Тавын таван эрдэнэт хүний аминд хүрсэн 2008 оны долдугаар сарын 1-ний өдрийг дурсахаас сэтгэлд хүйт оргидог юм. Дараагийн сонгуулийн тэр өдөр ирж яваа гэж бодохоор үнэндээ жихүүдэс төрж л байна. УИХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар сонгууль болохоос зургаан сарын өмнө хуулийг баталсан байх ёстой. Одоо яг 11 сарын хугацаа үлдэв. Сонгуулийнхаа хуулийг хэлэлцэж эхлээгүй, энэ хооронд намар, хаврын чуулган таван сар орчим завсарлаж, цагаан сар, найр наадам үргэжилнэ, манай гишүүд тэдгээрийг хэсээд явчихна гэж бодохоор сонгуулийн тогтолцоогоо өөрчилж чадахгүй байж магадгүй нь.
Тэгээд л “долдугаар сарын 1” давтагдах вий хэмээн айдас төрөөд байгаа хэрэг. Хэрвээ шинэчлэл хийж чадахгүй бол “2012 оны долдугаар сарын 1” ардчилсан гэх Монголын түүхэнд гутамшиг, аймшгийн хар өдөр үлдээхийг үгүйсгэхгүй. 2008 оны долдугаар сарын 1-ний үймээний шалтгаан нь санал буруу тоолсноос үүдэлтэй шударга бус сонгууль байсан гэж дүгнэж болно.
Мажоритараас болж “махны машин” ажиллачихав уу гэж заримдаа хүндээр боддог юм, би. Мажоритар (олонх-дий лэн хийн, харьцангуй олон хийн тогтолцоо гэж олон улсад нэрлэдэг) буюу олонх дийлэнхийн энэ системд саналыг яавал яаж ч будлиулдаг билээ. Монголд энэ системийг 1992 онд импортолсон. Лесото гэдэг улсад 1993 онд нэвтрүүлсэн гэдэг. Тэгэхэд манай Парламентын сонгуульд МАХН сонгогчдын 56.9, Лесотод эрх баригч хүчин нь 60 гаруй хувийн санал авснаас МАХН Парламентын 76 суудлын 70 (92.1 хувь), Лесотогийн эрх баригч нам 65 суудлын 64-ийг нь авсан аж. Монголоос ялгаатай нь Лесотод сонгуулийн дүнгээс болж таван жил үргэлжилсэн иргэний дайн дэгдэж, олон зуун мянган хүний амь насанд хүрчээ.
Улс төрийн намууд нь хямралаас зайлсхийх гарц хайж олсон нь хувь тэнцүүлсэн-давамгайлсан холимог тогтолцоог сонгосон явдал байв. Харин Монголд мажоритар тогтолцооны хямрал харьцангуй хойно, аймшигтайгаар зад тавьсан нь 2008 оны долдугаар сарын 1-ний эмгэнэлт явдал гэж үзэж болно.
Сонгогчдын 56.9 хувийн санал авсан нам Парламентдаа 92 хувийн суудал эзэлснийг харсан ямар ч тэнэг хүн бидний саналыг шударга тоолсон байна гэж хэлэхгүй нь лав. Монголчууд уужуу тайван тулдаа л мажоритараар явуулсан таван удаагийн сонгуулийг тэвчиж өнгөрүүлжээ. Тэвчээрийн хязгаар алдарч, хүрсэн гамшиг нь монгол хүн бүрт, Монголыг Төв Азийн эрх чөлөөний арал хэмээн хардаг байсан дэлхийн улсуудад харамсал төрүүлсэн нь үнэн ажгуу.
Н.МАНДЕЛА БА АҮКН-ААС СУРАЛЦЪЯ
Мажоритар тогтолцоо нь улс төрийн намын төлөвшилд сайнаар нөлөөлдөггүй, сонгогчид сонгуулийн үр дүнд үл итгэх байдалд хүрч, тодорхой бүлгийн төлөөллийг хууль тогтоох байгууллагын гадна үлдээх нь нэн аюултай сөрөг үр дагаварт хүргэсэн тохиолдол олон гарч байсныг судлаачид хэлдэг.
IDEA буюу Ардчилал, сонгуульд туслах олон улсын хүрээлэнгээс гаргасан зөвлөмжид Лесото улсын туршлагаас суралцах зүйл байж магадгүйг манайханд сануулжээ. Сонгууль дөхөх тусам ирэх сонгууль өөрийнх нь намд ашигтай байх хувилбарыг эрх баригчид бусдадаа тулган хүлээлгэхийг оролддог нь нууц биш. Гэвч энэ нь ихэнхдээ ухаалаг стратеги биш байдаг гэж IDEA-гийн зөвлөмжид дурдсан байна. Ялангуяа хөгжиж байгаа орнуудын нэг намын богино хугацааны амжилт, ноёрхол нь урт хугацааны улс төрийн тогтолцооны задрал, нийгмийн эмх замбараагүй байдалд хүргэдэг.
Гэвч намын эрх ашгаас татгалзаж чаддаг улс төрийн хүчин байдаг юм байна. Африк тивийн аль нэг улсад хамгийн олон хөгжөөн дэмжигчидтэй хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн болно гэж хүн төрөлхтөн төсөөлөөгүй байж мэднэ. Тэгвэл 2010 онд дэлхий нийт Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс руу тэмүүлэв. Нельсон Манделагийн тэргүүлсэн Африкийн үндэсний конгресс нам (АҮКН)-ын гаргасан ардчиллын зам дэлхийн аваргын тэмцээнийг залж аваачжээ. 1994 онд ӨАБНУ шилжилтийн сонгууль зарлав. АҮКН өөрийн эрх ашгийг бодож, ялалтын төлөө тэчьяадсан аваас уламжлалт мажоритар тогтолцоогоор сонгуулийг явуулж болох байв.
Тэгсэн бол олон жил үргэлжилсэн улс төрийн хямрал, нийгмийн эмх замбараагүй байдал хэвээр үргэлжлэх байсан нь тодорхой. Гэвч АҮКН-ынхан хувь тэнцүүлсэн тогтолцооны аль нэг хувилбарыг авах нь зүйтэй гэж тууштай тэмцсэн ба уг тогтолцоогоор явуулсан сонгуулиар АҮКН санаанд оромгүй бага санал авсан.
Хамгийн ололттой нь, ухаалаг удирдагчийнхаа зоригтой алхмын дүнд ӨАБНУ урт удаан хугацааны тогтвортой байдлыг эх орондоо бий болгож чадсан юм. Сонгуулийн зөв тогтолцоог сонгож авсны дүнд энэ орон эдийн засгийн өсөлтөөрөө тивдээ тэргүүлж, дарийн утааг мартсан төдийгүй хөл бөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнийг эх орондоо амжилттай зохион байгууллаа.
Мажоритар тогтолцоог хэрэглэдэг хөгжилтэй орнууд гэвэл АНУ, Канад, Англи, Энэтхэг төдийхнөөр дуусдаг. Харин Монголтой адилхан мажоритар системээр ямар улсууд сонгууль явуулдгийг хараад ичив. Үсгийн дарааллаар цөөн хэдэн орон дурдвал, Ангуиль, Антигуа Барбуда, Бахама, Барбадос, Бангладеш, Белиз, Бермуда, Бирм /Мьянмар/, Күүкийн арлууд, Зимбабве, Уганда, Судан зэрэг их гүрнүүдийн колони байсан марзан нэртэй, хөгжлөөрөө сул дорой улс байх аж.
СОНГУУЛИЙН ХУУЛИЙГ ӨӨРЧИЛЖ ЧАДАХГҮЙ БОЛ УИХ-ЫГ ТАРААЯ
Болж бүтэхгүй улсын нэр дурдлаа. Тэгвэл манай улстөрчдийн сонгохоор зорьж байсан хувь тэнцүүлсэн тогтолцоогоор сонгуулиа явуулдаг хэдэн улсыг бас дуулгая. Австри, Дани, Люксембург, Латви, Норвеги, Турк, Польш, Чех, Швейцарь, Швед, Финланд, Эстони, ӨАБНУ гээд хөгжлөөрөө туйлах тийшээ явж буй улсын тоо үргэлжлэх нь. Сонгуулийн зөв системийг тогтвортой улс төр, эдийн засаг, нийгмийн хөгжлийн суурь гэж үздэг. Тэгэхээр бид уг чанартаа зөв тогтолцоо руу явж байж. С.Баярын тунхагласан таван төгөлдөршлийн нэг нь хувь тэнцүүлсэн тогтолцоо, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АН-ын дарга байхдаа үүний төлөө зогсож байсныг санаж байна.
2008 оны УИХ-ын сонгуулийн дараа МАН, АН хамтран ажиллах гэрээ байгуулахдаа мажоритараас хагацахаа амалсан юмсан. Гэтэл одоо сайхан мөрөөдөл маань МАНАН дунд сүүмэлзэх болов. Анх хувь тэнцүүлсэн хувилбарын төлөө УИХ-аас байгуулсан Ажлын хэсэг, Л.Болд нар төсөл боловсруулаад байсан юм. Гэтэл өнөөх нь холимог нэртэй болж, сонгууль ойртох сургаар мажоритар системээсээ эрх баригч намынхан маань салж чадахаа больж эхлээд байгаа дуулдах юм.
Энэ чинь ухаалаг стратеги биш гэж соёлтойгоор хэлье. Нэг, хоёр намын түр хугацааны ноёрхол улс оронд урт удаан хугацааны улс төрийн тогтворгүй байдал, нийгмийн эмх замбараагүй байдал бий болгодог гэдгийг бухимдалтайгаар дахин дуулгая. Намрын чуулган завсарлахыг, эсвэл зарим асуудлаа хойшлуулаад зорьж, харж байснаараа сонгуулийнхаа тогтолцоог шинэчлэхийг хүсье.
Түүнээс бус хаврын чуулганаар сонгуулийн асуудал руу орно гэвэл худлаа болж таараад байна. Өөрчлөхийн тулд тогтолцооны нөлөө, давуу болон сул талыг сайтар судалж улс орныхоо нийгэм, улс төрийн нөхцөл байдал, цаашдын хөгжлийн төлөвт тохирох эсэхийг тооцох гээд судалгаа, мэдээлэл, мэдлэгийг хууль тогтоогчдоос ихээр шаарддаг учраас үлдэж буй сар өдрүүд тун бага хугацаа юм.
Улс орныхоо эрх ашгийг умартаж, өчүүхэн биеийнхээ эрх мэдлийг бодно гэж байгаа бол УИХыг тараахын төлөө нийтээрээ тэмцье. Иргэний нийгмийнхэнд уриалмаар санагдана. Сар болгон жагсаал хийнэ гэл үү. Шаардаж байгаа зүйл чинь ч өчүүхэн жижиг юм билээ шүү. Том эрх ашгийн төлөө цогтой тэмцэцгээе. Тэгэхгүй бол 2012 оны долдугаар сарын 1 биднийг тосож байна.