УИХ-ын дэд дарга Г.Батхүү нарын гишүүд санаачилсан “Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон малчдын арилжааны банкинд төлөх зээл, зээлийн хүүд хөнгөлөлт үзүүлэх талаар авах арга хэмжээний тухай”, “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийг УИХ-ын АН-ын бүлгийн ээлжит хуралдаанд танилцуулсан байна. Эдгээр тогтоолын төсөл нь малчид, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилготой. Тодотговол, 2009-2010 оны их зудын дараа амьжиргааны хэдэн малаа байгалийн гамшигт алдсан малчид банкны зээл, хүүгийн төлбөрт өвдөг сөхрөхөд хүрсэн билээ. Тухайн үед УИХ-ын дэд дарга Г.Батхүү “Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон малчдын арилжааны банкинд төлөх зээл, зээлийн хүүд хөнгөлөлт үзүүлэх талаар авах арга хэмжээний тухай” тогтоолын төслийг санаачилсан юм. Чухам цагаа, нүдээ олсон энэ тогтоолын төсөл өнөө ч чухал хэвээр. Өдгөө манай улсад 170 мянга гаруй малчин өрхөд 639 мянга гаруй хүн амьдарч байна.
Малчдын хувьд амьжиргааны гол эх үүсвэр нь мал. Монгол Улсын эдийн засгийн бүтцэд ч мал аж ахуй голлох байр суурь эзэлдэг. Харамсалтай нь байгалийн давагдашгүй хүчин зүйл болсон ган, зуд Монголын нүүдлийн мал аж ахуйд хохирол учруулсаар. Сүүлийн 40 жилд нүүрлээгүй хэмээн малчид тодорхойлсон 2009-2010 оны зуднаар нийт малын 15.6 хувь буюу 6.9 сая мал хорогдсон. Энэ нь тухайн үеийн дундаж ханшаар 360.3 тэрбум төгрөгийн шууд хохирол малчдад учирсан үзүүлэлт юм. Түүнчлэн өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын байдлаар нийт 8711 өрх огт малгүй, 32756 өрх малынхаа 50-иас дээш хувийг хорогдуулсан мэдээ гарч байлаа. Малчид малаа барьцаалж банкнаас зээл авдаг. Хүүхдийн сургалтын төлбөрөөс эхлээд өдөр тутмын амьдралдаа зарцуулах бэлэн мөнгөний хэрэгцээгээ малчид банкны зээлээр бүрдүүлдэг. Нэг тоо дурдахад, өнгөрөгч оны байдлаар 69.6 мянган малчин өрх арилжааны банкуудад 63.9 тэрбум төгрөгийн зээлийн өртэй байгаагийн 2.1 тэрбум нь малгүй буюу цөөн малтай үлдсэн өрхөд ногдож байв. Хаан банк 2010 оны хоёрдугаар сарын эцсээр 58.3, Монгол шуудан 4.9 тэрбум, Хас банк 0.4 тэрбум төгрөгийн малчны зээлийн өрийн үлдэгдэлтэй байсан. Өнөөдөр ч малчид банкнаас авсан зээлээ төлж чадахгүй, барьцаалсан мал нь хорогдсон болохоор банк яаж өрөө барагдуулахаа мэдэхгүй байгаа. Дээрх бүхэн нэг талаас малчдад төрийн дэмжлэг туслалцаа шаардлагатай болсныг, нөгөө талаас “Малчны зээл” олгодог арилжааны банкуудын үйл ажиллагаа цаашид доголдохоос сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэйг сануулна.
Энэ ч утгаар УИХ-ын дэд дарга Г.Батхүү нарын гишүүдийн 2009 онд санаачилсан, малчид, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн банкны зээл, хүүгийн төлбөрт хөнгөлөлт үзүүлэх тогтоолын төсөл одоо ч үнэ цэнээ алдаагүй, цаг үеийн шаардлага тулгарсан хэвээр байгаа юм.Өнгөрөгч даваа гаригт АН-ын бүлгийн хурлаар тогтоолын төслийг хэлэлцээд нэг шийдэлд хүрсэн нь малчид, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд таатай мэдээ гэж хэлж болно. Дээрх тогтоолын төслүүдийг бүлгийн хурлаар хэлэлцүүлэх явцад гишүүдээс гарсан саналыг үндэслэн Хүний хөгжил сангаас иргэдэд бэлнээр хүртээж буй хувь, хишгийн хэмжээгээр нь банкны зээл, хүүгийн төлбөрийг төлж болохоор тогтоолын төслийг нэгтгэн боловсруулахаар шийдвэрлэж, ажлын хэсэг байгуулжээ. Хүний хөгжил сангаас сар бүр олгодог 21 мянган төгрөгийг иргэд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх зорилгоор бөөнөөр нь авч болох шийдвэрийг төр гаргасан. Тэгвэл энэ удаад хүний хөгжлийн мөнгөөрөө банкны зээл, хүүгийн төлбөрөө төлөх боломж бүрдүүлэх хувилбар ийнхүү яригдаж эхэллээ. Тэр ч атугай УИХ-ын дэд дарга Г.Батхүү нарын гишүүд боловсруулсан төсөлдөө энэхүү арга хэмжээг зөвхөн малчид, жижиг жижиг бизнес эрхлэгчдээр хязгаарлахгүй тэтгэврийн зээлтэй ахмадуудыг хамруулахаар тусгасан байна. Ингэхдээ тухайн банк зээлийн хүүгийн 50 хүртэл хувийг чөлөөлөх нь зохистой гэж үзжээ.
Учир нь эрсдэлтэй, чанаргүй хэмээх ангилалд багтаад байсан зээлийн эргэн төлөлтийн асуудлыг нь төр шийдвэрлэж өгч байгаа учир банк хүүгийн тодорхой хувийг чөлөөлөх ёстой. Нэг үгээр чанаргүй зээлийнх нь эрсдэлийг төр үүрэлцэж байгаа болохоор тухайн банкны зүгээс хүү чөлөөлөх арга хэмжээ авах нь зохистой юм. Өргүй бол баян хэмээн монголчууд хэлэлцдэг. Ашигт малтмалын баялаг нөөцтэй орны эзэн болж төрснийх орд газраасаа хувь хүртэж, Хүний хөгжил сангаас мөнгө авч байгаа иргэд түүнийгээ хэрэгцээтэй зүйлдээ зарцуулах нь илүү өгөөжтэй. Сар бүр 21 мянган төгрөг цувуулж авах биш бөөнөөр нь авч зээлийн өрөө барагдуулах нь хүмүүст ашигтай. Ирэх оны долдугаар сар хүртэл Хүний хөгжил сангаас иргэн бүрт сар болгон 21 мянган төгрөг олгох шийдвэр нэгэнт гарсан учир таван ам бүлтэй айл 1.2 сая гаруй төгрөг бөөнөөр нь авах боломжтой гэсэн үг. Авсан зээлээ бүрэн төлдөггүй юм гэхэд ихэнх хувийг нь барагдуулахад хүрэлцээтэй мөнгө. Тэгэхээр хэрэв тогтоолын төсөл батлагдвал малчид, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, тэтгэврийн ахмадууд зээлээ төлж, арилжааны банкуудын эргэлтийн хөрөнгө нэмэгдэж, “чанаргүй” зээлийн хэмжээ багасах юм. Тэгээд ч энэ бол төрийн халааснаас гарч байгаа татвар төлөгчдийн мөнгө биш. Хавтгайруулсан халамж ч биш. Харин байгалийн баялгаасаа хүртэж байгаа хувь хишгээ авч, өр зээлээ дарах боломжийг бүрдүүлж буй хэрэг юм.