УИХ-ын хаврын чуулган өчигдөр эхэллээ. Хөдөө, гадаа амарсан, тойрогтоо ажилласан түшээд цуглаж, уулзалгүй удсаныхаа амрыг эрцгээв. Уламжлал ёсоор чуулганы нээлтэд гадаад улсаас манай оронд суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдууд оролцсон. УИХын дарга Д.Дэмбэрэл хуралдааныг нээж үг хэлэв. Ерөнхийлөгч цаазын ялыг халах тухай жилийн өмнө чуулганы индэр дээрээс хэлж, шуугиан дэгдээж байсан бол энэ удаа юм ярьсангүй. Үндсэн хууль, Сонгуулийн хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, Төсөв, Бүсийн нэмэгдлийг шийдэх гэх мэт хаврын чуулганаар зайлшгүй шийдэх асуудал бийг УИХ-ын дарга тодруулав.
Түүний чухалчлан авч үзсэн жагсаалтад Мэдээлэл олж авах эрх, эрх чөлөөний тухай хууль багтжээ. Олон Парламент дамнан тоосонд дарагдаж буй уг төслийг тэрбээр үгэндээ онцолж, “мартаагүй” гэдгээ хэвлэлийнхэнд сануулахыг хүссэн бололтой. “Үндсэн хуульд заасны дагуу иргэд нууцад хамаарахаас бусад мэдээллийг олж авах эрхтэй. Мэдээлэлтэй байж иргэд төрийн ажилд оролцоно, үйл ажиллагааг нь хянана. Тиймээс уг хуулийг хаврын чуулганаар батлах ёстой” хэмээн нэг ёсны амлалт өгөх нь тэр.
Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа Монгол Улс Парламентын засаглалтай байхаар тунхагласан Үндсэн хуулийн тулгуур зарчмыг хадгалан, ард түмний төлөөллийн байгууллагын ардчилсан шинж чанарыг улам бэхжүүлэх, төрийн дээд байгууллагуудын уялдаа холбоо, харилцан хяналт, эрх мэдлийн тэнцвэрийг хангах ёстой гэлээ. Мөн иргэндээ үйлчилдэг, хууль дээдэлдэг, хариуцлагатай, нээлттэй төрийн тогтолцооны шинэчлэлийг эрх зүйн “хувьсгал”-аар шийдэх боломж бийг онцлов.
Сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг аль нэг намын ашиг сонирхолд биш нийтэд хүртээмжтэй байдлаар гаргах ёстой. Оюутолгой, Тавантолгой зэрэг бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг хэрэгжүүлж эхэлсэн учир түүнийг дагасан хотжилт, дэд бүтцийн асуудлыг хамт шийдэх ёстойг ч сануулав. ИРЦ 93.4 ХУВЬ БАЙЛАА Онцгой тохиолдолд УИХ-ын гишүүдийн ирц өндөр байдаг ёсоор энэ өдөр 71 гишүүн чуулгандаа суув.
Энэ нь тэдний 93.4 хувь нь оролцсон гэсэн үг. Чуулганы нээлт, хэн нэгнийг суудлаас нь огцруулах, эсвэл улсын төсөв хэлэлцэн батлах гэх мэт үед л ирц иймэрхүү байдаг юм. Чуулганы танхимд Э.Бат-Үүл, Д.Дамба-Очир, Л.Болд нарын таван хүний сандал эзгүй байв. Олон сар өвчтэй байсан Ц.Дашдорж ажилдаа иржээ. Тэрбээр удаан хугацааны турш эмчилгээ хийлгэж байсан юм. Төрөө хүндэтгээд ажилдаа ирсэн ч эрхэм гишүүний бие сайнгүй бололтой байна лээ.
ШИНЭ НАМ БАЙГУУЛСНАА “ТУНХАГЛАВ”
Чуулганы танхимын үүд хавиар суудаг гуравдагч хүчний төлөөлөл хоёр гишүүн, бие даагч З.Алтай нар энэ удаа “нэг цул” болсноороо ялгаатай байлаа. Иргэний зориг, НН хоёр нэгдсэн. З.Алтай ч дэмжигч гишүүнээр ажиллахаа илэрхийлсэн. Тиймээс тэднийг албан ёсоор нэг баг болсон гэж үзэж болох. Эрхэм гишүүд ширээн дээрээ “ИЗ-НН” гэсэн бичиг тавьсан байлаа.
ДЭЭЛЭЭР ГОЁСОН ТҮШЭЭД
Ж.Сүхбаатар, С.Бямбацогт, Н.Батбаяр, Д.Оюунхорол, Д.Арвин нар үндэсний хувцсаараа гангарчээ. Тэдэн дундаас Н.Батбаяр гишүүн нэлээд онцгой харагдана лээ. Номин өнгийн дээлэн дээр ногоон бүс бүсэлсэн тэрбээр сүүлийн үед дүр төрхөө өөрчлөөд буй. Үсээ урт ургуулж, гэзэг тавихаар шийдсэн бололтой.
Ц.ШИНЭБАЯР ГИШҮҮН ЦААШИД ЧУУЛГАНД СУУХГҮЙ
Хаврын чуулганы нээлтэд оролцсоныхоо дараа тэрбээр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Эрхэм гишүүн албан ёсны цөөнх гэдгээ илэрхийлж, цаашид чуулганы хуралдаанд суухгүй гэдгээ мэдэгдсэн юм. АН, МАН хоёр хамтарч Засгийн газраа байгуулсан учраас энэ УИХ албан ёсны цөөнхгүй болсон гэж тэр үзэж буй. Тэгээд ч МАХН-аа байгуулан, сууриа сахихаар үлдсэн билээ. Тэрбээр хаврын чуулганы нээлтэд үг хэлэхээр УИХын даргаас зөвшөөрөл хүссэн аж.
Гэвч хуулийн дагуу тийм боломж үгүй гэдгийг спикер хэлжээ. Тиймээс “Цөөнхийн үгийг сонсдоггүй УИХ-ын чуулганд суухгүй” хэмээн шийдсэн байна. Чуулганы нээлтэд бичгийн хоёр цаасыг ар, өвөргүй бичсэн үг хэлэхээр бэлтгэсэн байсан аж. “Хэн ч юуг ч хэзээ ч хариуцахгүй гэж үү” гэсэн нэртэй энэ илтгэлдээ тэрбээр “Өнөөдрийн Монголд улстөрч нэртэй өөрсдийнхөө жижигхэн хүсэл, хэтэрхий шуналдаа идэгдсэн хүмүүс төрийг төр биш болгохыг хараад ямар өрөвдөлтэй вэ гэж гайхсаар ирлээ.
Ардчилал бол энд мэдэмхийрээд байгаа шиг сэдэв биш. Энэ бол үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, санаагаа бусадтай уралдуулахын нэр. Олон улсад гишүүд нь либератари, консерватив, ногоон гэх мэт үзэл баримтлалаараа ялгарч суудаг. Оюутолгойн гэрээг батлахад УИХ энэ ялгаатай үзлээрээ хандсан уу. Ярайтал суучихаад цэргүүд шиг нэгэн зэрэг кнопоо дарахыг чинь хараад би энэ бол ардчилал биш цэрэгжилт гэж бодсон” гэх мэтээр бичжээ.
Монголын төрд орж ирсэн түшээд ямар ч зорилго, ажлын хөтөлбөргүй, хоосон ярьж сонин уншсан, тушаалаар кноп дарах үүрэгтэй “утсан хүүхэлдэй” болсон аж. Тэрбээр энэ үгэндээ Парламентад суудалтай бүх намыг шүүмжилжээ. Монголдоо сайхан амьдрах /ИЗН/, Монгол хүн 2020 /АН/ ч гэх шиг гэж байгаад шүүмжилсэн байна. Ер нь гишүүн болсноосоо хойш ажигласан, анзаарсан буруу булхайг уудалж, сэтгэлээ нээхээр шийдсэн байсан бололтой. Харамсалтай нь үгийг нь чуулганы индэр дээрээс хэлүүлсэнгүй. Түүнээс сэтгүүлчид зарим зүйл тодрууллаа.
-Таныг дорнодчууд УИХ-д өөрсдийг нь төлөөлөг гэж сонгосон. Гэтэл чуулгандаа суухгүй гэхээр тэдний эрх юу болох вэ?
-Гишүүний тангараг өргөхдөө улс орны язгуур эрх ашгийг бодохоо амладаг. Түүнээс УИХ-ын гишүүн аль нэг хүчний дарамтад байх ёсгүй. Би ихэнх цагаа орон нутагт, иргэдийнхээ дунд өнгөрөөнө. Онцгой тохиолдолд л УИХ-ын үйл ажиллагаанд оролцож байр сууриа илэрхийлнэ.
-МАХН нэрийг Дээд шүүх бүртгэвэл та аль намаас сонгогдсон гишүүн болох вэ?
-Би МАХН-аас УИХ-д сонгогдсон. МАХН-ыг Дээд шүүх бүртгэхээр энэ л намынхаа гишүүн байна. МАХН-ыг бүртгэх хуулийн хугацаа дууссан. Дээд шүүх Цэцээс лавлагаа авахаар хандсан. Одоо тэд бүртгэхгүй байх боломжгүй.
С.ТУУЛ