Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ, ажил худалдан авах хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслөөр өчигдөр Төсвийн байнгын хорооноос нээлттэй сонсгол хийлээ. Эрүүгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Ц.Сэдванчигийн төсөлд тендер будлиантуулсан албан тушаалтанд эрүүгийн хариуцлага тооцохоор тусгасан. Үүний адилаар төрийн мөнгөөр “тоглосон” албан тушаалтанд эрүүгийн хариуцлага тооцох санал энэ үеэр гарав.
Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах нэгдсэн тогтолцоо байхгүй, салан задгай явж ирсэн аж. Хууль зөрчиж, улсын хөрөнгийг шамшигдуулсан этгээд хэдэн төгрөгийн торгууль төлөөд л өнгөрдөг байна. Үүнийг чангатгахын тулд эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналыг оролцогчид дэмжив. Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиар шууд гэрээ хийх эрх Засгийн газарт олгосон байдаг аж. Үүнийг төслөөс хасах саналыг хувийн хэвшлийнхэн гаргалаа. Шууд гэрээ хийх эрх олгосноор өрсөлдөх боломжийг хязгаарлаж байна гэж тэд үзжээ.
Эдийн засгийн үр өгөөжг үй арга гэнэ. Манай улс эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон 80 жилийн хугацаанд 200 гаруй сумыг цахилгаантай болгосон аж. Тэгвэл 2007 онд хуульд өөрчлөлт оруулж, шууд гэрээ хийх болсноор 70 сумыг нэмж холбожээ. Эдийн засгийн үр өгөөжийг харалгүйгээр ингэж хавтгайруулах шаардлагагүй байсан, энэ нь шууд гэрээний сөрөг үр дагавар хэмээн нэгэн эдийн засагч тайлбарлав. Мөн төрийн мөнгийг зөв зарцуулж буй эсэхийг хянах системийг Шударга бус өрсөлдөөний газар, эсвэл Сангийн яамны алинд хариуцуулах талаар маргав.
Олон улсын туршлагаар Ерөнхийлөгчийн засаглалтай газар түүний, бусдад нь Сангийн яамных нь харьяанд байдаг хэмээн тус яамныхан ярьсан. Тэгвэл Сангийн яам захиалагч болоод өөртөө хяналт тавих нь зохимжгүй хэмээн үзэх хүн ч байлаа. Салангид байгаа тогтолцоог нэгтгэх, хяналт болон хууль зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлэх талаар олон санал гарсан. Эдгээрээс боломжтой, оновчтойг нь төсөлд тусгахаар Байнгын хорооны дарга Д.Хаянхярваа амлалаа.