Мэдээлэл олж авах эрх, эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар хэлэлцлээ. Уг төслийг хэд хэдэн УИХ-д өргөн барьсан ч хэлэлцэх эсэхийг шийдэхээс хэт рэл гүй гацдаг байсан юм. Юутай ч энэ чуулганаар төслийг батална хэмээн хэвлэлийнхэн ч, төрийн бус байгууллагынхан, олон нийт ч найдаж байгаа. Төслийг Засгийн газрын ХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар танилцуулж, гишүүдийн асуултад хариуллаа.
Хэвлэлийнхний гэхээсээ иргэн хүний мэдээлэл олж авах эрх, төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангахад голлон анхаарсан. Төрийн байгууллагууд нууцад хамаарахаас бусад мэдээллийг иргэдэд хүссэн үед нь гаргаж өгөх үүрэгтэй. Иргэн хүсэлт гаргаснаас хойш долоо хоногийн дотор мэдээллийг гаргаж өгнө. Шаардлагатай тохиолдолд энэ хугацааг долоо хоногоор сунгана.
Тэгээд мэдээллийг нь өгөөгүй бол албан тушаалтанд хариуцлага тооцох юм. Мөн байгууллагууд үйл ажиллагаатай нь холбоотой мэдээллээ тухай бүрт нь цахим хуудасдаа байрлуулах үүрэг хүлээх юм.
Иргэнд хүссэн мэдээллийг нь аль болох саадгүй, хүнд сурталгүй өгөх нөхцөл бүрдүүлэх нь хуулийн бас нэг зорилго аж. Төрийн нууцын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хамт хэлэлцэх ёстой хэмээн хэд хэдэн гишүүн үзэж байв. Гишүүдийн дийлэнх олонх төслийг дэмжсэн ч эсрэг байр суурьтай хүн бас байлаа.
Х.Наранхүү: -Цаг үеэ хэр олсон хуулийн төсөл вэ. Ажилгүйдэл гаарсан үед үйлдвэрлэл хөгжүүлэхээ түрүүлж ярих ёстой юм биш үү. Үүнийг ярихгүй байж мэдээлэл гэх юм. Ардчиллын үйл явц чинь сүүлээсээ яваад байна. 1991 онд энэ талаар ярьсан бол өөр. Одоо бүх зүйл задгай болчихсон. Ийм нөхцөлд мэдээлэл авах эрх чөлөө гэхээсээ эрх зүй талаас нь хандах учиртай. Энэ талаар бодсон уу?
Ч.Хүрэлбаатар: -Хууль нь тодорхойгүй ийм нөхцөл зарим төрийн байгууллагад давуу эрх олгодог. Мөн буруу, зөвөө олон нийтэд ил тод мэдээлдэггүйгээс хардлагад өртөх, нийгэмд тогтворгүй байдал үүсэх зэрэг сөрөг үр дагавар гарч байна. Энэ бүхнийг тодорхой болгох гэсэн юм. Харин ч цаг үеэ олсон, бүр хугацаа алдсан гэж үзэж байгаа. Хуулийн нэрийг өөрчилж болох байх, Ажлын хэсэг дээр ярина биз.
Д.Одхүү: -Нууцлах, ил байх мэдээллийн балансыг зөв олох ёстой. Тэгэхгүй бол хэтэрхий туйлшраад байна. Мэдээлэл өгөөгүй албан тушаалтанд хатуу хариуцлага тооцохоор тусгажээ. Мэдээллээ цэгцлээгүй байж энэ хуулийг гаргавал үр дүнд хүрэхгүй. Архивт байгаа мэдээллийг иргэн үзэхийг хүсдэг, хуульд заасан долоо хоногийн хугацаанд тухайн албан тушаалтан олж өгч чадахгүй бол арга хэмжээ авахуулах нь байна. Ингээд байвал замбараагүй юм болно.
Ч.Хүрэлбаатар:
-Төсөв, орон нутгийн хөрөнгөөр бараа үйлчилгээ авахтай болон тухайн төрийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой, хуулиар хориглосноос бусад бүх мэдээллийг иргэд авах эрхтэй байхаар төсөлд заасан. Угаасаа тухайн байгууллагад байгаа мэдээллийг ил болгоход хүндрэл үүсэхгүй.
Я.Батсуурь: -Буруу замаар орчихоод буй хэвлэл, мэдээллийн хэрэгслийн гажуудлыг эхлээд засах ёстой. Үүнийг гажуудуулж буй хоёр л шалтгаан бий. Эхнийх нь улстөрчид, бизнесмэнүүд хувьдаа хэвлэл, мэдээллийн байгууллагатай болсноор түүнийгээ төрийн бодлогыг гуйвуулахад ашиглах болсон. Улмаар нийгмийг хохироож байна. Нөгөө талаар мэдээлэл үнэгүйдлээ. Сенсааци хөөхөөс биш оюунлаг мэдээлэл түгээхгүй. Тэр шуугиан тарвсан мэдээллээрээ амьдарч байна.
Н.Ганбямба: -Хэвлэл, мэдээллийн хэрэгсэл олигархиудын гарт байна. Тэд захиалгат сэтгүүл зүйг бий болгосон. Тиймээс эрх чөлөө гэж ярих хэцүү. Эхлээд хэвлэл мэдээллийг, сэтгүүлчдийг хараат бус байдлаас гаргах ёстой. Мөн байгууллагын нууц гэсэн сонин сэтгэлгээг халах хэрэгтэй. Хэвлэл, мэдээллийн эрх чөлөө Монголд еэвэнгийн талын талтай л тэнцүү байна.
Д.Ганхуяг: -Энэ төслийг УИХ-д анх өргөн барьснаас хойш 5-6 жил болж байна. Муу нуухаар сайн илчил гэдэг. Мөн хэвлэл, мэдээлэл улстөрчдийн хараанд орж, бие даасан байдал нь алдагдчихсан. Гаднын хөрөнгө оруулалттай телевизүүдэд анхаарахгүй бол УИХ-ын үйл ажиллагаа гадаадад шууд гарч байгаа нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой.
Мөн тендер, намуудын санхүүжилт тойрсон мэдээллийг ил болгох хэрэгтэй байна. Гишүүдийн хэлж буйг анзаарахуй ерөнхий хандлага нь дэмжээд байгаа мэт ч цаана нь болгоомжилсон өнгө аяс цухалзсаар байв. Санал хураахад 43 гишүүн оролцсоны 37 нь буюу 86.6 хувь нь хэлэлцэхийг дэмжлээ. Н.Ганбямба, Р.Амаржаргал, А.Арвин, Х.Наранхүү нарын зургаан гишүүн эсрэг санал өгөв.
С.Туул