Монголын Парламентын сэтгүүлчдийн холбоо (ПСХ), УИХ-ын Тамгын газар хамтран “Парламентын сэтгүүлчдийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт бага хурлыг өчигдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагууд, УИХ-ын зарим гишүүн, судлаачид, төрийн бус байгууллагын төлөөлөгчид бага хуралд оролцов. Сэтгүүлчдэд учирдаг гаднын нөлөө, хяналт, аль алиных нь ёс зүй, ур чадварыг талууд голчлон ярилцав. Ажиллах орчин, мэдээлэл авах эрх чөлөө, нийгмийн асуудлыг ч хөндлөө.
Төрийн бодлогыг олон нийтэд зөв, бодитой хүргэх, иргэдийн саналыг хууль тогтоогчдод уламжлах гүүр болж ажилладаг учир парламентын сэтгүүлчид илүү хариуцлага хүлээдэг. Гэвч туршлага, ур чадвар багаас болж төрийн бодлогыг олон нийтэд ташаа мэдээлэх, буруу ойлголт өгөх явдал гарч байна хэмээн Тамгын газар, гишүүдийн зүгээс шүүмжлэлтэй хандав. Мэдээлэл олж авах эрх, эрх чөлөөний тухай хуулийг яаралтай баталж, ажиллах орчныг эрх зүйгээр баталгаажуулах хүсэлтийг сэтгүүлчид тавилаа.
УИХ-ын Тамгын газар, Жендерийн тэгш байдлын үндэсний хороо, Сангийн яамтай ПСХ хамтран ажиллах гэрээ байгуулж, сэтгүүлчдээ сургах, мэргэшүүлэх талаар ажиллаж буйг холбооны тэргүүн Ж.Алтангэрэл онцлов. Өнгөрсөн онд 60 орчим сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан оролцсон судалгааг ПСХ-ноос хийжээ. Парламентын сурвалжлагчдын 40 хувь нь 3-5, 40 хувь нь 6-10, багахан хувь нь 12-15 жил, эсвэл зургаан сараас нэг жил ажиллаж байгаа төдийгүй 26-30 насныхан зонхилж буй аж.
Тэдний 70 хувь нь гэр хороололд, 30 хувь нь орон сууцанд амьдардаг гэнэ. Гэхдээ дөрвөн хүн л өөрийн гэсэн орон сууцтай юм байна. Хэдэн цагийн турш үргэлжилсэн хэлэлцүүлэг болоход 76 өөр үзэл бодлоос шүүж, тухайн асуудлын голыг олж мэдээлэхэд ур чадвар шаардах нь мэдээж. Тиймээс ч Парламентын сэтгүүлчдийн ажлыг “оюуны хүнд хөдөлмөр” гэж үзэв. Тамгын газрын зүгээс Төрийн ордонд Парламентын сэтгүүлчдэд зориулсан тусгай өрөө гаргаж, компьютер, техникээр тоноглосноор мэдээллээ шуурхай дамжуулах боломж бүрджээ.
Цаашид олон улсын жишгийг дагаж, өндөр технологи бүхий тусгай танхимаас чуулганы хуралдааны дүрс зэргийг дамжуулдаг болгохоор төлөвлөж буй аж. УИХ-ын гишүүн Р.Амаржаргал сэтгүүлчийн хувийн үзэл бодол, редакцын байр суурьтай зөрчилдс өн тохиолдолд хэрхэхийг сонирхов. Ардаа эрх мэдэл бүхий эзэнтэй, түүнийхээ бодлогоор ажилладаг хэвлэлийн байгууллагад л биш бол ийм зөрчил нэг их гардаггүйг сэтгүүлчид түүнд ойлгуулав. Харин “Глоб интернэйшнл” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Наранжаргал сэтгүүлчдэд редакцын нөлөө, цензур их байдаг гэсэн байр суурьтай байв. ПСХ ажиллаж, бага хурал зохион байгуулан талуудын саналыг сонсож буй нь сайн хэрэг гэж олон хүн үнэллээ.
УИХ-ын гишүүн Н.Ганбямба “Олигархиуд хэвлэлийн байгууллагыг атгачихсан, чөл өөт хэвлэл Монголд байхгүй” гэсэн бол “Монголын үнэн” сонины ерөнхий эрхлэгч Ц.Ганбат үүний эсрэг байр суурьтай байлаа. Тэрбээр “Монгол шиг нээлттэй Парламенттай улс дэлхийд байхгүй. Манайх намын сонин хэдий ч хэнийг ч шүүмжилдэг” гэлээ. Тэдний маргаанд УИХ-ын Тамгын газрын Судалгааны төвийн дарга Д.Норовдондог илтгэлээрээ хариулсан.
Хууль тогтоох байгууллага, Парламентын сэтгүүл зүйн онцлогийн талаарх АНУ, Австрали, Герман, Франц зэрэг орны туршлагыг тэр судалжээ. УИХ шинэ оны заагаар Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан баталж, Байнгын хороодыг хаалттай болгосон. Улмаар мэдээлэл олж авах эрхийг хаасан шийдвэр нь хэвлэлийнхний хүчтэй эсэргүүцэлтэй тулж, түүнийг цуцалсан. Тэгвэл хэвлэл мэдээллийн байгууллага, УИХ хооронд үүсдэг ийм маргааныг Австралид Парламентын үйл ажиллагааг телевизээр мэдээлэх тухай хуулиар зохицуулдаг байна.
Байнгын хороодын хуралдаан Шинэ Зеландад сонсголоос бусад үед хаалттай бол Японд санал хураах болохоор сэтгүүлчдийг танхимаас гаргадаг аж. Гишүүд, сэтгүүлчгүй ёс зүй, үүргээ ухамсарлаж, хамтран ажиллах хэрэгтэй гэсэн ойлголцолд хүрснээр бага хурал өндөрлөв. Хурлын төгсгөлд УИХ-ын Тамгын газар, Парламентын сэтгүүлчид, холбоо, холбогдох зарим байгууллагад хандсан зөвлөмж гаргалаа.
С.ТУУЛ