Монголчууд ашигт малтмалаараа “өвчилж” байна. Алтан дээр суусан гуйлгачин гэж хэлүүлэхээс ичих цаг болсныг бас сануулна. Ерөнхий сайдыг сая зүүн бүсийн аймгуудад ажиллахад иргэдийн санаа зовж, асууж тодруулж байгаа зүйлийн дийлэнх нь газрын баялаг, түүний үр шимийг зохистой ашиглахтай холбоотой байлаа. Хоёр толгой бол хүн бүрийн амны уншлага болчихож. Харин дорнодчуудын хувьд “Петрочайна Дачин Тамсаг”, “Шинь шинь” ХХК-нийн талаар сайн муу олон зүйл яригддаг юм билээ.
Ялангуяа Тамсагт үйл ажиллагаа явуулдаг Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компанийн талаар ер нь ам муутай. “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-нийнхан ч Засгийн газар хоорондын Бүтээгдэхүүн хуваах гэрээтэй гэж томордог уу, монголчууд өөрсдөө чадахгүйгээс хойш биднийг яаж ч чадахгүй гэж эрддэг ч юм уу. Манайхныг нэг л үл ойшоосон байдалтай байдаг нь анзаарагдаж байсан Анх Америкийн хөрөнгө оруулалттай “Соко Там саг” ХХК XIX, XXI, XXII талбайд хайгуул хийж олборлосон газрын тосны дээжээр нь Ерөнхийлөгч асан П.Очирбат гуай цагаан даавуун дээлийнхээ энгэрийг мялааж байсан дурсамж монгол хүн бүрийн санаанд үлдээ биз. Гэвч “Соко”- гийнхон 2005 оны наймдугаар сард Хятадын “Петрочайна Дачин Тамсаг” компанид хайгуул, олборлолтын эрхээ шилжүүлжээ.
Түүнээс хойш ажил эрчимжиж, 2005-2010 онд нийтдээ 952 сая долларын хөрөнгийг хятадууд гаргасан гэнэ. Энэ онд 300.4 сая долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн хэмээн тус компанийн гүйцэтгэх захирал С.Мэргэнсод танилцуулсан. Түүний хэлснээр 2005-2010 онд Тамсагийн орд газраас нийтдээ 4.6 сая баррельтүүхий тос олборлосон бол энэ жил хоёр саяыг олборлож зөөхөөр төлөвлөсөн байна. Таван жилийн энэ хугацаанд “Петрочайна Дачин Тамсаг” компани улсын нэгдсэн төсөвт 75.24 сая долларын орлого төвлөрүүлсэн бол энэ жил 50 сая долларын орлого өгөхөөр төлөвлөсөн байна. Гэхдээ энэ нь баталгаатай биш.
Манай компанийн үйл ажиллагаанд Монгол Улсын төр засаг “саад” болохгүй бол энэ хэмжээний орлого төвлөрүүлнэ гэсэн санааг компанийн ерөнхийлөгч Гао Вэнбо ярьж байна лээ. “”Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийнхан Монголоос олборлосон түүхий нефтийг хүнд даацын машинаар 03.00 цагаас эхлэн хоёр аймгийн нутаг дамнуулан хөрс эвдэж олон тооны машинаар зөөдөг. Манай талын холбогдох байгууллагуудаар удаа дараа, гэхдээ нэлээд хэдэн жилийн турш шаардлага тавиулсаны дараа хайрган хучилттай 74 км зам тавьсан юм байна. Уг нь нийтдээ 130 орчим км зам барих ёстой юм билээ.
Энэ зам нь ердөө зургаан метрийн өргөнтэй учраас стандартын ямар ч шаардлага хангахгүй юм байна. Гэтэл түүнийгээ Улсын комисст хүлээлгэн өгсөн гэж Гао Вэнбогийн ярьсан нь бас л худлаа болж таарав. Бүтээгдэхүүн хуваах гэрээнд заасны дагуу Тамсагын XXII талбайд хайгуул хийх хугацаа 2010 оны эхээр дууссан юм байна. Тийм учраас уг талбайгаа эзэд нь мэдэж хөдөө аж ахуйн зориулалтаар ашиглахаар болж байгаа аж. Хугацаандаа ажлаа хийж бараагүй учраас 36 сая доллараар “шатсан” гэх зүйлийг ноён ерөнхийлөгч ярьж байна. Гэрээт XIX талбайн зарим хэсгийн геологийн нөөцийг хэлэлцүүлэхээр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүргүүлсэн ч хариу өгөөгүй байгаад “Петрочайна Дачин Тамсаг”-ынхан бухимдаад түүнээс болж орж ирэх хөрөнгө оруулалт зогссон гэв.
Баянхошуу боомтын чиглэлд тавихаар төлөвлөсөн 210 км хатуу хучилттай замын ажил мөн л Монголын Эрдэс баялгын мэргэжлийн зөвлөлийн хүнд суртлаас болж байгааг Гао Вэнбо Ерөнхий сайдад “ховлоод” амжсан юм. Байгаль орчны нөхөн сэргээлтийг хийдэггүйгээрээ энэ компанийг “алдартай” хэмээн олон нийт үзэж, эсэргүүцлээ илэрхийлж байсан нь нэг бус удаа юм. Тус компанитай холбоотой үнэнд ойр хэрнээ таагүй мэдээлэл цацагдаж буйд хэвлэл мэдээллийнхэн буруутай гэсэн утгатай зүйлийг удирдлагууд нь ярьж байна лээ. Тус компанид 511 хятад, 600 орчим монгол ажилладаг гэсэн мэдээллийг аймгийн албаны хүмүүс өгч байсан.
Ажиллагсдын цалин 300-1000 орчим доллар бололтой. Гэсэн ч 100 жилийн нөөцтэй байж мэдэх Тамсагын сав газарт “Петрочайна Дачин Тамсаг” ХХК үргэлжлүүлэн ажиллах сонирхол нэн их байгаа бололтой. “Хоёр талын хамтын ажиллагааны хүчин чармайлтын үр дүнд бид Тамсагын орд газрыг Монгол Улсад тэргүүлэх зэргийн шилдэг орд болгон хөгжүүлнэ. Монгол, Хятад хоёр улсын хамтын ажиллагаа ажиллагааны үлгэр жишээ загвар төсөл болгон ажиллах болно” хэмээн Гао Вэнбо амлав. Ерөнхий сайд болон УИХ-ын гишүүн, сайд нар түүний өгсөн мэдээллийн дараа асуулт тавьж хариулт нэхсэн юм. П.Алтангэрэл(УИХ-ын гишүүн):-Хачин зүйл ярьдагаа болимоор юм. Байгаль орчныг нөхөн сэргээх, зам тавих чинь нөөцтэй ямар хамаатай юм. Та нарын энэ занд би дургүйцдэг. Ямар ч шалтгаангүйгээр бүх зүйлийг хойш тавьдагаа болих хэрэгтэй. Ямар нэгэн учир байгаа учраас Эрдэс баялгын мэргэжлийн зөвлөл нөөцийг баталж өгөхгүй байгаа шүү дээ. Эрчим хүчний шугам татна гэсэн яасан бэ. Та нар дандаа л бүтэхгүй зүйл ярьдаг. Цаашдаа та нар асуудлаа яаж шийдэх гэж байгаа юм бэ?
Гао Вэнбо:-Бид өөрсдийн зорилгоо ухамсарлаж өмнөө тавьсан бүгдийг биелүүлэхийн төлөө ажиллаж байгаа. Тамсагын нөөцийг бүхэлд нь тог тоосны дараа үйл ажиллагаа жигдэрч, хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдэх юм. Нийт нөөцийн гуравны хоёр нь батлагдсан. Тийм учраас нөөцийг ЭБМЗ-өөр батлуулах хүсэлтэй байгаа. Бидний ил байгууламж байгуулахаар төлөвлөсөн ажлууд 2010 онд дуусах байсан ч нөөц батлааггүйгээс болж хойшилсон. Нөөц батлагдсаны дараа хөрөнгө оруулалт орж ирэх учиртай. Энэ бүхэнтэй зэрэгцэн байгаль орчныг нөхөн сэргээх асуудал тавигдах юм. Хайрган хучилттай замаа дуусгасны дараа төсөл амжилттай хэрэгжвэл дараагийн замаа хатуу хучилттай болгоно. Эрчим хүчний төсөл төлөвлөсөн хугацаанд хэрэгжээгүй. 2011 оны наймдугаар сард багтааж энэ ажлаа дуусгана. Хөрөнгө оруулалт шийдэгдвэл бид төлөвлөсөн ажлуудаа хийж амжуулна.
Ч.Улаан (УИХ-ын гишүүн):-Орон нутагт, төрийн болон төрийн бус байгууллагад нэлээд хэмжээний хандив өгсөн гэж байна. Энэ талаар орон нутгийн төрийн захиргааны байгууллагатай хийсэн албан ёсны гэрээ гэж зүйл байна уу?
Гао Вэнбо:-Матад сумтай хамтран ажиллах гэрээ бий. Дорнод аймгийн төрийн захиргааны байгууллагатай ч хамтран ажилладаг.
Ч.Улаан:-Ер ур хугацааны гэрээ байгуулж хамтран ажиллах нь үр дүнтэй. Тэгэхгүйгээр хандив өгөх нэрээр өдөр өнгөрөөсөн, нэг удаагийн шинжтэй байдлаар ажиллах нь өгөөж муутай байдал ажиглагддаг. Энэ хэлбэрээр ажиллах нь зүйтэй байх.
Д.Одбаяр:-(УИХ-ын гишүүн):-Газрын тос боловсруулах жижиг, дунд үйлдвэр Дорнод аймагт байгуулах тухай 10-аад жил ярьж байсан. Сүүлийн үед энэ ажил сураггүй болсон. Энэ талаар тодорхой хариулт өгөөч. Цахилгаан шугамыг энэ олны наймдугаар сард ашиглалтад оруулна гэж байгаад би итгэхгүй байна. Аймагт үйл ажиллагаа явуулдаг шонгийн үйлдвэр, танай компани хоёрын дунд өр авлагын асуудал байгаа бололтой. Ийм нөхцөлд цахилгааны шугам байгуулах ажил бүтэх үү. Түүнээс чинь болж Матад сумыг эрчим хүчтэй холбох Засгийн газрын бодлого хэрэгжихгүйд хүрэх вий гэж санаа зовж байна.
Гао Вэнбо:-Боловсруулах үйлдвэр байгуулах хүсэлтийг манай компанид тавьж байсан. Гэсэн ч хоёр тал нэгдсэн саналд хүрээгүй. Бид энэ саналыг зөвлөх компанидаа уламжлах болно. Цахилгаан шугамын ажил гэрээнийхээ дагуу хийгдэнэ. Шаардлагатай цахилгаан шугамын шонгийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн тулд манай компани тодорхой хэмжээний мөнгө төлсөн. Матад сумыг эрчим хүчтэй холбох ажил манайхаас болж саатаж байгаа нь үнэн. Төлөвлөсний дагуу бид ажлаа хийх болно.
-Нефть боловсруулах үйлдвэр барих гэхээр ЭБЭХЯ зөвшөөрөхгүй байна гэсэн мэдээллийг танай компанийн зүгээс тараасан сураг байсан. Яагаад асуудлыг нөгөөгөөр нь барьцалдуулж яриад байгаа юм бэ?
-Яам зөвшөөрөхгүй байна гэсэн зүйлийг би яриагүй. Хайрган хучилттай замыг барихад 100 гаруй сая долларын хөрөнгө оруулалт шаардлагатай учраас хүндрэл учирсан.
Жаргалсайхан (Байгаль орчны дэд сайд):- Баянхошуу боомтын замын ТЭЗҮ хийгдээгүй. Бичигт рүү хайрган хучилттай зам тавьж байгаа гэж байна. Хилийн боомтууд руу дандаа хатуу хучилттай зам тавих бодлогыг Монголын төр засаг барьж байгаа шүү.
Бат-Эрдэнэ (Зам, тээвэр, барилга хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга):-Техникийн даалгавар баталж өгөөгүй гэж байна. Та нар баталсан маршрут, стандартын шаардлага хангасан санал ирүүлээгүй. Одоо тавиад байгаа зургаан метрийн өргөнтэй хатуу хучилттай замыг улсын комисс хүлээж авах боломжгүй шүү.
Гао Вэнбо:-Зургаан метрийг найман метр болож өргөтгөх боломжгүй. Гэхдээ эцсийн хариугаа ойрын үед өгнө. Нэг иймэрхүү асуулт хариулт өрнөсөн юм. Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд өөрт төрсөн сэтгэгдлээ илэрхийлж, зарим үүрэг даалгаврыг өгөв. Тэрбээр хэлэхдээ, Эрэл, хайгуулын ажлын хэмжээг нэмэгдүүлж, олборлолтыг өсгөх, газрын тосоо эх орондоо боловсруулж, шатахууны хэрэгцээгээ найдвартай хангахад төр, засаг онцгой ач холбогдол өгч байна. Энэ дагуу хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хариуцлагатай, нээлттэй, өрсөлдөх чадвартай орчин бий болгох шаардлага бий болж байна.
Газрын тосны нөөц ашигласны төлбөрийн хэмжээг Бүтээгдэхүүн хуваах гэрээнд нэмж тусгах шаардлага бий. Компанийхан тостой холилдсон усаа ухсан нүхэнд хийдэг ч сайн саармагжуулдаггүй тухай зүүн гурван аймагт ажиллах үеэр нутгийн иргэд хэлж байна. Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтээ стандартын дагуу хийх, газрын тос цуглуулах, цэвэршүүлэх, хадгалах зориулалттай Олборлолтын ил байгууламжийг 2011 онд багтаан барих нь чухал.
Нөөцийн саваа хилийн боомтод барих, хатуу хучилттай зам тавих тухай ярьсаар цөөнгүй жил болсон ч байдал өнөөг хүртэл хэвээр байна. Хүнд даацын машинаар өдөр бүр Тавантолгойгоос хил рүү нүүрс тээвэрлэн байгаль орчныг бохирдуулж, хөрс эвдэж байна гэсэн үндэслэлээр дотоодын компаниудын тээвэрлэлтийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож хатуу хучилттай зам тавиулж байгаа гээд үүнтэй адил арга хэмжээ авахад ч болохгүй гэх газаргүй гэдгийг Ерөнхий сайд компанийн удирдлагад анхааруулаад авлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах нь Засгийн газрын өмнөө тавьсан том зорилтын нэг гэдгийг тэрээр онцлон тэмдэглэсэн. Хэдийгээр Тамсагийн сав газарт нөөц эцэслэн батлагдаагүй ч зүүн болон төвийн бүсэд бага, дунд оврын үйлдвэр байгуулах, үүнд гэрээнд заасны дагуу хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэх, үйлдвэрт түүхий эдээ тэргүүн ээлжинд өгөх учиртайг анхааруулж байсан.
Бас нэг хөндсөн сэдэв бол гадны хөрөнгө оруулалттай зарим аж ахуйн нэгжид ажиллаж байгаа гадаад, монгол ажилчдын цалингийн зөрүүний тухай. Ижил төрлийн ажил хийж байгаа бол цалингийн хэмжээ гадаад, дотоод гэж ялгалгүй ойр байх ёстой. Цаашид монгол иргэдийг газрын тосны хайгуул, олборлолтын чиглэлээр бэлтгэж, мэргэшүүлэх, улмаар ажлын байраар хангах нь чухал байна гэдгийг ч сануулав. Тулгамдсан асуудал байгаа бол холбогдох байгууллагын хүмүүстэй нухацтай ярилцаж, саналаа нэгтгэн Засгийн газарт танилцуулж байхыг зөвлөөд ярьж байгаа зүйл байрандаа байгаад байх бус, урагшаа явсан, бодитой ажил байх ёстой. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд үлгэр жишээ болох учиртай энэ төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд хаа хаанаа анхаарах ёстой гэдгийг Ерөнхий сайд С.Батболд хэлсэн үгийнхээ төгсгөлд тэмдэглэв. Шүүсээ шахуулсан Гао Вэнбоч үлгэр жишээ загвар төсөл боловсруулахаа амлав.