Тамын тогооны үлгэр хуучирчээ. Цаг үе өөрчлөгдөж, үлгэрийг шинэчлэх цаг болсон байна. Бүсгүйчүүд атаархуу, хов жив ярьдаг, үс нь урт, ухаан богино…гэсэн үг монголчуудын сэтгэлгээг мунхруулах харийнхны бодлого байсныг ч ухаарч эхлэв. Сэтгэлгээний энэ хувьсгал олон нийтийг хамрах хараахан болоогүй ч эхлэлээ тавьжээ. Үнэндээ олон жилийн турш хэвшүүлсэн дээрх ойлголтыг өөрчлөх тийм амар биш.
Тэд өөр хоорондоо нэгдэхийн тулд жил тойрон ярилцсан юм билээ. Юутай ч улстөрч бүсгүйчүүд шинэчлэлийг өөрсдөөсөө эхлэхээр шийджээ. Саяхан улс төрийн намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага, бүсгүйчүүдийн эрхийг хамгаалдаг төрийн бус байгууллагынхан хамтраад “Үндэсний эв эе” эмэгтэйчүүдийн нэгдсэн холбоо байгуулснаа зарласан. Энэ бол том ахиц.
Тэд нэгдэж чадах уу
Бүсгүйчүүд нэгдэн холбоо байгуулсныг сонссон олон эрчүүд, эрэгтэй улстөрчид “Тэд нэгдэж чадах уу даа” хэмээн шоолонгуй бодсон байж болох. Тэгвэл бүсгүйчүүд нэгдэх нь нэн шинэ алхам биш. Түүх, бас бага ч гэсэн туршлага тэдэнд бий. 1990 оны АИХын депутатуудын 24 хувь нь эмэгтэй байсан. Энэ бол манай улсын шинэ улс төрийн түүхэн дэх бүсгүйчүүдийн “оргил үе”. АИХ-ын тэргүүлэгчээр сонгогдсон есөн бүсгүй бүлэг байгуулж, Үндсэн хууль батлахад нэг хувийн саналтай оролцсон юм билээ.
Одоо УИХ-д найман гишүүнтэй нам бүлэг байгуулах эрх эдэлдэг шүү дээ. Тэгэхээр есөн бүсгүй нэг намтай эн тэнцэх эрх эдэлж, Үндсэн хуульд бүлэг заалт оруулж чадсан гэдэг. Шинэ, ардчилсан хэмээх Үндсэн хуульд бүсгүйчүүдийн торгон мэдрэмж бага ч атугай тусчээ гэсэн үг. Шинэ үеийн түүх сөхөхөд ийм. Тэгвэл Чингис хааны үед улс орныг хаан төгс, хатан цэцэн, хан мэргэн гурван төрлийн ухаанаар захирч байсан түүх бий. Мартагдсан энэ түүхийг эрдэмтэд саяхнаас судалж эхэлсэн аж. Хаад дайн байлдаан хийгээд эзгүй явах хооронд хатад л төрийн хэргийг явуулж байсан гэнэ.
“Нийгмийн сайн сайхны төлөө худалдагдахгүй ажиллана”
Нэгдсэн холбоо байгуулахдаа бүсгүйчүүд ийм тохиролцоо хийжээ. МАН, АН, ИЗН-НН, ҮШН, бүсгүйчүүдийн эрхийн төлөө ажилладаг төрийн бус байгууллагынхан үүнд нэгдсэн. Тэд намчирхалгүй, “дээрээс” ирэх дарамт шахалтаас хулчийлгүй том зорилгынхоо төлөө тууштай ажиллана хэмээн ярилцсан байна. Жендерийн зохистой байдлыг хангасан ардчилсан нийгмийг төлөвшүүлэх нь тэдний гол зорилго.
Одоо тэд хэрхэн ажиллахыг харах үлдэж байна. Өөрсдийнхөө сэтгэлгээг өөрчилж, нэгнээ хүлээн зөвшөөрөх, дэмжихээс ажлаа эхэлсэн тэд хүн амын 51 хувийг эзэлдэг бүсгүйчүүдтэйгээ дараа нь тулж ажиллах гэнэ. Асуудалд эрэгтэй, эмэгтэй хүний онцлог, өөр өөр мэдрэмжээр хандсанаар бүтэн, амьдралд ойр шийдвэр гардгийг олон судалгаагаар тогтоосон юм билээ. Эрчүүд давамгайлсан парламент нийгмийн чиглэлийн, уян хатан шийдвэр гаргахдаа дулимаг байдаг аж. Өнгөрсөн 20 жилийн түүхээс үүнийг харж болно.
Эрх зүйн орчин бүрдүүлэхийн төлөөх тэмцэл
Жендерийн тухай хуулийг УИХ ямар ч байсан баталсан. Үүнд бүх салбарт хүйсийн тэгш оролцоог хангахаар тусгав. 73 эрэгтэй гишүүнтэй УИХ арга, билгийн ухаанаар асуудалд хандах ёстойг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Гэхдээ шийдвэр гаргах төвшинд бүсгүйчүүдийн оролцоог тэнцүүлж, эн тэнцүү өрсөлдөхөөс хулчийсан хэвээр л байна. Улс төрийн намууд дүрэмдээ сонгуульд нэр дэвшигчдийн 25-30 хувь нь бүсгүйчүүд байх заалт оруулсан ч бодит ажил болгох нь ховор.
Тиймээс бүсгүйчүүд шаардлагаа чангалж, “Сонгуулийн хуульд суудал хадгалах зарчим тусгах хэрэгтэй. 76 гишүүний 25 нь эмэгтэй байхаар шууд хуульчил” хэмээн шаардсан. Энэ нөхцөлийг хангахын тулд зөвхөн бүсгүйчүүд өрсөлдөх тусгай тойргийг хуульчлах учиртай. “Үндэсний эв эе” эмэгтэйчүүдийн нэгдсэн холбоо ирэх сарын 11-нд чуулганаа хийхээр төлөвлөсөн юм билээ. Сонгуулийн хуулийг өчигдрөөс Байнгын хороогоор хэлэлцэж эхлэв. Арга, билгийн ухаан хосолсон шийдвэрийн давуу талыг эрчүүд хувийн жижиг эрх ашгаасаа дээгүүр тавьж чадах болов уу.
С.ТУУЛ