн хамруулахыг хичээжээ.
Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг судалгаа, үндэслэл муутай хийсэн гэж нийгмийн нэг нь эсэргүүцэж, нөгөө нь өөр санал хэлсэн 10 оны туршлагыг “туулахаас” Ажлын хэсгийнхэн ажлаа эхлэх биз ээ. УИХ Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Ажлын хэсгийнхэнд зориулж дагаж мөрдөх журмыг нь хуульчилж баталсан.
Энэ хуулиар Үндсэн хуулийн хэн ч халдашгүй амин сүнс - үзэл баримтлал, үндсэн бүтэц, хөдөлшгүй зарчмыг өөрчлөхийг хязгаарлажээ. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрсөн хүний үндсэн эрх, эрх чөлөөг дордуулахгүй байх, төрийн эрх мэдлийг хуваарилсан зарчим, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, ардчилсан ёс, шударга ёсыг сахих, хууль дээдлэх, Монгол
Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл улс бөгөөд нутаг дэвсгэр нь зөвхөн засаг захиргааны нэгжид хуваагдах, засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх, нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч олон хэвшил бүхий эдийн засагтай байх, монгол хэл төрийн албан ёсны хэл мөн болох, энхийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулах зэрэг 25 зүйл, хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглосон. Дээрхээс бусад зүйл, заалтыг өөрчлөх, сайжруулах нь нэлттэй гэсэн үг.
Тэгэхээр УИХ нэгэнт “галт тэрэг” хөдөлгөж байгаа тул нийгмийн амьдралд шинээр тулгамдаж, цаашид ч зохицуулалт нь ойлгомжтой, түгээмэл, тогтвортой үйлчлэх суурь заалтуудыг судлах ажил ундрах нь. Тухайлбал, Монгол Улс Парламентын засаглалтайн хувьд Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болъё гэсэн санал яригдсаар ирснийг иргэдийн дунд асуулга явуулж тандвал Үндсэн хууль тойрсон нэгэн маргааныг тасалж болох юм. Олон нийтийн саналаар шууд сонгогддог Монгол Улсын Ерөнхийлөгч хааяа Ерөнхий сайдын, заримдаа хотын даргын ажлыг хийж л явдагт гайхах зүйлгүй.
Төрийн эрх мэдлийн хуваарилалттай холбоотой энэ мэт ойлгомж муутай харилцааг яг одоо нэг мөр цэгцэлбэл яасан юм бэ. Түүнчлэн УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгуулийг нэг онд, дөрвөн сарын зайтай явуулдгийг төсвийн хөрөнгийг дэмий үрсэн зардал гэж харах хүмүүс олон.
Энэ нь намуудын хувьд л Парламентын сонгуулиас орон нутгийнхыг хүртэлх хугацаанд улс төрийн тактик боловсруулах, нэр дэвшигчдийнхээ ая тухыг бодсон “хугацаа хожих” захиалга гээд хэлчихвэл хилс болохгүй. Бүх шатны сонгуулийн санал хураалтыг нэг өдөр явуулъя гэсэн саналыг Ажлын хэсэг хэрхэн үзэх нь мөн л анхаарал татаж байна. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт нь санал боловсруулах шатнаасаа эхлэн олон нийтэд ил тод байж, иргэд болон олон нийтийн байгууллага, улс төрийн намуудын оролцоог хангаж, тэдний саналыг авах хуулийн шаардлагыг сахин биелүүлэх ёстой.
Иргэний эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах, амьд явах нөхцөлийг баталгаатай бүрдүүлэх, нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлж, орон нутгийн засаг захиргааны байгууллагын эрх мэдлийг өргөтгөх, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг оновчтой болгох, Үндсэн хуулийн хамгаалалт, хяналтыг бэхжүүлэх зэрэг нийгмийн санаа бодлыг талцуулсан олон асуудлыг УИХ-ын Ажлын хэсэг ултай судлан, төсөл боловсруулах шаардлагатай. Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг найман жилийн хугацаанд хөндөхгүй, тогтвортой мөрдөхийг хуульчилсан байдаг. Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг хууль санаачлагчид тус тусдаа боловсруулах биш, гаргаж буй саналуудыг нэгдсэн байдлаар цэгцлэх чиглэлээр ажиллах саналыг УИХ-ын дарга Д.Дэмбэрэл тавьжээ.
Хугацааны хувьд Ажлын хэсэг боловсруулсан саналаа энэ оны тавдугаар сарын 1 гэхэд оруулж ирэх ёстой. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар УИХ төслийг нэгэнт хэлэлцэж эхэлсэн бол дунд нь өөр асуудал оруулахгүйгээр тасралтгүй хэлэлцэж шийдвэрлэх учраас сайтар боловсруулсан санал гаргаж хуулийн хэлбэрээр оруулж ирэх зөвлөгөөг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийнхэн спикерээс сонсоод байгаа.
Харин иргэд УИХ-аас Үндсэн хуульд “гар хүрэхдээ” улс төрийн хонжоогоор “гурилдахгүй”, урт настай өөрчлөлт хийхийг хүлээж байна. Ажлын хэсэг эрдэмтэн судлаачид, олон нийтийн байгууллагын төлөөллийг оролцуулан ажлын дэд хэсэг байгуулах боломжоосоо татгалзах хэрэггүй болов уу. Хамгийн гол нь асуудал боловсруулж эхлэх үеэсээ ард иргэдэд ил тод, мэдээллээ нээлттэй хүргэж ажиллаарай. УИХ-д 101 хоног үлдээд байна.