Сонгуулийн тогтолцоог шинэчлэх талаар “их ажилласан” ч боломж олдоогүйгээ АН, МАН-ынхан өчигдөр учирлав. ИЗНН- аас “Сонгуулийн тогтолцоог шинэчлэх нь” сэдвээр улс төрийн намуудын дунд хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. АН, МАН, ИЗ-НН, ҮШН, МУНН, БНН-аас төлөөлөл иржээ. ИЗ-НН-ын дэд дарга С.Оюун хоёр жилийн өмнө энэ асуудлаар хийсэн нэгэн хэлэлцүүлгийн үеэр МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш “Сонгуулийн тогтолцоог өөрчлөхгүй бол бид хэдхэн олигархийн тоглолтыг хардаг үзэгч л болно” гэж хэлснийг иш татав.
Тус намынхан бас сонгууль бүрээр эрх баригчдын авсан суудлын тоог нийт сонгогчийн өгсөн саналтай харьцуулжээ. 1996 онд МАХН нийт сонгогчийн 40.5 хувийн санал аваад УИХ-д 25 суудал авсан бол 2000 онд авсан саналын хувь нь 51.6 болж өсчээ. 10 хувиар л авсан санал нэмэгдсэн ч УИХ-д 72 суудалтай болж, гишүүнийх нь тоо 62 хувиар өссөн аж. Багахан санал ахиу авчихвал олон суудал эзэлдэг нь мажоритарын сул тал хэмээн тэд дүгнэв. Ийм их савлагаатай байгаа нь Монголд тогтвортой улс төр байхгүйг баталж буй юм байна.
Нөгөө талаар мөнгөөр “зоддог” уламжлалыг энэ тогтолцоо гааруулжээ. 2000 онд нэг нэр дэвшигч 10-20 сая төгрөг сонгуулийн сурталчилгаанд зарцуулаад сонгогдож болж байсан бол 2008 онд зарцуулах мөнгөний тоо доод тал нь 100 сая төгрөг болж огцом өссөн байна. Зарим бэлтэй нэр дэвшигч тэрбум төгрөг зарцуулсан мэдээ ч бий гэнэ. Мөн гишүүн бүр тойрогтоо тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулсан нэр зүүх учир дараагийн сонгуулиар шинэ нэр дэвшигч түүнтэй өрсөлдөх боломжгүй болгоно. Шударга өрсөлдөх зарчмыг алдагдуулдаг. Түүнчлэн УИХ-ын гишүүд тухайн намын бодлогын дагуу биш хувийн эрх ашгийн төлөөх хууль баталдаа. Ийм боломжийг дээрх тогтолцоо олгож байна гэлээ. Ийнхүү тэрбээр мажоритар тогтолцооны сөрөг талыг ухуулав.
Пропорциональ тогтолцоо илүү дээр хэмээн олон жил ярьсан ч эрх баригчид “УИХ-д хэтэрхий олон нам орж ирээд тогтворгүй байдал үүсгэнэ” хэмээн болгоомжилдог. Өнгөрсөн он жилүүдэд МАСШН л нэг удаа нийт сонгогчийн таван хувийн саналыг авсан байна. Бусад нь энэ босгыг давж байгаагүй учир тэгж айх хэрэггүй хэмээн С.Оюун зөвлөнө лээ. “АН сонгуулийн олон тогтолцооны горыг амссан” АН-ын дарга Н.Алтанхуяг, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат нар намаа төлөөлжээ. МАН-аас УИХ дахь бүлгийн ахлагч Д.Лүндээжанцан ирсэн юм.
Н.Алтанхуяг намаа “Сонгуулийн янз бүрийн тогтолцооны хэрчээс болж, хамгийн их “зовсон” хэмээн тодорхойлсон. Тэрбээр “Мажоритар тогтолцооны сул талыг хамгийн их амссан нь АН. Бид сонгуулийн тогтолцоог өөрчлөх эрхийг өнөөдрийг хүртэл эдлээгүй. Дангаараа ярихаар намынхаа эрх ашигт нийцүүллээ гэдэг. Тиймээс бид Сонгуулийн хуульд зохицож амьдрахаас аргагүй нөхцөл үүссэн. Мажоритар тогтолцоогоор сонгууль явуулахаар тус тусдаа орж ялагдаад байсан учир 11 нам нэгдэж өнөөгийн АН-ыг үүсгэсэн.
Сонгуулийн мөнгө, намуудын санхүүжилтийг ил болгохын тулд бид 2004 оноос нэр дэвшигчдээс тодорхой санхүүжилт босгохоор болж, үүнийгээ ил тод мэдээлж эхэлсэн. 2008 онд томсгосон мажоритар болгосноор тойрог томорч, мөнгө тараадгийг тодорхой хэмжээгээр хязгаарласан. Энэ тогтолцоо муу биш, сайн ч биш. Одоо бид бодлогоороо өрсөлдөх ёстой. Тиймээс АН “Монгол хүн-2020” хөтөлбөр боловсруулж байна. 1992 онд манай нам нийт сонгогчийн 40 хувийн санал авсан атлаа зургаан суудал авсан байсан. Бид тогтолцоо өөрчлөх талаар 20 жил ярилаа.
Дангаараа өөрчлөх боломжгүй, бүгдээрээ ярьж хийх хэрэгтэй. АН 100 хувь пропорциональ тогтолцоо сайн гэхгүй. Гэхдээ пропорциональ элемент оруулж ярихад бэлэн” гэлээ. Пропорциональ тогтолцоог сонгох гэхээр Үндсэн хуульд “УИХ-ын гишүүнийг шууд сонгоно” гээд заачихсан нь харшилдаг хэмээн тэр бас учирласан.
МАН бөөрөнхийлөв
МАН ч бас сонгуулийн олон тогтолцоонд “хохирсон” гэнэ. Гэхдээ Д.Лүндээжанцан гишүүн мажоритар тогтолцоог сайн талаас нь харахыг хүсчээ. Шилжилтийн нөхцөлд олон намыг нэгтгэж чадсан. Тиймээс ч АН 11, МАН 4-5, ИЗН таван намын нэгдэл байгаа аж. Мөн “УИХ-ын гишүүнийг шууд сонгоно” гэсэн Үндсэн хуулийн заалтад нийцжээ.
Парламентад суудал авч байгаагүй жижиг намуудад хүнийг нь сонгодог одоогийн тогтолцоо ээлтэй, пропорциональ харин ч хортой гэв. Сонгуулийн тогтолцоог өөрчлөх талаар МАН-д томоохон Ажлын хэсэг ажиллаж буй. Энэ ёсоор гарц хайж, пропорционалийн давуу талыг тайлбарлаж буй ч олон нийт ойлгохгүй байгаа гэнэ. Намын их хурлын шийдвэрээр хайгуул хийж ярихад бэлэн” гэсэн бөөрөнхий хариуг тэр өгсөн юм.
Б.Жаргалсайхан: Холимог гэж завхруулахаа боль, аль нэгийг нь сонгох хэрэгтэй
Парламентын хоёр танхимтай болгох талаар яривал пропорциональ тогтолцоог ҮШН дэмжих аж. МУНН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батболд “2008 оны сонгуулийн дараа таван хүний амь үрэгдсэн. 2012 оны сонгуулиар хэдэн хүнийг алах вэ” хэмээн асуув. АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат Улс төрийн намын болон Сонгуулийн хуулийг өөрчлөх хэрэгтэйг сануулаад намууд улс төрийн соёлтой байхыг сануулав. Энэ нь Б.Батболдын дургүйг хүргэв бололтой. “Тийм юм бол та нар 2008 онд таван хүн хөнөөснийхөө дараа Сонгуулийн хуулиа ярихгүй яасан юм” хэмээн аслаа. Тэдний хооронд хэсэг маргаан өрнөсний эцэст зохион байгуулагч намынхан үүнийг таслав.
Дэлхийн 50 гаруй орны сонгуулийн тогтолцооны шилжилтийг ИЗ-НН судалжээ. Пропорционалиас мажоритар руу 13, мажоритараас пропорциональ руу 42, мажоритараас холимог руу 80 хувь нь шилжжээ. Тиймээс пропорциональ оруулсан холимог тогтолцоог тус нам дэмжиж буй аж. БНН-ын дарга Б.Жаргалсайхан сүүл мушгиж ирсэн юм. Тэрбээр “Өнгөрсөн сонгуулийн үр дүн, будлиан, алдаа, оноог эхлээд ярь. Тэгээд пропорционалийг холимог болгох дэлхийд байхгүй завхралаа боль. Өөртөө тааруулж өөрчл өлт хийх нь дэмий, цаг үрэхийн нэмэр. Нэг бол мажоритар, эсвэл пропорционалиа сонго. Иргэний бүртгэлээ цэгцлэхгүй бол луйвар гарсаар байна.
Саналыг тусгай технологиор тоолно л гэх юм. Цахилгаан тасарч, эсвэл программ нь гацвал яах юм. Сонгуулийн үеэр луйвар, булхай гарвал нэр дэвшигч зогсоох эрхтэй байх ёстой. Эрх, үүргийг зохицуулж өгөх нь чухал байна. СЕХ эрхгүй, зөвхөн сонгууль зохион байгуулах үүрэгтэй байх ёстой. Ерөнхийдөө пропорциональ руу орох ёстой. Гэхдээ энэ төр засаг хийгээд дэмий дээ. Үндсэн хуулийг Сонгуулийн хуультай хамт өөрчлөх ёстой. Одоо олон нийтээр хэлэлцүүлэх цаг алга. Тиймээс 2012 оны сонгууль мажоритараар л болох биз” гэлээ. Сонгуулийн хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхээс өмнө улс төрийн намууд энэ талаарх байр сууриа хэвлэлээр дамжуулж биш нүүр нүүрээ харж суугаад ярьсан нь сайн хэрэг хэмээн ИЗ-ННын дарга Д.Энхбат хэлэлцүүлгийг дүгнэв.
С.ТУУЛ