Эрүүл мэндийн сайд С.Ламбаатай ярилцлаа.
-Барагцаалбал Эрүүл мэндийн тухай хуулийн хэдэн хувь нь шинэчлэгдэх гэж байгаа вэ?
-Зарчмын хувьд томоохон өөрчлөлт оруулна. Эрүүл мэндийн 5-6 төрлийн тусламж, үйлчилгээ байсныг нийгмийн эрүүл мэндийн, эмнэлгийн тусламж үйлчилгээ гэсэн хоёр төрөлд хуваана. Иргэдэд өвчнөөс урьдчилан сэргийлэх боловсрол, мэдээлэл олгоход түлхүү анхаарч, сум, тосгон, өрхийн эмнэлгийн эрх, үүргийг нэлээд тодорхой болгож байгаа. Анхан шатны эмнэлгийг олон улсад эмнэлэг бус Нийгмийн эрүүл мэндийн төв гэдэг. Тэр жишгийн дагуу сумын эмнэлгийг Нийгмийн эрүүл мэндийн төв гэж нэрлэнэ. Одоо үзүүлж буй үйлчилгээ нь хэвээрээ.
Дээр нь сумын болон өрхийн эрүүл мэндийн төв харьяаны иргэдээ жинхэнэ утгаар нь мэдэлдээ авч байгаа юм. Жилдээ 1-2 удаа гэрээр нь очиж үзлэгт хамуулдаг үйлчилгээг цогцоор нь бий болгохыг хичээж байна. Энэ нь нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ юм. Төрөлжсөн, мэргэжлийн буюу аймаг, дүүрэг, улсын чанартай эмнэлгүүдээр үйлчлүүлэхийг эмнэлгийн тусламж үйлчилгээ гэнэ.
Энэ үйлчилгээ долоогоос доошгүй төрөл байна. Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталснаар тодорхойгүй байсан олон харилцаа зохицуулагдаж, энэ салбарын үйл ажиллагаа зах зээлийн эдийн засгийн зарчимдаа илүү ойртох юм. Эрүүл мэндийн тухай хуулийн 70 гаруй хувийг шинэчилж буй.
-Ханиад томуу тусах, халуурах гэх мэт хөнгөн өвчний шинж тэмдэг илрэх үед иргэд сум, өрхийн эмнэлэгт эхлээд ханддаг. Бусад тохиолдолд шууд л улсын томоохон эмнэлгүүдэд ханддаг нь аль аль талдаа ихээхэн чирэгдэл учруулдаг юм билээ. Томоохон эмнэлгүүдийн үзүүлдэг тусламж, үйлчилгээг аймаг, дүүргийн эмнэлэгт шилжүүлснээр байдал өөрчлөгдөж чадах уу?
-Дүүргийн эмнэлгүүд олигтой тусламж үйлчилгээ үзүүлж чаддаггүйгээс нийслэлчүүд улсын чанартай эмнэлгүүдэд урт дараалал үүсгэж чирэгдэл учруулдаг. Үүнийг өөрчилж болдоггүй юм уу гэж олон гишүүн асуудаг. Нийслэлийн төвийн зургаан дүүргийн эмнэлэгт гэмтэл, мэс засал, нөхөн сэргээх, төрөх тасаг байдаггүй.
Түүнийг өөрчилж, нэгдсэн эмнэлэг нь эмэгтэйчүүд, гэмтэл, мэс засал, дотор, төрөх, мэдрэл зэрэг долоогоос доошгүй төрлийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг байхаар хуульд өөрчлөлт оруулна. Нийслэлийн СХД-ийн эмнэлгийг загвар эмнэлэг болгох Азийн хөгжлийн банкны 14 сая ам. долларын төсөл хэрэгжүүлнэ. Жишиг эмнэлгийн дагуу бусад дүүргийн эмнэлгийг хөгжүүлэх юм.
-БСШУЯ-нд ЭМШУИС харьяалагддаг нь маргаантай асуудлын нэг болоод байгаа. Салбарынхаа яамны мэдэлд байх нь зөв гэж олон хүн үздэг. Та ч бас ийм байр суурьтай байдаг уу.
-Салбарын мэргэжилтэн бэлтгэдэг сургуулиуд хоёрдмол харьяалалтай байсан үе бий. АУИС, ХААИС-ийн сургалтын хөтөлбөр, агуулгыг нь Боловсролын яам батлаад, хэрэгжилтийг нь салбарын яам нь хянадаг, салбарын хөрөнгө оруулалтын нэг хувийг нь дээрх сургуулиудын материаллаг баазыг бэхжүүлэх зорилгоор өгдөг зөв тогтолцоо байсныг үгүй хийчихсэн юм.
Тогтолцооных нь хувьд зөв болгоё гэвэл хүний нөөцийг нь тодорхойлдог, боловсон хүчнээ бэлтгэж ажлын байраар хангадаг бодлогын яам нь сургуулиудыг мэдэлдээ авмаар байгаа юм. Сургалтын агуулга хөтөлбөрийг баталдаг байгууллага нь Боловсролын яам мөн. Тэдгээрийг бодлогын яам нь боловсруулдаг.
Дэлхий нийтийн жишиг ийм л байдаг. Манайд ч ийм л байсан. Түүнээс бус Ламбаа гэдэг нөхөр бүгдийг атгах гээд байгаа юм биш шүү дээ. Анагаах ухааны сургуулийн эрдэмтэн, багш нар ч ингэж л хэлдэг.
-Эрүүл мэндийн салбарын бодлогын тухайд УИХ-ын Байнгын хорооны дарга, сайд хоёрын байр суурь яагаад зөрүүтэй байгаа юм бэ?
-Байнгын хорооны санал, дүгнэлт болон Д.Очирбат даргатай ойлголцохгүй зүйл ер байхгүй. Харин цаанаас нь янз бүрийн лообий хийгээд байгаа бололтой юм. Эрүүл мэндийн даатгалын асуудлыг би л мэднэ гэсэн баахан хүн яваад л байгаа. Эцсийн эцэст УИХ л олонхиороо асуудлыг шийднэ. МҮЭХ-ны С.Ганбаатар сонин хэвлэлд С.Ламбаа гэдэг хүний талаар баахан юм ярьж, бичдэг болж. Тэр хүн саналаа хэлж болно л доо. Гэтэл намайг л идэж уух гэсэн увайгүй улстөрч гээд байх юм.
Д.Очирбат дарга сонинд өгсөн ярилцлагадаа намайг эмч нарын эрх ашгийг хамгаалсангүй гэсэн байна лээ. Тэр яриад байгаа асуудлыг Байнгын хороогоор хэлэлцэхэд би байгаагүй. Ингэж худлаа улс төр хийхээ болих хэрэгтэй. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоо болохгүй байгааг мэдэх эдийн засагч хүний хувьд Засгийн газраар эрүүл мэндийн салбарын стратегийн баримт бичгийг батлуулж, Эрүүл мэндийн тухай болон Даатгалын тухай хуулийн төслийг өргөн барьсан хүн шүү дээ, би. УИХ хэнээр ч заалгахгүйгээр асуудлаа шийдэж чадна.
-Та Эрүүл мэндийн даатгалын санг бие даалгахын эсрэг байгаа юм биш үү. Тийм л ойлголттой болоод байна?
-Бие даалгая гэж л төсөл санаачлаад өргөн барьсан. Харин Засгийн газрын тусгай агентлагтай байна гэснээс болж маргаан үүссэн. Зарим хүн үүнийг эсэргүүцдэг. Олон нийтийн Үндэсний зөвлөл даатгалын санг удирдаж, хянана гэж зарим хүн яриад байгаа. Даатгалын Үндэсний зөвлөл нь төрийн агентлагийн үүрэг гүйцэтгэдэг тогтолцоо байж болохгүй.
Хуулиар олгосон журам дүрэм гэж байдаг юм. Нийтээр дагаж мөрдөх журмыг төрийн захиргааны төв байгууллага ХЗДХЯтай хамтран батална гэсэн хууль бий. Хуулийнхаа хүрээнд ажиллах ёстой биз дээ. УИХ-ын гишүүд үүнийг ойлгох байх. Харин Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөл ямар эрх, үүрэг, бүтэцтэй байх, төлөөлөл, чиг үүргийн нь талаар нээлттэй ярилцаж болно.
Ийм нэг үзэл баримтлалын зөрчилтэй юм бий. Түүндээ намайг буруутгадагт нь харамсаж байна. Ийм асуудлаар даатгуулагчийн эрх ашгийг хамгаалдаг байгууллага нь үгээ хэлдэг байх ёстой.
-Даатгалын шимтгэл төлсөн хүн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ аваагүй бол тодорхой урамшуулал хүртдэг, даатгуулагч нь өндөр төлбөртэй эмчилгээ хийлгэхээр боллоо гэвэл төлсөн шимтгэлээсээ, мөн гэр бүлийнхээ хүний төлж ирсэн даатгалаас төлбөр гаргуулж болдог гэх мэт даатгалын уян хатан тогтолцоо байвал ямар вэ?
-Тийм зүйлийг хүмүүс их хүсдэг ч төлсөн шимтгэлийг нь хадгаламжийн мөнгө шиг буцаагаад өгч болдоггүй. Эрүүл мэндийн даатгалын хуулийн төсөлд заавал даатгалаас гадна нэмэлт даатгал гэсэн шинэ зохицуулалт оруулж байгаа. Сайн дурын даатгал гэдгийг хална. Нэмэлт даатгалаар мөнгөн хуримтлал бий болно. Түүнийгээ дараа нь хэрэглэх тогтолцоог бий болгож байгаа юм. Нэг ёсны эрүүл мэндийн даатгалд мөнгөө хадгалуулж байгаа хэрэг шүү дээ. Дэлхийн олон оронд ийм тогтолцоо байдаг юм билээ.
Эрүүл мэндийн даатгалын одоогийн тогтолцоо нь хүмүүнлэгийн зарчмаар хийгдсэн гэдгийг хүмүүс тэр бүр ойлгодоггүй. Гурван жил эмнэлгийн тусламж үйлчилгээ аваагүй бол нэг удаа бүх төрлийн шинжилгээг үнэ төлбөргүй хийлгэж болно гэсэн өөрчлөлтийг 2006 онд Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд оруулсныг хүмүүс тэр бүр мэддэггүй юм байна лээ. Одоо ч энэ заалт хэвээрээ. Түүнийгээ харин эмнэлэг, иргэн нь ч мэддэггүй юм байна. Даатгалын тогтолцоо боловсронгуй болсон. Өмнө нь ор санхүүжүүлээд мөнгө “хийдэг” байснаа больсон. Даатгалын байгууллага хэний ч хараат бус, бие даасан байх ёстой.
Го.ЭНХТӨР