Ливийн удирдагч М.Каддафи сөрөг хүчнийхэнд эрх мэдлээ шилжүүлэн өгөхөө мэдэгдэж, үүнийхээ хариуд гурван болзол тавьжээ. Шилжилтийн үндэсний хөдөлгөөнийхний мэдээлж буйгаар М.Каддафийн хөвгүүдийн нэгийг Засгийн газрын бүрэлдэх үүнд оруулсан тохиолдолд албан тушаалаа хүлээлгэн өгөхөд бэлэн гэнэ. Түүнчлэн түүний гэр бүл, хүүхдүүдийнх нь аюулгүй байдлыг хангаж, өмч хөрөнгөнд нь халдахгүй тохиолдолд буулт хийхээ М.Каддафи албан ёсоор мэдэгдсэн байна.
Сөрөг хүчнийхэн М.Каддафийн хүү Сейф аль-Исламтай тохиролцоонд хүрч, түүнийг аль нэг яамны сайдаар томилох боломжтой хэмээн үзэж буй аж. Энэ хооронд босогчид, армийн хооронд тулаан үргэлжилсээр байна. М.Каддафийн цэргүүд Мисурата, Ажабия хот руу дайрсаар байгаа юм. Дашрамд хэлэхэд, Ливид иргэний дайн эхэлснээс хойш 10 мянга гаруй хүн М.Каддафийн цэргүүдийн гарт амиа алдсан хэмээн сөрөг хүчнийхэн үзэж байна. Түүнчлэн Бенгази хотод болсон тулааны үеэр 20 мянган хүн ор сураггүй болж, 25 мянга орчим хүн шархадсан аж. М.Каддафийн цэргүүд танк, их буу, нисдэг тэрэг хэрэглэн босогчид руу дайрснаас олон хүний амь эрсэдсэн билээ. Босогчид “Энэ хүмүүсийн үхэлд М.Каддафи буруутай, тэр үүнийхээ төлөө хариуцлага хүлээх ёстой” хэмээн мэдэгджээ.