УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гаригийн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Ц.Сэдванчиг нарын санаачилсан төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ.
Тендертэй холбогдох маргааныг зохицуулахад уг төсөл чиглэжээ. Тендер зохион байгуулсан албан тушаалтан хууль зөрчсөн, авлига авсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх юм байна. Чуулганы үеэр Д.Зоригт гишүүн “Тендертэй холбоотой асуудлын улмаас үүссэн хохирлын хэмжээг хэрхэн тооцож, нөхөн төлүүлэх вэ” хэмээн асуув. Одоогийн Тендерийн хуулиар ийм нөхцөлд ердөө л 60.000-260.000 төгрөгөөр торгоод өнгөрдөг аж.
Тендерээс олж буй ашигтай нь харьцуулахад хууль зөрчигчдийн хувьд энэ бол ердөө л инээдэм. Тиймээс энэ торгуулийг нь төлж байгаад л “асуудлаа” шийдчихнэ. Тийм учраас хууль бус үйлдэлд тооцох хариуцлагыг нэмэх ёстой гэж төсөл санаачлагч үзсэн аж. Эрүүгийн хариуцлагаас гадна хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150-200 дахин нэмэгдүүлж торгохоор тусгажээ.
Үүнийг ШШГЕГ хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ. Мөн хууль зөрчсөн байгууллагын үйл ажиллагааны эрхийг хасах заалтыг хэлэлцүүлгийн явцад нэмэх саналтайгаа Ц.Сэдванчиг хэлэв. “Саалийн үнээ” гэж нэрлэдэг улсын төсвийн даацтай хувийг бүрдүүлдэг “Эрдэнэт” үйлдвэрт л гэхэд бараа, үйлчилгээ худалдан авах үйл явц хаалттай, далд болдог. Төрийн байгууллага бараа, үйлчилгээ худалдан авах явцыг нээлттэй болгох ёстой гэсэн санал ч гарсан. Тендерийн маргааныг шийдэхээр наагуурх энгийн “жараахайнууд” нь өртөөд далд бизнесийг зохион байгуулагчид хариуцлагын гадна үлддэгийг Н.Ганбямба сануулав.
Тиймээс гол эздийг нь олж хариуцлага тооцох хууль байх ёстой гэлээ. Мөн тендерт ялагдсан компаниуд шүүхэд хандахыг хориглох заалт оруулах санал ч гарсан. Тендертэй холбоотой тодорхой нөхцөлд ийм хязгаарлалт хийхгүй бол адгийн зарга 10 хоног гэдэг шиг ажил уясан хэрэг манддаг байна.
Төслийг хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжлээ. ХҮнсний аюулгҮй байдлын хЯналтыг сайжруулахад санаа тавив Үдээс хойших хуралдаанаар хүнсний аюулүй байдлыг хангах, эрүүл ахуйн хяналтыг сайжруулахтай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар гишүүн Д.Ганхуяг, Г.Баярсайхан нараас Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонслоо.
Засгийн газрын мөрийн хөтөлбөрт 2008-2012 онд иргэдээ эрүүл, баталгаатай хүнсээр хангах, энэ талын стандарТыг сайжруулах гэх мэт олон зорилт тавьсан ч хэрэгжүүлээгүй гэж тэд үзжээ. Өнгөрсөн онд Орос-Монголын хамтарсан III, Ховд аймгийн Булган сумын I, Баянзүрх дүүргийн 53 дугаар дунд сургуулиудын сурагчид “Үдийн цайн”-д өгсөн хоол, хүнснээс хордсон нь мөрийн хөтөлбөр хэрэгжээгүйг баталж буй аж.
Мөн манай улсад элэгний вируст гепатит өвчин бусад оронтой харьцуулахад өндөр, өвчлөгсөдийн 80 орчим хувийг цэцэрлэгийн хүүхэд, сурагчид, залуучууд эзэлж байгаа, хорт хавдраар өвчилж нас барагсдын тоогоор Ази, Номхон далайн бүс нутагтаа дээгүүр ордог гэх мэтээр хоол хүнсний аюулгүй байдал алдагдсанаас үүдсэн олон асуудал бий.
Үүнд анхаарч, хяналтыг сайжруулах, хуулийг боловсронгуй болгох ёстой гэж тэд үзжээ. Энэ талаарх холбогдох мэдээллийг өгөхийг тэд Ерөнхий сайдаас шаардаад хариугаа өнгөрсөн баасан гаригт авсан байна.