Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ) сүүлийн таван жилийн ажлын тайлангаа өчигдөр Эдийн засгийн байнгын хороонд танилцуулав. Уг байгууллага түүхэндээ цэнхэр, яагаан тасалбар, хадгаламж зээлийн хоршооны болон банкны дампууралтай холбоотой бэрхшээлийг туулсан аж. Сүүлийн гурван жилд санхүү, эдийн засгийн хямрал тохиосон ч СЗХ олон асуудлыг цэгцэлж, сайн ажилласан гэсэн үнэлгээг гишүүд өгөв.
Одоо тус хороо анхаарлаа стратегийн ордод хандуулах ёстой. Тэр тусмаа Тавантолгойн ордоос иргэн бүрт хуваарилах 536 хувьцааны үр дүн, хэзээнээс ашгаа хүртээх, хөрөнгийн зах зээлийн талаар иргэдэд тодорхой ойлголт өгөх сургалт зохион байгуулахад анхаарах хэрэгтэй хэмээн олон гишүүн үзсэн. Цэнхэр, ягаан тасалбар шиг төгсгөл хүлээж байгаа юм биш биз гэсэн иргэдийн эргэлзээг мэдээлэл тайлж өгөх аж.
Мөн “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа СЗХ-нд бүртгэлгүй юм байна. Бүртгүүлээгүй байж хувьцаа гаргах нь хууль бус үйлдэл гэх хүн ч байв. Оюутолгойн хувьцаа ч тус хороонд бүртгэлгүй гэнэ. Ашигт малтмалын хуулийн дагуу эдгээр ордын хувьцааны 10 хувийг хөрөнгийн биржээр арилжих асуудлыг хэрэгжүүлэхийг гиш үүд тус хорооныхонд санууллаа.
СЗХ-ны дарга Д.Баярсайханаас зарим зүйл тодруулав.
-Үүцээ нээж буй хоёр том ордын хувьцаа яагаад танайд бүртгэлгүй байна вэ, тодруулаач?
-Хоёр талтай л даа. “Оюутолгой” компани улсын бүртгэлээрээ хаалттай ХХК. Нөгөө талаар Оюутолгой бол стратегийн орд. Тиймээс Ашигт малтмалын хуулийн дагуу хувьцааны 10 хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжих ёстой. Хувьцаагаа арилжихын тулд заавал хувьцаат компани байх хуультай. Бас манайд бүртгүүлсэн байна. Бид энэ талаар ажиллана. Тавантолгойн ордын тухайд хувьцааны нэрлэсэн үнийг тогтоогоогүй байна.
Засгийн газар, ТӨХ нэрлэсэн үнийг тогтоосны дараа бүртгэнэ. Дүрэмдээ нэрлэсэн үнэ, хувьцааны тоогоо тавьж байж манайх бүртгэдэг. Манайд бүртгэлтэй болвол хувьцаагаар юу хийх гэх мэт холбогдох бүх мэдээллийг олон нийтэд танилцуулна.
-Орон нутгийн иргэдэд хувьцаа эзэмшихтэй холбоотой үйлчилгээ, мэдээллийг хэрхэн хүргэх вэ?
-Иргэдэд үйлчлэх брокер, диллерийн компани орон нутагт байгуулах хэрэгтэй байна. Хувьцаа эзэмшигчдэд үйлчилгээг аль болох ойртуулахад манай хороо анхаарна. Мөн арилжааны банкуудад хөрөнгийн зах зээл дээр ажиллах боломж бүрдэж байгаа. Тиймээс банкны системийг бас ашиглана.
Сонгуулийн хуулийн төслийг хэлэлцэхийг хойшлуулав
Үдээс хойш Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа. Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчл өлт оруулах төслийг ярих байсан юм. Гэвч Ажлын хэсэг нь хуралдаагүй аж.
З.Энхболд: Ажлын хэсэг дээр гацаад байгаа асуудлаа ярья гэж өчигдөр би Н.Энхболд гишүүнд хандсан. Сонгуулийн систем тодорхойгүй байна. 50:26, 38:38 гэсэн харьцаагаар байх уу, пропорциональ дотроо намыг эсвэл хүний нэрийг дугуйлах уу гэх мэт зарчмын зүйл бий. Энэ асуудлаар Ажлын хэсэгтэй ярих үүргийг манай Бүлгээс надад өгсөн. АН энэ талаар ярилцахад бэлэн байгаа.
Н.Энхболд: Манай ажлын хэсгийн нэг ч гишүүн сонгуулийн холимог тогтолцооноос ухарна гээгүй. Ажлын хэсэг дээр 160 орчим санал байгаа, тэр бүхнээр санал хураана. Мөн байр суурь зөрүүтэй байгаа зарчмын асуудлаа орхиод бусдыг нь хэлэлцэж эхлэх, тэр хооронд Бүлгүүд тохиролцоонд хүрэх, УИХ, Ерөнхийлөгч, орон нутгийн сонгуулийг нэг хуулиар зохион байгуулдаг болгох гэсэн хоёр санал Ажлын хэсэг дээр гарсан. Эхний саналыг би, удаахыг АН-ын бүлэг гаргасан. Ажлын хэсэг хоёр хуулийн дундаас холимог хувилбар бүхий төсөл боловсруулчихсан. Зарчмын зөрчлүүд нь биднээс биш хоёр Бүлгээс хамаарна. Ийм яриа өрнөсний дараа ирэх даваа гаригт Бүлгүүд зарчмын зөрүүтэй дээрх асуудлаар ярих хүртэл төслийн хэлэлцүүлгийг хойшлуулахаар болов.
Байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар “АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг сонгууль зохион байгуулах явцыг нэг хуулиар зохицуулах төсөл боловсруулаад хүмүүс ажиллаж байгаа гэсэн шүү. Түүнийг ирэхээр энэ талаар асууя” гэлээ. Дахин нэг хууль оруулаад ирвэл хугацаа алдана гэж тэр үзэж буй аж. Гацаанаас гаргахын тулд ийм арга санал болгосон хэмээн З.Энхболд тайлбарлав.
С.ТУУЛ