Нийслэлийн төв хэсгийг утаагаар хордуулж буй гол буруутнаар 100 айл, Дэнжийн 1000, III хорооллын арын гэр хорооллынхон тодорч байна. Захын хорооллуудын утаа төвдөө “гай” хохирол багатайхан тэр хавиа л хордуулдаг аж. Улсынхаа өнгө зүсийг нийслэл нь илтгэнэ. Нийслэлийг төв хэсэг нь тодорхойлно. Тиймээс төв хэсгийг утаанаас салгах нь хамгийн чухал хэмээн Ерөнхийлөгчийн санаачилсан Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн төсөлд тусгажээ. Дээрх газруудыг хязгаарлалтын бүс болгоно.
Улмаар Налайхын нүүрсийг утаа багатайгаар, бүрэн шатаах чадвартай манай зохион бүтээгчдийн хийсэн зуухыг тэнд туршина. Түлшийг нь өөрчилнө, цахилгааны хэрэглээг нэмж, нүүрсийг хэрэглээнээс гаргана. Улмаар “үгэнд нь орсон” айлуудын цахилгааны шөнийн тарифыг хоёр дахин хөнгөлөх юм байна.
Мэдээж бусад хэсгийн гэр хорооллыг ор тас орхихгүй. Сэргээгдэх, газрын гүний эрчим хүч, хийн түлшний НӨАТ, гаалийн татварыг хөнгөлөх аж. Орон сууцжуулах гэх мэт том арга хэмжээг мэдээж Ерөнхийл өгч бодолцжээ. Гэхдээ төвөөсөө, бас багаас нь эхлэх хэрэгтэй гэж үзсэн юм байна.
Түүний санаачилсан хуулийн төслийг өчигдөр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороогоор хэлэлцлээ. Төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга танилцуулав. Утааг бууруулахад хяналт тавих Үндэсний хороо байгуулахаар төсөлд тусгасан юм.
Гишүүд энэ бүхнийг байдаг л нэг явуур муутай арга хэмээн үзэж байна. Гамшгийн хэмжээнд хүрчихсэн утааг багасгахыг тэд мэдээж дэмжсэн. Гэхдээ сууриар нь өөрчлөхг үй бол олон жилийн турш хотын болоод улсын төсвөөс хэдэн тэрбумаар нь зарцуулаад байхад л улам нэмэгдээд байдаг утаа багасахг үй гэж үзлээ. Улаанбаатарт биш орон нутагт жижиг, дунд үйлдвэр, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах цех байгуулбал төрөөс урамшуулж, татаас өгдөг тогтолцоо хэрэгтэй гэж Н.Ганбямба үзсэн.
Ингэснээр Улаанбаатарыг чиглэсэн их нүүдлийг зогсоох боломжтой гэнэ. Нийслэлд жилд орон нутгаас 20.000-30.000 хүн нүүж ирдэг гэсэн судалгаа бий аж. Манай нийслэлийн цахилгааны эх үүсвэрээр дахин 20.000 айлыг л халаах нөөц бий юм байна. Утааг багасгахад оруулсан хувь нэмрийг урамшуулахад 20-30 тэрбум төгрөг зарцуулна. Үүний эх үүсвэр бий аж. Нийслэлийн захаар гэрт амьдардаг айл тун ховор байдгийг төсөл санаачлагч ашгүй анзаарчээ. Гэхдээ л гэрийн дулаан бүрээс тараах тухай санаа төсөлд бий. Юутай ч байшинд голдуу амьдрагчдын түлшийг өөрчлөх замаар л утаатай хийх тэмцлээ үргэлжлүүлэх аж. Орон сууцжуулах хөтөлбөр нэг гарц мөн ч бас л өрөөсгөл хэмээн Д.Баттулга хэлэв.
“Гэр хорооллын нэг хашаанд 2-3 айл байдаг. Орон сууцтай боллоо гэхэд нэг айл нь л орно. Бусад нь хашаандаа нүүрсээ түлсээр үлдэнэ. Энэ бүхнийг нэг амьсгаагаар орон сууцтай болгоход хөрөнгө, цаг их хэрэгтэй. Тиймээс эхлээд хуулиа гаргаж, УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч хамтраад ажиллая” гэлээ. Нүүдлийг саармагжуулах, хотыг шилж үүлэх талаар нийслэлийн Засаг даргын Тамгын газар бодож, Ажлын хэсэг гаргажээ. Утаагүй, хатуу, коксжсон нүүрс үйлдвэрлэдэг компаниуд нэг тонныг нь 510.000 төгрөгөөр зардаг учраас энгийн айл өрхүүд авч дийлэхгүй байгааг сануулав.
Тэднийг үнээ буулгах цаг ирнэ хэмээн найдаж буй аж. Э.Бат-Үүл “Хөгжлийн банкаар дамжуулаад уул уурхайгаас олсон орлогоо гэр хорооллын иргэдэд урт хугацаатай, бага хүүтэйгээр зээл болгож олго. Тэгвэл тэд хашаандаа 10 давхар барилга барьсан ч болно.
Өөрийнхөө газарт өөрөө бизнес хийх учир иргэд дуртай хөдөлнө. Газартаа объект босгож байгаа учраас зээлээ төлж чадахгүй байлаа ч тэд аваад зугтахгүй. Зээлдүүлэгч хохирохгүй. Ингээд л гэр хорооллыг орон сууц, үйлдвэрийн бүс болгочих боломжтой” гэсэн санал хэлэв.
Энэ аргыг Ерөнхийлөгч, түүний багийнхан бас боджээ. Гэхдээ гэр хорооллынхонд “Хашаандаа барилгаа барь” гээд зээл өгөх гэхээр дэд бүтцийн асуудал үүсдэг аж. Халаалт, дулааны шугам байхгүй. Дэд бүтцийг төр л бий болгоно. Одоогийн нөхцөлд бол өнөөх барилгаа барихаар бүр л их нүүрс түлж, илүү том яндан ажиллуулах учир агаарын бохирдлыг хасах биш нэмэх болчихоод байгааг Д.Баттулга учирлав.
Энэ яриа эрчим хүчний V, VI, VII эх үүсвэрийг яаралтай барих шаардлагатайг гишүүдэд санууллаа. Одоо бол V цахилгаан станц барих талаар л яриа бий. Р.Буд “Зөвхөн нийслэлд санаа тавихаа болиоч. Мэдээж нийслэлийн дэд бүтцийг хөгжүүлэх ёстой. Эрдэнэт, Дархан, Төв аймаг руу дэд бүтцээ хөгжүүлье.
Ингэж хотын төвлөрлийг сааруулах хэрэгтэй” гэлээ. Гишүүд энэ мэтээр саналаа хэлж, төслийг хэлэлцэхийг дэмжлээ.