Монголд улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 90 жил, Эх орончдын баярын өдөр МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболд намуудын дарга нарыг хүлээн авч уулзсан юм. Тэгэхдээ улс орны өмнө тулгамдсан асуудлаар үе үе уулзаж байр суурь, үзэл бодлоо хуваалцаж ажил хэрэгч яриа өрнүүлж байхаа амласан билээ. МАН-ын дарга хэлсэндээ хүрч, эхнийхээ “нүүдлийг” хийв. “Шуудхан хэлэхэд өнөөгийн нэг танхимтай 76 гишүүнтэй УИХ энэ хэвээр байгаад эрх мэдлийн хуваарилалтаа боловсронгуй болгох, эсхүл Парламентат ёсоо улам хөгжүүлж гишүүдийн тоо, танхимын зохион байгуулалтыг боловсронгуй болгоход чиглэсэн алхам хийх үү” гэсэн асуултыг С.Батболд тавиад, бусдыгаа хүлээлгүй өөрийн саналыг илэрхийлэв.

"Миний хувьд Монгол Улсын үндэсний язгуур эрх, ашиг сонирхол, үндэсний аюулгүй байдлын дархлаа, ардчиллыг улам төгөлдөржүүлэх, улс төрийн тогтвортой байдлыг хангах, нийгмийн зөвшилцлийг бий болгож чадах хууль тогтоох байгууллага бол хоёр танхимтай Парламент байж болох юм гэсэн саналыг та бүхний өмнө дэвшүүлж байна” хэмээн тэрбээр зориг гаргалаа.
Хэн гуай ч, аль ч нам барьж авч зүрхлээгүй энэ асуудлаар ярихын тулд улс төрийн намуудыг ялгаварлалгүй дуу хоолойг нь сонсох нь чухал гэж үзжээ. Шинэчлэл хийхийн тулд нийгмийн зөвшилцөл хэрэгтэй. Монголчууд үг хэлээ ололцож ирсэн уламжлалтай. 1990 оны ардчилсан хувьсгалыг тайван, нийгмийн зөвшилцлийн замаар хийснийг МАН-ын дарга онцлов.
Түүний санаачилсан “Парламентын шинэчлэлд намуудын үүрэг, оролцоо” уулзалт Төрийн ордонд өчигдөр болж, дээр өгүүлсэн сэдвийн хүрээнд яриа өрнөлөө. МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, АН-ын дарга Н.Алтанхуяг, УИХ дахь бүлгийн нь дарга Ч.Сайханбилэг, МАН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн Э.Бат- Үүл, Х.Тэмүүжин, Ц.Мөнх-Оргил, НН, ИЗН, БНН, МУНН, МСДН, ҮШН-ын дарга Д.Энхбат, С.Оюун, Б.Жаргалсайхан, Б.Батболд, А.Ганбаатар, Ц.Цолмон болон М.Энхсайхан нарын өмнө микрофон нээлттэй байв.
Хөдөлмөрийн баатар, гавьяат хуульч Б.Чимэд, УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нарт тэдний яриа сонсууштай санагдсан бололтой. Ажиглагчийн суудалд тухалсан байв. Парламентын шинэчлэлийг хөндөхдөө УИХ хоёр танхимтай байх, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, Сонгуулийн тогтолцоогоо боловсронгуй болгох ёстой гэсэн гурван үндсэн асуудалд улстөрчид анхаарлаа хандуулав. Хэлэлцүүлгийг УИХын гишүүн Су.Батболд хөтлөн явууллаа.
Парламент зөвшилцлийг эрхэмлэх ёстой гэдэг дээр Н.Алтанхуяг хатуу зогсож байна. Олонх, цөөнхийн дарангуйллаас салах цаг болсныг дуулгаад, Засгийн газрыг гадна, дотроос нь хатгасаар байгаад огцруулдаг хэврэг тогтолцоонд тэрбээр шүүмжлэлтэй хандаж байна лээ. Гэхдээ би өөрөө сайд учраас ингэж ярьж байгаа юм биш шүү. Энэ нь төрийн төлөвшил, зөвшилцлийг эрхэмлэхэд тустай гэсэн санааг АНын дарга дэвшүүлэв. Эдийн засгийн шинэчлэлийн бодлогоос улс төр, захиргааны шинэчлэл хоцрох хандлагатай байна гэсэн МАН-ын даргын үгтэй С.Оюун санал нэг байна. Сонгуулийн тогтолцооны тухай арав гаруй жил ярилаа. Тогтолцоогоо шинэчлэхгүйгээр Парламентын шинэчлэлийн тухай ярих боломжгүй. Олон намын тогтолцоог Үндсэн хуулиараа тунхагласан хэрнээ сонгуулийн хууль нь түүнийхээ эсрэг байдаг. Олонхийн дарангуйллаас татгалзах нэг хэлбэр нь Парламентын хоёр танхимтай байх хувилбар, энэ бол зөвшилцлийн хэлбэр байх юм гэж ИЗН-ын дарга байр сууриа илэрхийлэв.
Харин НН-ын дарга Д.Энхбат 2012 оны сонгуульд намууд мөнгө амлахгүй гэсэн уриалгыг уг уулзалтаас гаргахыг санал болгов. Түүнийг нь Н.Алтанхуяг дэмжиж байлаа. Сонгуулийн шинэчлэлийг хийж чадвал мөнгөний хүчин зүйл багасна гэдгийг харин бүгд зөвшөөрөв. Үндсэн хууль, Сонгуулийн хуулиа өөрчлөе гэсэн эрүүл саруул үзэгдлийн тухай ярьж байгаа энэ үедээ улс төрийн эр зориг гаргаад хаврын чуулганаар пропорциональ элемент бүхий сонгуулийн хуультай болоод авъя гэж ННын дарга хэлэв. Эрх баригч намын дарга нь санаачлаад эмзэг хэдий ч тун чухал асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулж байгаад М.Энхсайхан олзуурхаж буйгаа илэрхийлэв. Үндсэн хуулийн шинэчлэл ярихг үйгээр Парламентын шинэчлэлийн тухай ярих боломжгүй гэж тэрбээр үзэж байна.
М.Энхсайхан: -Манай Үндсэн хууль Араб, Африкийн Үндсэн хуультай төстэй болсон. Колончлолоо алдахгүйн тулд Европын улсууд нэгдмэл холбоо байгуулж (Европын холбоо), Араб, Африкийн орнуудад Парламентын нэг танхимтай байхаар Үндсэн хуулийг нь бичиж өгч батлуулсан. Харин тэд 50 жилийн дараа хувьсгал хийж байна. Монголчууд 20 жилийн дараа хувьсгал хийх тухай ярьж байна. Хүссэн хүсээгүй Монгол Улс Парламентын хоёр танхимтай болно. Ингэснээр бүс нутаг, нийгмийн гарал, үндэстний төлөөлөл хангагдах, хууль, үндэсний эрх ашгаа дээдлэх давуу талтай. Э.Бат-Үүл ардчиллын өмнө хүлээсэн үүрэгтэйн хувьд хоёр танхимын тухай олон жил ярьж байгаа байх. Эсвэл энэ нь АН-ын бодлого уу гэдгийг асуумаар байна. Үндсэн хуулийн “улаан хамгаалагч”- ид бий. Тэднийгээ давж гарч чадах уу гэж МАН-аас бас асуумаар байна. Парламентын шинэчлэл хийх эр зориг МАН, АН-аас гарна гэдэгт эргэлзэж байна. Чадахгүй бол Араб, Африкийн орнуудын хувь заяа Монголыг хүлээж байгаа.
Б.Батболд:-Монгол Улс системийн хямралд орсон. УИХ-д мэдэхгүй юм байхгүй. Сонгуулийн хуулийг МАН, АН-д биш Монголд ашигтай байдлаар батлаарай.
Д.Лүндээжанцан: -Муу л бол баруун хойд талын бор овоохой гэгчээр УИХ шүүмжлэлийн бай болдог. Парламентын шинэчлэл ярихаар Сонгуулийн хууль руу ороод явчихдаг. Намуудын дарга нар УИХ-д өргөн барьсан төслийг маш сайн унших хэрэгтэй. Парламент-сонгуулийн тогтолцоо үй зайгүй холбоотой юм байна. Үндсэн хуулийг боловсронгуй болгох арав гаруй зүйл бий. Тэр талаар улс төрийн намууд эр зориг гаргаад ярилцъя. Хоёр танхимтай байхын ач холбогдлыг ойлгож байна. Та бүхэн санаа оноогоо гаргаад ирвэл бичиг цаасны ажилд нь морь, нохой мэт зүтгэхэд бэлэн байна.
Ч.Сайханбилэг: -Энэ уулзалтад ихээхэн ач холбогдол өгч байгаа учраас дараагийн хэлэлцүүлгийг АН зохион байгуулахад бэлэн байна. Парламентын шинэчлэлд мажоритар тогтолцоо нэрмээс болно. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага бий ч Нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль батлагдсанаас хойш хувь гишүүд төсөл өргөн барих болсон. Үүнд болгоомжтой хандах хэрэгтэй.
У.Хүрэлсүх:-Өнгөрсөн 20 жилд Үндсэн хууль үүргээ сайн биелүүлсэн. Харин одоо цаг, ирээдүйдээ нийцүүлж өөрчлөх цаг болжээ. Нийгмийн зөвшилцлийн төлөө Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эр зориг бидэнд байгаа гэж М.Энхсайхан даргын асуултад хариулмаар байна. Хоёр танхимтай тогтолцоо руу шилжих нь зөв гэсэн бодол байдаг. Дээд танхимаас Ерөнхийлөгч, Ерөнхий шүүгч, Прокурорыг сонгодог болчихвол улс төрийн нөлөөнөөс гарна. Төлөөллийн танхимтай байх нь Парламент, ардчиллын алтан зарчим юм билээ шүү.
Ц,Цолмон:-Гадаад хүчин зүйлээс болж хоёр танхимтай Парламенттай болох шаардлагын талаар Э.Бат-Үүл, М.Энхсайхан нарын хэлсэнтэй санал нэг байна. Энд гарсан санал, санаачилгыг нэгтгэж боловсруулах Ажлын хэсэг байгуулаад дахиж ярилцах саналтай байна. Ажлын хэсгийг МАН-ын даргаар ахлуулъя.
Э.Бат-Үүл:-1992 онд Үндсэн хуулийг батлахдаа Монгол Улс ийм их баялагтай гэдгээ мэдээгүй. Судлаачид манай Үндсэн хуулийг сайн гэдэг ч асар их баялгийн өмнө сорилтод орно гэсэн нь үнэн юм байна. Эцсийн эцэст баялгийн солиорол Үндсэн хуульд өөрчлөлт оруулах үндсийн үндэс болж байгаа юм. 76 гишүүн цөөн байна. Тэд хуйвалдаад авлигад автах магадлал өндөр. Тийм учраас ард түмний хяналт хэрэгтэй. Миний яриад байгаа АИХ төлөөллийн танхим байх юм.
Болзошгүй аюулаас сэрэмжлэхийн тулд энэ сэдвээр, чин сэтгэлээсээ хаалттай ярилцмаар байна. Шууд сонгож бус АИХ-аас байгуулсан учраас төрийн бодлогыг гуйвалтгүй тодорхойлох нэг сайн чанар УБХ-д байсан юм. Одоо бол дахин сонгогдох улс төрийн зорилгоор нийгмийг бэлэнчлэх сэтгэлгээнд автуулж байна. Улстөрчид ийн ярьж байна. Парламентын хоёр танхимтай байх зарчмыг улс төрийн хүрээнд дэмжих магадлал өндөр байгаа нь эндээс харагдлаа. Тэгэхийн тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь гарцаагүй.
Төлөөллийн ардчиллыг жинхэнэ утгаар нь хангасан Дээд танхимтай байна гэвэл сонгуулийн тогтолцоонд пропорциональ элемент давамгайлж таарах юм. Тэгэхээр сонгуулийн шинэчлэл бас зайлшгүй зүйлийн нэг болж байгаа юм. Парламентат тогтолцоогоороо хэзээ ч оролдохгүй гэдгийг ч бүгд хэлж байна. Энэ мэтээр улс төрийн томоохон өөрчлөлт шинэчлэлтийн талаар зоригтой, тод дуугарлаа.
Манай иргэдийн ардчилал, чөлөөт эдийн засгийг дээдэлсэн нийгмийн талаарх төсөөлөл өнөөдрийн бодит байдлын хооронд ямар нэгэн хэмжээгээр зөрүү үүссэн. Үүнийг ойртуулах, нийлүүлэх, эдийн засгийн шинэчлэлийн бодлогоос хоцорсон улс төрийн шинэчлэлийг урагшлуулахад “Парламентын шинэчлэлд улс төрийн намуудын үүрэг, оролцоо” уулзалт түлхэц боллоо хэмээн дүгнэж болохоор санагдав. “Эндээс Ажлын хэсэг байгуулъя. Томоор сэтгэж, нүүр нүүрээ харж сэтгэлээ нээж ярилцаж байя. Санал санаачилгыг минь зөвөөр дэмжээрэй” хэмээн МАН-ын дарга С.Батболд хүслээ
Го.ЭНХТӨР