Хоёр танхимтай Парламентын талаар ярьж эхлэв. Намуудын дарга нарын анхны уулзалт амжилттай боллоо. УИХ-д суудалтай МАН, АН, ИЗН, НН-аас гадна ҮШН, МУНН, МСДН, БННын удирдлага МАН-ын даргын санаачилгыг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. УИХ Дээд, Доод танхимтай байх саналыг гаргаж тавихдаа тодорхой хүрээнд судалгаа, шинжилгээний ажлууд хийсэн байж таарна. Үндсэн шалтгааныг нь МАН-ынхан гадаад, дотоод хүчин зүйлээс болгоомжлох үүднээс гэсэн утгаар тайлбарлаж байгаа юм. Энэ талаар Э.Бат-Үүл бүр тодорхой хэлдэг. Тэрбээр 1992 оны Үндсэн хуулийг батлахдаа бид баян гэдгээ мэдээгүй байсан.
Гадаадын судлаачид манай Үндсэн хуулийг сайн гэдэг ч их баялгийн өмнө хүнд сорилтод орох “эд” гэсэн зүйл яриад байгаа. Түүнтэй АН, МАН-ынхан санал нэг байгаа бөгөөд Парламентыг дархлаатай болгох, гаднын нөлөөллөөс хамгаалахад хоёр танхимын тогтолцоо эерэг нөлөө үзүүлнэ гэсэн байр суурьтай байгаа. Өнөөдөр Монголд урьд байгаагүй ихээр мөнгө “цутгаж” байна. Оюутолгой, Тавантолгой зэрэг дэлхийд толгой цохих ордуудаас дутахгүй нөөц, олох ашгаараа илүү ордууд илэрсээр байна.
Харийнхан энэ бүхэнд эзэн суухын тулд лообий хийнэ. Парламент нь 76-хан гишүүнтэй юм чинь авлигын торонд нэг мэдэхэд л гүйгээд орчихно. Гаднын хүчин зүйл хийгээд Үндсэн хуулийг сорилтод оруулж байгаа юм нь энэ аж. Хоёр танхимтай болох дотоод хүчин зүйл нь үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор улс төрийн намууд, иргэний хөдөлгөөн, төрийн бус байгууллага, үндэстний цөөнх гэх мэт нийгмийн бүхий л төлөөллийг Дээд танхимдаа багтааж эвтэй байхдаа хүчтэйг гаднынханд мэдрүүлэх явдал бололтой.
76 гишүүнтэй Доод танхим нь (хоёр танхимтай болсон тохиолдолд одоогийн УИХыг УБХ гэх магадлалтай) хууль тогтоох эрхээ эдэлнэ. Авлигад автаж, үндэстний эрх ашигт хортой шийдвэр гаргасан тохиолдолд Дээд танхимын олонхийн шийдвэрээр буруутай гиш үүдийг татаж гаргах, УИХ-ыг тарааж сонгууль зарлах эрх ч эдэлж мэдэхээр байгаа. Онцын эрх мэдэлгүй Ерөнхийлөгчийн сонгуульд төр, нам их хэмжээний хөрөнгө цацаж, монголчууд “адгийн муу” хоёр хүнээс болж талцахаараа нэг болдог. Нэг нь сонгогддог. Тэгэнгүүтээ хараат бус байх ёстой шүүх, прокурорын удирдлагыг улс төрийн үзэл бодол, намын гарвалыг нь харгалзаж халж, сольж, томилгоо хийдэг.
Энэ ёс бус байдлыг халахад Дээд танхим чухал ач холбогдолтой юм байх. Тэндээс Ерөнхийлөгчийг сонгож, Ерөнхий шүүгч, Прокурор, АТГ-ын дарга зэргийг томилж, чөлөөлдөг байхыг үгүйсгэхгүй. “Парламентын шинэчлэлд намуудын үүрэг, оролцоо” уулзалтын үеэр МАН-ын ерөнхий бичгийн дарга У.Хүрэлсүх энэ санааг илэрхийлэв. Хоёр танхимын төлөө тууштай явдаг, ардчиллын өмнө том хариуцлага үүрсэн Э.Бат-Үүлийн хувьд УБХ-ыг Доод танхимын сонгодог жишээгээр дурдаад байгаа юм. Энэ нь ирээдүйд бий болж мэдэх Дээд танхим (АИХ гэж нэрлэх хүслээ Э.Бат- Үүл хэлсэн)-аас УБХ-ыг байгуулах хэрэгтэй гэсэн үг байх. Тэгэхээр Дээд танхим 400 гаруй төлөөлөгчтэй байж таарах нь .
Эх сурвалжуудаас авсан мэдээллээр хоёр танхимтай Парламентыг дүрслэхэд нэг иймэрхүү зураг бууж байна. Одоохондоо улс төрийн намууд хоёр танхимтай Парламентын талаар дуу нэгтэй байгаа. Гэхдээ Дээд, Доод танхимын эрх, чиг үүргийн талаар бодож төлөвлөсөн зүйл байхгүй гэсэн. Саяын уулзалтаас Ажлын хэсэг байгуулж, тэнд ярьсан санаануудыг эхлээд цаасан дээр буулгах юм билээ. Гэхдээ нэг зүйл тодорхойгүй байгаа юм.
2010 оны сүүлчээр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5.2.2-т “Үндсэн хуулийн Хоринхоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулж үл болно” гэсэн заалт байна. Үндсэн хуулийн энэ хэсэгт “Улсын Их Хурал нэг танхимтай, далан зургаан гишүүнтэй байна” гэсэн өгүүлбэр бий. Асуудал ч босох нь дээ.
Го.ЭНХТӨР