“Монголчууд бид удахгүй хөгжилд хүрнэ” гэж өөрсдөө хөөрч, гаднынхан түүнийг нь өлгөн авч бичээд л. Эдүгээ хөгжлийн “мөрөөдөл”-д л хөвж яваа. Гэхдээ хаана хүрэх юм бэ, юугаар очих вэ гэдэг нь тодорхойгүй. Бид “Монгол” хэмээх нэг л завин дээр сууж яваа хүмүүс.
Тиймдээ жилд нэг удаа цуглаж, хаана хүрэх, хэрхэн очих тухайгаа ярилцах индэр нь цаашид Монголын Эдийн засгийн форум болж байгаа юм. Төрөл бүрийн салбар 1000 хүнээ төлөөлөлөөр илгээн, тэд оногдсон сэдвүүдийн хүрээнд хөгжлийн шийдлийн тухай ярьж байгаа нь олзуурхууштай. Тэднээс 1000 биш гэхэд ядаж 100 санал гарч, түүнийгээ шигшин тунгааж Монголын хөгжлийн “газрын зураг” бэлэн болох юм. Гэхдээ ганцхан жил яриад түүнийг хийчихгүй. Жил бүр сайжруулаад явах нь.
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар өөрийн биеэр уг форумд оролцож буй нь тэд хайсан зүйлээ олохыг эрмэлзэж байгаа гэлтэй. “Монгол Давос” хоёр дахь өдрөө Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэнд - чилгээгээр эхэллээ. Түүний үг иргэдэд эрх өгөх, орон нутагт хөгжлийн ийм хурал хийдэг болох, уул уурхайг байгаль орчныг сүйтгэдэг бус, хөгжлийн мөр үлдээдэг болгох, шударга ёс гэх “баялаг”-ийг бүх шатанд тогтоох гэсэн өргөн санааг агуулж байв. Түүнчлэн уул уурхайн хөрөнгө оруулагчид мэдээллээ ил тод болгож, Засгийн газарт бус, олон нийтэд тайлагнадаг байх хэрэгтэйг тэрбээр онцоллоо.
ЭБЭХ-ийн сайд Д.Зоригт хэвлэлийн бага хурлын үеэр “Дэлхийн 12 орны хөрөнгө оруулалтын гэрээний харьцуулалт, Оюутолгойн төсөл Монгол Улсад ямар нөлөө үзүүлэх вэ гэсэн судалгаа хийсэн”-ээ дуулгав. Харин Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров эхлээд эдийн засгаа, дараа нь соёлоо хөгжүүлэх биш, хоёуланг нь хамт авч явах хэрэгтэйг ярилаа.
Түүний хэлснээр “Соёл бол зөвхөн гарлага биш, эдийн засгийн том салбар гэж дэлхий нийт харж байна. Нэг найруулагч кино хийгээд сард тэрбум доллар олж байгаа. Харин Монголын эдийн засаг тэлбэл манай уран бүтээлчдийн шилдгүүд дэлхийн тавцанд гарах боломжтой” аж.
Тиймдээ монгол хүний оюуны чадавхыг гаргахын тулд эдийн засаг, соёл урлагаа хамт ярих цаг болсныг санууллаа. Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун “Ямар ч улс бүх чиглэлээ хөгжүүлнэ гэж байдаггүй. Өөрсдийн тэргүүлэх чиг - лэлээ тодорхойлж байж хөгждөг” гэж тэмдэглэлээ. Энэ мэт олон санааг оролцогчид ярьж байна. “Монгол Давос” хөгжлийг олон талаас нь ярилцахыг зорьсон. Гэвч энэ зорилгодоо хүрч чадсан эсэ - хийг одоогоор дүгнэх боломжгүй.
Бид ерөнхий бус, тодорхой ярьж, ерөнхийгөөсөө тодорхой руу шилжих цаг болсныг ч форумын уур амьсгал мэдрүүлж байлаа. Тэгэхгүйгээр хэдий болтол бүтэхгүйг ярилцан цагаа барж, зовлон бэрхшээл бүрээ тооцож амьдрах вэ дээ.
Дөрвөн арванаар хэмжигдэх Давосын дэлхийн эдийн засгийн форумыг Монголд нутагшуулж буй хугацаа хоёрхон жил. Тиймээс жинхэнэ утгаараа “хөгжлийн цуглаан” гэгдэхэд бидэнд цаг хугацаа хэрэгтэй болно.
Г.Өлзийсайхан