Хавар дундаа орж байхад нээгдээд зуны хугаст амар сайхандаа жарган одогч ээлжит чуулган эхэллээ. Нийгмийн хэсэг бүлэг бүрийн сонирхлыг илтгэсэн хүлээлтүүд УИХ-ыг тойрон дугаарлаж, Парламент ч хэлэлцэх асуудлаа эрэмбэлэв. Хаврын чуулган гурван сарын хугацаанд төсөл бүр дээр чамбайлан сууна гэвэл ард нь гарч амжихааргүй цэс харагдана. Дотор нь УИХ-ыг унагаж мэдэх “дархан” төсөл ч данайж байх юм.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгаас гараагаа эхлэх хаврын ээлжит чуулган өмнөө 23 хуулийн төслийг дараалуулснаас гадна хэлэлцүүлгийн шатанд байгаа болон хууль санаачлагчаас УИХ-д өргөн мэдүүлсэн бусад хууль, шийдвэрийн төслүүдийг хэлэлцэх захирамж дэлгэсэн байна. Төсөв, мөнгө санхүүгийн салбарт чанартай дэвшил гарахыг хүлээгсэд, тендерийн харилцаанд оролцогсод, ашигт малтмалын салбарынхан, алс хөдөөд амьдран суугчид гээд энэ чуулганаас заавал нэгийг дуулахаар үг тандах бүлгүүдийн чих хэдийнэ дэлдийжээ.
Хөрөнгийн биржийн шинэчлэлтэй зэрэгцэн нухацтай хэлэлцэх шаардлагатай Компанийн тухай хууль, монголчуудын бараг хэрэглэж үзээгүй боловч мөдхөн гарын авлага шиг хэрэглэж мэдэх Үнэт цаасны тухай хууль ч мөн анхаарлын төвд байгаа. Хаврын чуулганы цэс дэх хуулийн төслүүдээс намрын чуулганы төлөвлөгөө рүү “шидэгдэх” нь олон байх магадлал өндөр байгаа юм. Алгуурлах хориотой, энэ улиралд заавал батлах “дархан” ганц төсөл хэлэлцэх асуудлын дарааллын дөрөвдүгээрт жагсчээ. Энэ бол УИХын сонгуулийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга.
Сонгуулийн тухай хуулийг сүүлийн гурван жил гаруй хугацаанд ярьж буй боловч УИХ дахь МАН, АН-ын бүлгүүд өнөө хэр зөвшилцөлд хүрч чадаагүй байна. Хэрэв хаврын чуулганаас шийдвэр гарахгүй бол энэ Парламент “ухамсартайгаар” тарах ёстой. Энэ хуульд УИХын 76 гишүүн тус бүр “өөрийн мэдэлгүй” хувийн эрх ашгаар хандах нь гарцаагүй гацаа үүсгэсээр ирсэн.
Гишүүд сонгуулийн шинэ хуулийг 2012 онд өөрийнхөө долоовроор улс төрийн карьераа төгсгөл болгочих вий гэсэн айдастай нүдээр харж байгаа нь нууц биш. Сонгуулийн хууль уг нь зөвхөн сонгогдох тухай хууль биш боловч иргэдийн төр барих алтан эрхийг одоогийн Парламентын 76 хувиа хичээх түүхэн боломж болгон хувиргаж ч мэдэх юм. Хүлээлтээр хүрээлүүлсэн УИХ-ын хаврын чуулганы нээлт хачин нам гүм болсон нь гайхал төрүүлэв.
“76 тойрогтой мажоритар систем сонгосон хууль баталбал миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд хориг тавина. Манай өнөөгийн нөхц өлд 50:26 бүхий холимог систем хамгийн тохиромжтой гэж үзэж байна” хэмээн мэдэгдэж байсан Ерөнхийл өгч Ц.Элбэгдорж энэ удаа дуугарсангүй. Харин спикер Д.Дэмбэрэл хэлсэн үгэндээ “Улс төрийн намууд тооцоогүй мөнгөний амлалтаасаа татгалзаж, сонгуулийн бохир аргаасаа салах хэрэгтэй” хэмээснийг эс тооцвол сонгуулийн тогтолцооны тухай бодитой байр суурь чуулганы индэрт үгүйлэгдлээ.
МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболдын саяхнаас санал болгож эхэлсэн хоёр танхимтай парламентын талаарх намууд болон улст өрчдийн байр суурь олны анхаарлыг татаж байна. Гэтэл МАН-ын бүлэг нь ч, УИХ-д суудалтай АН болон ИЗ-НН түүний хувилбарт хэрхэн хандаж байгаагаа чуулганы нээлтийн үеэр илэрхийлсэнгүй. Сонгуулийн тогтолцооны шинэчлэлийн тухайд Парламент их дайны өмнөх нам гүмд эзлэгджээ.
Б.ЭНХЦЭЦЭГ