“Хөөрхий, монгол улстөрч. Цалингаас цалингийн хооронд мөнгөө үрэх завгүй, ер нь бол мөнгө төгрөггүй ядруухан амьтан”. Энэ одоо магтаал уу, шүүмжлэл үү? УИХ-ын гишүүн хувьдаа компанигүй, цалингаас өөр орлогогүйгээрээ рекламддаг байсан цаг өнгөрчээ. 2010 оны төсөв тэдэнд цалингаас гадуур хууль ёсны орлоготой ажиллах боломж олгосон. 2011 онд ч мөн адил, үүнээс хойш үргэлж ийм байна. Иргэд 21 мянгадаа дугаарлаж, төрийн түшээд нэг тэрбум 35 саятайгаа золгов.
Манай 76 энэ жил татвар төлөгчдөөс хоёр дахь 76 тэрбумаа авч байна. Түүгээрээ тойрогтоо юу хийх нь дурын хэрэг. Овоо тахиулж, суварга босгож, ном хуруулж ч болно. Үүнийхээ төлөө Засгийн газрыг зад загнах эрх нь бий. 2010 оны 76 тэрбумын задаргааны албан бус тайланг мөшгиж үзвэл эмгэнэлт инээдмийн төрөлд тэсрэлт болохоор жүжгийн санаа төрөөд явчихав. 76 тэрбумаас гадна хууль санаачилж, сурталчилсныхаа төлөө УИХ иргэдийнхээ халааснаас гурван тэрбумыг авах болсоор мөн л хоёр дахь жилтэйгээ золгож байна. Хуулийн төсөл санаачиллаа 20 сая, “УИХ хууль баталсан” гэж хэлээд 10 сая, гадаадын туршлагыг чагнахад таван са 76 тэрбум дээр нэмэх нь гурван тэрбум тэнцүү 79 тэрбум төгрөгийг 2011 оны төсөвт суулгасан нь хаягт данс руугаа шилжив.
Чуулганы завсарлагаар тойрогтоо ажилласан гишүүд эхний нүүрийг нь өөрийнхөө хөргөөр чимсэн сайн чанарын цаастай, өнгөт сонин сэтгүүлээр сонгогчдоо “дайлсныг” хараа биз дээ. Хууль сурталчлах 760 сая төгрөг “урсаж” эхэлсэн нь тэр.Ийнхүү УИХ-ын гишүүн тус бүр хууль боловсруулж, батлах үндсэн ажлынхаа төлөө цалингаас гадуур жилд 35 сая төгрөг авсаар байна. Үүн дээр унаа, утас, томилолт зэрэг зардлыг төсвөөс гаргуулдгийг нь тооцвол УИХ-ын нэг гишүүн жилд 100 орчим сая төгрөгийн орлоготой.
Нэгнийхээ санаачилсан хуульд найзан дундаа нэрээ шургуулахад л 20 саятай болцгоож байгаа биз дээ? “Мань чинь ажлын хэсэгт нь орчихъё л доо” хэмээн Шрекийн муурынх шиг өрөвдөлтэй нүд гарган гуйж яваа эрхмүүд олширсон тухай Төрийн ордныхон шивнээд байгаа шүү. Зарим нь гуйж явахад, мэдлэг туршлагаараа гуядаж авдаг гишүүд байдгийг ч үгүйсгэхгүй. УИХ-ын гишүүн хууль бусаар биш, хууль ёсоор мөнгө хийхийн “ариун” жишээг 2008-2012 оны Парламент эхлүүллээ. Монгол Улсын Засгийн газар УИХ-д мөнгө хуваарилсан төсвөө хэл ам багатайхан батлуулж дөнгөсөнд гайхах юун.
Парламентын засаглалын гол хэв шинжийн тухай ярих хэрэг одоо байна уу? Засгийн газар сайд нарынх нь танхимыг хянадаг Парламентынхаа гишүүдэд мөнгө хуваарилсан төсвийн төсөл зэхээд босгоор нь алхаж байна гэдэг өөрөө улс төрийн авлигын шилжсэн хувилбарт тооцогддог. Энэ хандлагаас харвал УИХ-ын гишүүдийн цалингаас гадуурх орлогыг үнэмлэхүй нэмсэн төсвийг ажил хэрэгч шийдвэр гэхээсээ Хамтарсан Засгийн газрын арга заль гэж үздэг хүмүүс үнэний ортой сануулга хэлж байх шиг.
Нөгөө талаар, гишүүний цалин, хангамж тааруу гэгдэж байсан өмнөх Парламентуудад, түүнчлэн одоогийн УИХ-д ч 2010 оноос өмнө төрийн түшээг улс төр, эдийн засгийн бүлэглэлийн “кнопчин” болгоход, өөрөөр хэлбэл түүнийг худалдан авахад хялбар байж. Гишүүдийн дотор “кнопчин” хочтой, бусдын түрийвчнээс горьдсон “өрөвдөлтэй” улстөрч байдгийг татвар төлөгчдийн мөнгөнөөс жил бүр гишүүн тус бүрт зарцуулж буй 100 орчим сая төгрөг бүрэн шийдээсэй билээ. Ард түмний мөнгөнд цадахгүй бол УИХ-ын сонгуульд дахин дэвшээд хэрэггүй шүү. “Хөөрхий, монгол улстөрч. Цалингаас цалингийн хооронд мөнгөө үрэх завгүй, ер нь бол мөнгө төгрөггүй ядруухан амьтан”.
Өрөвдүүлэх тактик үеэ өнгөрөөлөө. УИХын гишүүд одоо мөнгөтэй болсон. Сайн ажиллах үүргээ хэрхэн биелүүлж байгааг нь сонгогчид, татвар төлөгчид харъя.
Б.ЭНХЦЭЦЭГ