УИХ-ын намрын чуулганаар Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийг шинэчлэн найруулж баталсан. 1993 онд баталсан уг хуулийг цаг үед нийцүүлэн өөрчлөх хэрэгтэй болсон байна. Энэ хуулийн талаар УИХ-ын Тамгын газрын Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн ахлах зөвлөх С.Доржхандтай ярилцлаа.
-Өмнө нь уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байсан ч шинэ харилцаануудыг хангалттай зохицуулж чадаагүй гэж үзсэн. Шинэчилсэн найруулгаар ямар өөрчлөлтийг тусгав?
-Тэмдэгтийн хураамжтай холбоотой эрх зүйн харилцаа, төрийн бүх үйлчилгээг нэгтгэн зохицуулсан. Иргэд төрийн ямар төрлийн үйлчилгээ авч, түүндээ хэдий хэмжээний хураамж төлөх талаар эндээс тодорхой мэдээлэл авна. Өмнө нь тэмдэгтийн хураамжтай холбоотой харилцааг тус тусын хуулиар, заримыг нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоож байсныг цэгцэлсэн. Мөн тэмдэгтийн хураамжийн хэмжээг инфляцын төвшинтэй уялдуулж шинэчлэн тогтоох хэрэгтэй болсон. Төрөөс олгох бүх төрлийн тусгай зөвшөөрлийг энэ хуульд тусгаж, түүнд ногдуулах хураамжийн хэмжээг тогтоолоо.
Өмнө нь тусгай зөвшөөрөл олгоход нийтдээ 12500 төгрөгийн тэмдэгтийн хураамж ногдуулж байсан. Тэгвэл одоо үйлдвэрлэл, ажил, үйлчилгээнийх нь онцлогоос хамааруулж ялгамжтай хураамж авна. Тухайлбал, банк байгуулах тусгай зөвшөөрөл олгоход 1.2 сая, үнэт цаасны зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, бүртгэхэд 33.000, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 100.000, их, дээд сургууль, коллеж байгуулах зөвшөөрөл олгоход 370.000, ашигт малтмал хайх, ашиглахтай холбогдсон үйл ажиллагаанд 50.000-7 сая, эм, эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж үйлдвэрлэх , худалдах, импортлох тусгай зөвшөөрөл олгоход 110.000 төгрөг гэх мэт хураамж төлөх юм.
-Иргэдийн төлөх хураамжийн хэмжээ хэрхэн өөрчлөгдөв?
-Иргэний бүртгэлийн үйлчилгээ, тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг бүртгэх, жолоодох, зөвшөөрөл олгох зэрэг шууд иргэнд хандсан төрийн үйлчилгээнд тэмдэгтийн хураамжийг шинэчлэн тогтоохдоо амьдралд нь ачаалал өгөхгүй байх зарчмыг баримталсан. Төрснийг бүртгэж, гэрчилгээ олгоход 220, гэрлэлтийг бүртгэж гэрчилгээ олгоход 300, иргэний үнэмлэх шинээр олгоход 3300, түүнийг алдаж, гээгдүүлсэн тохиолдолд дахин олгоход 25.000, иргэний үнэмлэхэд хаягийн өөрчлөлт хийхэд 200, авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ, ашиглалтын дэвтэр олгоход 550, газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг иргэнд шинээр олгоход оршин суугаа газрын алслалтаас хамаарч 6.000-20.000 төгрөг төлөх болсон.
-Энэ хуулийг тойрсон маргаан нэлээд байгаа. Тэмдэгтийн хураамж татвар мөн үү?
-Энэ бол иргэд, олон нийтэд төрийн байгууллага хуульд заасан үйлчилгээ үзүүлснийхээ төлөө тэднээс авч байгаа хураамж. Татварын нэг төрөл болохын хувьд түүний төрөл, хэмжээг тогтоох, өөрчлөх, хөнгөлөлт чөлөөлөлт, үзүүлэх харилцааг гагцхүү энэ хуулиар зохицуулна.
-Ямар төрлийн ажил, үйлчилгээнд хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлж байна?
-Тэтгэвэр, тэтгэмж, патент, зохиогчийн эрхтэй холбогдсон, шүүхийн зардал төлөхөөс чөлөөлөгдсөн иргэний нэхэмжлэл, ХЭҮК-оос гаргасан нэхэмжлэл зэрэг шүүхэд гаргасан зарим төрлийн нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө. Гадаадын иргэнд зарим төрлийн виз олгоход хураамжаас чөлөөлж, хөнг өлж байгаа.
Тухайлбал, Монгол Улсын иргэний гадаад улсын харьяатаас төрсөн 16 хүртэлх насны хүүхдийг, Монгол Улсын харьяатаас гарч гадаад улсын харьяат болсон гадаадын иргэнийг, гадаад улсаас Монгол Улсад суугаа өргөмжит консул, түүний гэр бүлийн гишүүдийг визийн хураамжаас чөлөөлнө.
Давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр үрэгдсэн, гэмтсэн баримт бичгийг дахин, өв залгамжлагчид эд хөрөнгө, хадгаламжийн дансанд байгаа мөнгийг өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгох, мэргэжлийн техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллага байгуулах зэрэг 10 гаруй нэр төрлийн үйлчилгээнд тэмдэгтийн хураамж авахгүй.
С.ТУУЛ