Монгол Улс ардчилал, зах зээлийн цоо шинэ харилцаанд шилжээд 21 дэх жилтэй золголоо. Туулсан замаа эргэж харвал сайн, саар аль аль нь бий. Гэхдээ гэрэл гэгээтэй нь илүү ажгуу. Бидний хэзээ ч алдаж үл болох үнэт зүйл бол ардчилал. Түүнийхээ дархлааг одоо бэхжүүлэх үйлсийн төлөө нэгдэх цаг ирэв.
Тэр нь зөвшилцлийн ардчилал билээ. Ардчиллын 20 жилийн сургамж, ололтын тухай бүтэн жил гаруй дүгнэн хэлэлцэхийн хажуугаар шилжилтийн үе дуусаж, хөгжлийн эрин эхэлснийг АН, МАН-ын лидерүүд тунхаглав.
Нийгэм, эдийн засаг, улс төр, хүний эрх, эрх чөлөө, хүн төрөлхтний ардчилсан хөгжлийн сүүлийн 20 жилд Монгол Улс хамгийн их амжилт олсон нь хэмээн дэлхий биднийг үнэлжээ. Үүнээс ч хол “давхих” байтал зөвшилцөл үгүй дотоод улс төрийн байдал хазаар татсанаас дороо эргэцэх болсон гэнэ.
Ийм утгатай дүгнэлтийг гаднынхан ч хийдэг. Бид өөрсдөө ч хүлээн зөвшөөрдөг. Тэгсэн хэрнээ л үзэлцээд байдаг нь гаслантай. Тамын тогоон дотроо гацсан энэ байдлыг гэтлэх гарцын талаар сүүлийн үед зоригтой ярьж эхэлсэн намуудын дарга нарт талархууштай.
Манай улс эдийн засгийн чадавхи, бие даасан байдлын хувьд айхааргүй болж байгаа байх. Дуунд гардаг шиг яндаж болшгүй далай шиг баялагтай юм, бид. Харин түүндээ эзэн байх, юунд зарцуулж, хэрхэн зохицуулах нь хамгаас чухал билээ. Тийм төртэй, намуудтай байхын тулд Монголд зөвшилцлийн хийгээд төлөөллийн бодит ардчилал үгүйлэгдээд байгаа юм.
“Авсаархан” хэдий ч Үндсэн хууль үүргээ нэр төртэй биелүүлжээ. Түүнийгээ монголчууд бид зоригтой хүлээн зөвшөөрч, дорвитой өөрчлөлт хийх цаг үед ирсэн юм болов уу гэж бодогдох боллоо. Зөрчилдөөний ардчиллаа үдэж, зөвшилцлийн ардчиллыг эрхэмлэх цаг хүссэн хүсээгүй ирлээ. Энэ тухайгаа ярихын тулд бидэнд Парламентын хоёр танхимын тухай ойлголт хэрэгтэй юм. Улс төрийн төвшинд ч энэ талаар ярьж эхэллээ.
ХОЁР ТАНХИМЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ШАЛТГААН
Хоёр танхимын тогтолцоог ерөнхийд нь зөвшилцлийн загвар гэх ойлголт дэлхий нийтэд түгээмэл бий. Зөвшилцлийн загвар нь бие даасан, өөр бүтэц, зохион байгуулалттай хоёр (дээд, доод) танхим эрх мэдлийг тэгш хуваарилсан байдлаар илэрнэ гэж үздэг бөгөөд зөвшилцлийг хадгалах, улс төрийн тэмцлийн үр дүнд нэгдмэл шийдвэрт хүрэх оновчтой механизм гэдгийг судлаачид хүлээн зөвшөөрчээ.
Дэлхийн улсуудын улс төрийн тогтолцооноос үзэхүл Америк, Герман зэрэг холбооны улс голдуу хоёр танхимтай байх. Нэгдмэл улсуудын хувьд хууль тогтоох байгууллага нь ихэнхдээ нэг танхимтай ч, эрх мэдлийн төвлөр - лийг саармагжуулах, зөвшилцлийн ардчиллын зарчмыг хадгалах үүднээс хоёр танхим руу шилжих үйл явц идэвхтэй өрнөж, хоёр танхимын нөлөөлөл нэмэгдэж байгааг энэ чиглэлээр ажилладаг Монголын судлаачид улстөрийн намуудын дарга нарт дуулгажээ.
Өнгөрсөн сарын 22-нд МАНын дарга С.Батболд санаачилж, намуудын дарга нарыг дугуй ширээний ард урьсан юм. Парламентийг хөгжүүлж, төлөвшүүлэх нэг гарц нь хоёр танхимтай УИХ-ын тухай байв. Саналыг намууд ерөнхийдөө дэмжиж, энэ сэдвээ тойрч ярилцахаар тохирсон юм.
Парламентын тогтолцоог төгөлдөржүүлэх, улс төрийн системийг боловсронгуй болгож, төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр ажиллах улс төрийн намуудын хамтарсан Ажлын хэсэг байгуулжээ. Нарийн бичгийн дарга нь Су.Батболд аж. Ажлын хэсэг “хоёр танхим”-ын асуудлаар хоёр дахиа хуралдаж, Парламент судлалаар Монголдоо тэргүүлэх эрдэмтэдээс мэдээлэл хүсэж, номын дуу сонссон байна.
Одоогийн УИХ 76-хан гишүүнтэй. Монгол дэлхийн сонирхлын төвд орсон. Олон улсын тавцанд Монгол Улс тоглогч гэсэн хэллэг ч гарч ирэв. Ийм том ашиг сонирхлын дунд бусдын нөлөөлөлгүй оршин тогтноход Парламент нь хөгжсөн, төлөвшсөн байх ёстойг учир мэдэх, халуун чулуу долоосон Э.Бат- Үүлээс эхлээд олон хүн сануулаад байгаа юм. 76 гишүүнтэй манай УИХ үнэндээ ашиг сонирхлын нөлөөнд автах магадлал өндөртэйг үгүйсгэх аргагүй юм билээ.
“Мэргэшээгүй төлөөлөгчдөд хууль тогтоох нь хүнд зүйл. Тиймээс Парламентын батлаж буй хуулийн чанар муу байна. Хуулийн чанарын асуудал өдгөө улс орны Парламентын өмнө тулгамдсан асуудал болоод байна. Хууль тогтоох үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэстэй болгохын тулд олон арга хэрэглэж байгаагийн нэг нь хоёр танхимтай Парламентын тогтолцоог сонгох юм” гэж судлаач, эрдэмтэн Л.Өлзийсайхан тайлбарлажээ.
Парламент Засгийн газрын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох явдал Парламентын засаглалтай улсад тулгарч болох түгээмэл аюулын нэг гэнэ. Иймд хяналт-тэнцлийг хангах зохицуулалт нь Парламентыг хоёр танхимд хуваах явдал гэж судлаач үзэж байна.
ДЭЭД ТАНХИМ ТӨЛӨӨЛЛИЙН БОЛОН ЗӨВЛӨХ ҮҮРЭГТЭЙ БАЙЖ БОЛДОГ
Судлаач Жорж Цебелис, Жанет Моний нарын Парламентын хоёр танхимт ёсны томоохон судалгаанд өгүүлснээр дэлхийн улсуудын гуравны нэг нь хоёр танхимтай, гуравны хоёр нь нэг танхимт Парламенттай байна. Тодорхой зорилгоор хоёр танхимын бүрэн эрхийн сонгогдож, томилогдох хугацааг өөр өөрөөр тогтоосон байдаг аж. Энэ нь ашиг сонирхлын зөрчлөөс хол байлгах, манайхны хэлдгээр бол төрийн хэргийг найзан дундаа явуулахаас сэргийлсэн зохицуулалт юм байх.
Олон улсын жишгээр Доод танхимын гишүүнийг 2-5 жилээр сонгодог бол Дээд танхимын депутатын бүрэн эрхийн хугацаа 4-9 жил, зарим оронд насан туршид, Канад зэрэг хөгжингүй оронд 75 нас хүртэл нь суулгадаг бол гадаадад ажиллаж амьдарч буй иргэдийн төлөөллөөс Дээд танхимдаа квотоор оруулдаг боловсронгуй тогтолцоотой улс ч байна. Зарим орон Ерөнхийлөгчөөрөө ажиллаж байсан хүнд бүх насаар нь бүрэн эрх олгодог байх жишээтэй.
Хүчтэй Засгийн газартай байхын тулд Ерөнхий сайд нь Парламентын зарим гишүүнийг томилох эрхтэй. Хууль тогтоох үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэслэлтэй болгохын тулд нэр хүнд бүхий сургууль, нийтийн болон хувийн хэвшил, хүйс, үндэстний төлөөллийг сонгож, томилохоос гадна төрөл бүрийн мэдлэг, чадвартай хүмүүсийг зөвлөх танхимдаа багтаахыг харгалзан үзэх нэг шалгуураа болгодог нь ч байна. Аливаа лообийд автуулахгүйн тулд Дээд танхимын депутатуудыг ротациар (АН-д байсан шиг) сэлбэдэг юм байна.
УИХ-ыг хоёр танхимтай болгох асуудал манай онцлогт таарах, таарахгүйн тухай ойлголт байхгүй гэж үзэх үндэстэй. Харин тухайн орон холбооны, нэгдмэл улс эсэхээс бага зэргийн хамаарал байдаг юм билээ. Манай зарим улстөрч, иргэний нийгмийнхэн хоёр танхимтай Парламентын зохион байгуулалтад шилжвэл АИХ, УБХ гэсэн хэлбэрээр байх нь зүйтэй гэж үзэж буй.
Энэ тогтолцоогоор явбал ухралт болно гэдгийг Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Су. Батболд ярьжээ. Түүний хэлснээс үзвэл хоёр танхимт Парламентын өрнөдийн сонгодог загвараар байгуулахыг МАН эрмэлзэж байгаа бололтой байна.
Парламнетын дээд танхим нь төлөөлөх эсхүл зөвлөх чиг үүрэгтэй байж болох аж. Энэ мэт хөгжингүй улсуудын туршлагаас харахад Дээд танхим нь төлөөллийн ардчиллыг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэхээс гадна эрдэмтэн, судлаач, мэргэжлийн, эдийн засгийн болон нийгмийн салбарын шилдэгүүдийг багтаасан нь төлөөлөл-зөвлөлийн зарчмаар ажиллах нь давуу тал болдогийг харуулж буй.
Нийгэм, шинжлэх ухаан, утга зохиол, уран сайхны салбарт гарамгай амжилт гаргаж эх орноо алдаршуулсан таван иргэнийг бүх насаар нь сенатораар томилно гэсэн заалтыг хүртэл Итали улс Үндсэн хуульдаа оруулсан байх жишээтэй. Хоёр танхимын сонгуулийг ихэнхдээ пропорциональ тогтолцоогоор явуулдгийг эцэст нь тэмдэглье.