Төрийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдаж авах тухай буюу тендерийн гэх хэл ам ихтэй хууль бий. 2000 онд батлагдсан хуульд дөрвөн удаа өөрчлөлт оруулахдаа улам дордуулчихсан гэнэ. Энэ хуульд УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг нэлээд шүүмжлэлтэй ханддаг юм. Түүний ахалсан Ажлын хэсгийнхэн саяхан туршлага судлахаар Америк, Чили, Панамд айлчлаад ирж.
Төрийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдаж авдаг харилцааг дээрх орнууд “цахим дэлгүүр”-ийн хэлбэрт шилжүүлснээр төсвийн хөрөнгөөр хууль бус бизнес хийдэг явдлыг таслан зогсоож чадсан юм байна. Төрийн байгууллагуудаас захиалга авч тендерийг зарладаг, түүнд оролцох хүсэлтэй аж ахуйн нэгж, хувь хүмүүсийг бүртгэдэг улсын байгууллага бас байдаг юм байна.
Бараа, ажил, үйлчилгээ нийлүүлэгч этгээдүүд шаардлагатай бүтээгдэхүүн, үнийн саналаа “цахим дэлгүүр”-т оруулчихдаг. Ил тод байрлуулсан бараа, ажил, үйлчилгээнээс төрийн байгууллагууд чанартай, хямд гэснээ сонгодог хялбархан, нээлттэй, шударга тендерийн шалгаруулалтыг улс орнууд нэвтрүүлж эхэлжээ. Тендерийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хаврын чуулганаар хэлэлцэх юм. Туршлага судлаад ирсэн Ажлын хэсгийн ахлагч Ц.Сэдванчигтай ярилцлаа.
-Тендерийн асуудлаар турш лага судалжээ. Ямар санаа, олзтой ирэв?
-Том үнийн дүнтэй хөрөнгө оруулалтын ажлуудын жагсаалтыг Засгийн газар батлаад сонгон шалгаруу - лалтгүйгээр шууд гэрээ хийж гүйцэтгэгчийг шалгаруулдаг тендерийн тогтолцоо манайд үйлчилж байна. Түүнтэй холбоотойгоор хууль бус бизнес газар авсан. Тендерийн шалгаруулалт нь ил тод, өрсөлдөөнтэй, эдийн засгийн үр ашигтай байх зарчимд суурилдаг. Гэтэл хуульд оруулсан хоёр удаагийн өөрчлөлтөөр энэ бүхнийг алдагдуулсан. Төрд бараа, ажил, үйлчилгээ шахахын тулд төсвийн захирагч нартай бизнесийнхэн нэлээд түншилдэг нь нууц биш шүү дээ.
Шахааны бизнес гэгчийг хүн бүр шахуу мэднэ. Энэ хууль бус ажиллагааг нэг мөр таслан зогсоож чадахгүй ч тодорхой хэмжээнд хязгаарлах ёстой юм. Бид сая тендерийн асуудлаар туршлага судлаад ирлээ. Төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг Америк, Чили, Панам улс цахим хэлбэрт оруулсан юм байна. Түүнийгээ “цахим дэлгүүр” гэдэг. Тэр дэлгүүрт бүртгүүлсэн компаниуд бүтээгдэхүүн, санал болгосон үнээ ил тод байршуулчихдаг. Тэндээс төрийн байгууллагууд нь нэг дороос худалдан авалтаа хийчихдэг. Ингэж цахим хэлбэрт шилжсэнээр ил тод байдал, шударгаар өрсөлдөх нөхцөлийг сайн хангаж өгчээ. Манай улсад энэ зарчмыг нэвтрүүлэх нь зүйтэй юм гэсэн бодолтой ирлээ.
-Засгийн газрын нэг жилийн худалдан авалтын хэмжээ бараг хоёр их наяд төгрөгт хүрсэн гэсэн. Тендерийг шударгаар, ил тод явуулж чаддаг бол энэ их мөнгөний нийлүүлэлт олон хүнд дэмтэй, эдийн засагт нэмэртэй байна биз?
-Засгийн газрын үйл ажиллагааны зардал бараг хоёр их наяд төгрөгт хүрч байгаа байх. Эдийн засагт маш том дэмжлэг, нийлүүлэлт болох учиртай хөрөнгө. Тэгээд ч улсын төсвийн худалдан авалт найдвартай байдаг учраас тендер шударга, олон түмэнд ил тод, сонирхогч хэн ч оролцох боломж нээлттэй байх ёстой. Сүүлийн үеийн хэвлэлүүдээр Оюутолгойн төслийн тендерийн зар их гардаг болж. Гэтэл манай “Эрдэнэт”, “МИАТ” гэх мэт компани тендер зарлалаа гэж дуулддаггүй. Хаалттай, хязгаарлагдмал тендер чинь л хардлага төрүүлээд байдаг юм. Энэ сарын 19-нд Төсвийн байнгын хорооноос Тендерийн хуулиар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна. Түүнд оролцож санал бодлоо илэрхийлэх хүсэлтэй хүмүүсийг урьж байна.
-Тендерийн хуульд өөрчлөлт оруулах хэд хэдэн төсөл хэлэлцүүлэгт бэлэн болсон гэсэн үү?
-Э.Бат-Үүл нарын, Тендер будлиантуулбал Эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байх бидний хэсэг нөхдийн санаа - чилсан төсөл, Сангийн яамнаас өргөн барьсан бас нэг төсөл бий.
-Та бүхэн судалж ирсэн туршлагаасаа төсөлд зүйл, заалт оруулах уу. “Цахим дэлгүүр”-ийн хэлбэр зүгээр санагдлаа.
-Тендер шалгаруулах ажлыг зохион байгуулдаг, нэгтгэсэн худалдан авалт хийдэг, өрсөлдөөн бий болгодог мэргэжлийн байгууллага хэрэгтэй. Оролцох хүсэлтэй компани, хувь хүмүүс тухайн байгууллагад саналаа өгдөг тогтолцоонд шилжих ёстой. Ингэвэл шударга өрсөлдөөн, нээлттэй ил тод байдал бий болно. Ингэх нь хамаагүй үр ашигтай байдаг юм билээ. Гэтэл өнөөдөр аливаа төсвийн байгууллага бүр тус тусдаа худалдан авалт явуулдаг.
“Цахим дэлгүүр” хэлбэрт шилжсэнээр Чили улсад тендертэй холбоотой зардлыг 10 хувиар багасгаж чадсан байна. Төрийн байгууллагад ихээр хэрэглэдэг бичиг цаас, эд зүйл, компьютер, бензин, шатахуун, гадаад, дотоодын томилолт зэрэг түгээмэл бараа, ажил, үйлчилгээний худалдан авалтыг яаралтай ил болгох хэрэгтэй. Гаднын шилдэг туршлагыг өөрийн онцлог нөхцөлд нийцүүлэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах бодолтой байна.
Го.ЭНХТӨР