Төсвийн “чих” халууцаж, Сангийн сайдын дух үрчийсэн хуралдааныг өчигдөр Төсвийн байнгын хорооны гишүүүд хийлээ. Засгийн газрын бондуудыг тойрсон мэтгэлцээн УИХ-д ид өрнөж байна.
ТӨСВӨӨ “ЦОЙЛДОНО”
Үнэт цаас гаргахыг Засгийн газарт зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг Төсвийн байнгын хороо дэмжлээ. Монгол Улсын 2011 оны төсвийн алдагдлыг нөхөхөд 55.5 тэрбум, төрийн албан хаагчид болон иргэдийг урт хугацаат орон сууцны зээлд хамруулахад зориулж 72 тэрбум төгрөгийн бонд гаргахаар тогтоолын төсөлд тусгаад байгаа юм. Төсвийн алдагдлыг “цойлдох” зорилготой бондыг гишүүд дэмжих нь зүйтэй гэж, харин орон сууцны 72 тэрбумаас болгоомжлов. Засгийн газар төрийн албан хаагчдыг орон сууцжуулахаар бонд гаргатал барилгын салбарыг дэмжсэн биш байрны үнэ хөөрөгдөж, зээлд хамрагдаагүй олон иргэнд дарамт учирсныг шүүмжиллээ.
АРХИ ҮЙЛДВЭРЛЭХ, ХУДАЛДАХ ЦЭГИЙГ ЦӨӨЛӨХ ГЭЭД...
УИХ Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийг “зах зээлээс” эгүүлэн татлаа. Энэ хууль хэрэгжсэн бол 2011 оны төсөвт 22 тэрбум төгрөг цуглах байсан юм. Засгийн газар боловсруулж, УИХ-ын баталсан уг хууль энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн боловч иргэд, аж ахуйн нэгжүүдийн шүүмжлэлд өртөн өдгөө өөрчлөхөөс өөр замгүй болоод гишүүдийн ширээ рүү даруй буцсан хэрэг.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд 43 төрлийн үйлчилгээг хамруулж байгаа боловч спиртийн агууламжтай согтууруулах ундаа үйлдвэрлэх, худалдах, үйлчлэх болон химийн хортой болон аюултай бодисыг хил дамжуулан тээвэрлэх, ашиглах, худалдах тусгай зөвшөөрлийг олгох тарифыг өндөр тогтоосон нь шүүмжлэл дагуулсан байна. Ялангуяа архи үйлдвэрлэгчид, дэлгүүр, баар, рестораны эздийн гомдол давамгайлжээ. Засгийн газраас УИХ-д өргөн бариад буй Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийг олгоход нийслэлд нэг сая, аймгийн төвийн суманд 600 мянга, сумдад 300 мянган төгрөг байхаар тусгаад байна.
Энэхүү тусгай зөвшөөрлийг сунгахад нийслэлд 300 мянга, аймгийн төвд 200 мянга, суманд 100 мянган төгрөг болгохоор заажээ. Спиртийн сул агууламжтай согтууруулах ундаа худалдах зөвшөөрлийг нийслэлд 300 мянга, аймгийн төвд 200 мянга, сумдад 100 мянган төгрөгөөр олгох бөгөөд зөвшөөрлийг сунгахад нийслэлд 100 мянга, аймгийн төвд 70 мянга, сумдад 40 мянган төгрөг хураахаар тусгасан байна. Согтууруулах ундаагаар үйлчилж, 00 цаг хүртэл ажиллах баар цэнгээний газруудад олгодог зөвшөөрлийн үнэ 20 сая төгрөг байсныг нийслэлд 1.5 сая, аймгийн төвд 800 мянга, сумдад 500 мянган төгрөг байхаар зааж, сунгалтыг нь нийслэлд 500 мянга, аймгийн төвд 400 мянга, суманд 200 мянга байхаар өөрчлөлт оруулжээ.
Спиртийн сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэхэд нийслэлд 750, аймгийн төвд 450, суманд 250 мянган төгрөгөөр тусгай зөвшөөрөл авч, сунгах бол нийслэлд 400 мянга, аймгийн төвийн сумдад 200 мянга, бусад суманд 120 мянган төгрөг хураахаар болж байна. Химийн хортой болон аюултай бодисыг импортлох, экспортлох, хил дамжуулан тээвэрлэх, ашиглах, худалдах тусгай зөвшөөрлийг олгох тарифыг 75 сая төгрөгөөр тогтоод байсныг дөрвөн заалтаар ангилжээ.
Химийн хортой болон аюултай бодис импортлох, хил дамжуулан тээвэрлэх тусгай зөвшөөрөл олгоход гурван сая, химийн хортой болон аюултай бодис экспортлох тусгай зөвшөөрөл 20 мянган төгрөг, химийн хортой болон аюултай бодис ашиглах тусгай зөвшөөрөл олгоход 25 мянга, химийн хортой болон аюултай бодис худалдах тусгай зөвшөөрөл олгоход 500 мянган төгрөг хураахаар заасан байна. Тэсэрч дэлбэрэх бусад химийн хорт болон аюултай бодис үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгоход 50 сая төгрөг байсныг 50 мянган төгрөг болгож эрс өөрчилсөн байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн долоон зүйлийн 30 гаруй заалт дээр мэргэжлийн холбоод, яам, агентлагуудын саналыг авч, нэмэлт өөрчлөлтүүдийг оруулжээ. Төсвийн байнгын хороо Улсын тэмдэгтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжээд, Д.Дамба-Очир гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулахаар тогтлоо. Байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр архины бизнест ногдуулах тэмдэгтийн хураамжийн талаар хэн, юу хэлснийг сонирхъё.
УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу: Баар, ресторан, дэлгүүр ажиллуулах зөвшөөрлийг анх нээгдэхэд нь өгөөд л дахиж янз бүрийн хураамжаар дарамтлахаа боливол яасан юм. Согтууруулах ундаа үйлдвэрлэх, зарж борлуулах тусгай зөвшөөрлийг хоёр жилээр олгодог. Энэ хугацааг сунгаж таван жил болгох хэрэгтэй.
Сангийн сайд С.Баярцогт: Согтууруулах ундаа үйлдвэрлэх, худалдах үйлчилгээнээс авах тэмдэгтийн хураамжийн хэмжээг өндөр тогтоосныг үгүйсгэхгүй. Гол нь архины цэгийг цөөлөх зорилготой байсан юм.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Энэ хуульд өөрчлөлт оруулснаар 2011 оны төсөвт төлөвлөөд байсан орлого буурах нь ойлгомжтой. Төсвийн тодотгол хийх ёстой боллоо.
УИХ-ын гишүүн Ч.Улаан: Засгийн газар анхнаасаа энэ хуулийн төслийг сайн боловсруулаагүйгээс УИХ-ын ажлыг чирэгдүүлж, төсвийг алдагдалтай болгочихлоо. Ийм муу төслийг дэмжээд явуулж л байдаг УИХ-ын гишүүд бид ч анхааралтай ажиллах хэрэгтэй байна шүү.
“АЛТАЙ КАШЕМИР” НООЛУУРЫН БОНДООС ТАТГАЛЗАВ
“Энэ хавар самнах байсан шүдлэн, борлонгууд ишиг байхдаа зуднаар нүд аничихсан шүү дээ. Одоо тэгээд энэ 110 тэрбумын бондоор ямар юмаа самнах гээд байгаа юм” гэж Ц.Даваасүрэн гайхлаа. Харин түүний асуултад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Х.Золжаргал “Монгол ноолуур” нэгтгэлээс өглөөгүүр авсан мэдээгээ уламжлав. Завхан, Увс, Ховд, Баян-Өлгий аймгийнхан энэ сарын эхнээс шүдлэн, борлонгоо самнаад эхэлжээ. Дэд сайд түүнчлэн Засгийн газраас гаргах 110 тэрбум төгрөгийн бондоос 20 тэрбумыг горилж байсан “Алтай кашемир” компани “Монгол ноолуур”-аас нэрээ татсан тухай шинэ мэдээлэл дуулгав. Засгийн газар ноолуурын салбарыг дэмжих зорилгоор 110 тэрбум төгрөгийн бонд гаргах тогтоолын төслийг Төсвийн байнгын хороо хэлэлцээд дэмжив. Гэхдээ энэ тогтоолыг хэрэгжүүлэх механизмыг гишүүд нэлээд шүүмжиллээ.
110 тэрбумын бондыг энэ оны төсөвт тусгаагүй нь Ч.Улаан гишүүний эсэргүүцэлтэй тулгарсан юм. Энэ санхүүжилтийг арилжааны банкуудаар дамжуулан нэр бүхий 13 компанийн үүсгэн байгуулсан “Монгол ноолуур” нэгтгэлд олгох бөгөөд зээлийн эрсдэлийг банкууд үүрэх аж. “Банк эрсдэлийг нь даана гэж өмнө нь гаргаж байсан 1,2 их наяд төгрөгийн зээл эргэн төлөгдөөгүй явж байгаа” хэмээн Ц.Даваасүрэн сануулаад, Засгийн газар яагаад энэ нэгтгэлд зориулж бонд гаргах гээд байгааг асуув. ХХААХҮ-ийн дэд сайд “Монголд ноолууран эдлэл үйлдвэрлэдэг, 5-10 хүн ажилладаг 200 гаруй жижиг, дунд цех бий. Тэд Хятадаас ноолууран утас авч үйл ажиллагаагаа явуулж байна. Тиймээс дотооддоо утас ээрэх хүчин чадалтай 13 үйлдвэрт зээл олгоё гэсэн юм. Үр шим нь 13 компаниар тогтохгүй, жижиг, дунд үйлдвэрийг давхар дэмжихээр төлөвлөсөн” хэмээлээ. Харин Ц.Сэдванчиг гишүүн “ Эдгээр 13 компанийн дотор авсан зээлээ өөр зүйлд зарцуулах сонирхолтой хүмүүс байгаа” гэж хардав.
Б.ЭНХЦЭЦЭГ