УИХ-ын гишүүн Я.Батсуурь, Б.Батбаяр нар аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр худалдах Тавантолгойн арван хувийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх санаачилга гаргаад буй. Энэ талаар АБГББХ-ны дарга Я.Батсууриас зарим зүйл тодрууллаа.
-Та хоёрын санаачилгыг олон нийт таатай хүлээж авч байх шиг байна. Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуайтай уулзахад энэ санааг дэмжиж байна лээ. 76 гишүүний хоёр нь энэ төсөлд өөрчлөлт оруулахыг дэмжиж байна. Харин бусад гишүүн яах бол?
-Ерөнхийлөгч бид хоёрын санаачилгыг дэмжиж байгаа. Зөвлөмжөө ч өгсөн. Олон нийт ч дэмжиж байгаагаа илэрхийлж байна. УИХ-ын цөөнгүй гишүүн дэмжиж буй. “Монгол Улсын газар түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэсэн Үндсэн хуулийн заалтын дагуу бид УИХ-ын 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах төслөө боловсруулсан.
Аж ахуйн нэгжид Тавантолгойн хувьцааны 10 хувийг нэрлэсэн үнээр худалдана гэсэн хууль байхгүй. Тэгээд ч компанийн захирлууд Монгол Улсын иргэн гэсэн утгаараа бүгд л үнэ төлбөргүй хувьцаа эзэмшинэ шүү дээ. Байгалийн баялгаа иргэддээ тэгш хүртээх зорилгоор нэр бүхий гишүүд төсөл санаачилсан. Манай улсын эдийн засаг уул, уурхайгаас хэтэрхий хамааралтай болж, эдийн засгийн олон төрөл, салбартай болох явдал чухлаар тавигдаж байна. Ийм нөхцөлд төр, аж ахуйн нэгжүүдийн хөрөнгийг уул, уурхай руу татан оруулах нь ихээхэн сөрөг талтай.
-Хувьцаа эзэмшүүлэх тогтоолыг УИХ баталж байхдаа өнөөгийн бий болоод буй сөрөг үр дагаврыг тооцоолоогүй байж уу?
-Тогтоолын төслийг анх хэлэлцэж байхад нь би саналаа хэлж байсан. Аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр хувьцаа худалдсанаар эдийн засгийн олон тулгуурт бодлого алдагдана гэж. Өнөөдөр томоохон аж ахуйн нэгж бүр энэ салбар руу хошуурч, бусад салбарын чадавх алдагдаж байна. Ашигт малтмалын бүтээгдэхүүний үнэ жаахан савлахад л манай орны эдийн засаг эрсдэлд орох аюултай гэдгийг сэрэмжлүүлж байсан.
Анх хувьцаа гаргах тухай ярьж эхлэх үед Монголд бүртгэлтэй аж ахуйн нэгжийн тоо 28 мянга байсан бол өнөөдөр 50 гаруй мянга гаруй болж үржлээ. Эдгээрийн талаас илүү хувь нь огт үйл ажиллагаа явуулдаггүй бол 25 мянга орчим аж ахуйн нэгжийн мөн дийлэнх нь 10 хүртэлх сая төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй байна. Нэрлэсэн үнээр хувьцаа худалдах сургаар зохиомол, хуурамч компани байгуулж, худалдах явдал хэрээс хэтэрсэн. Компанийн ченжүүд хүртэл газар авсныг хүмүүс мэдэж байгаа байх. Энэ бүх сөрөг үр дагаврыг таслан зогсоох хэрэгтэй.
-Анх үндэсний аж ахуйн нэгж гэдгээ яаж тодорхойлсон юм бэ?
-Түүнийг тодорхойлсон ямар нэгэн хууль, тогтоомж байдаггүй. Хувьцаа худалдан авах аж ахуйн нэгжийг ямар шалгуураар тогтоох нь тодорхой бус байсан. УИХ-ын 39 дүгээр тогтоолд 2010 оны зургадугаар сарын 30-ний өдрөөс өмнө байгуулагдсан аж ахуйн нэгжүүдийг хамруулахаар заасан нь нийгмийн шударга ёсны зарчимд харшилж байгаа.
-Монголын төр, улс төр, бизнесийн хүрээнийнхнээс шууд хамааралтай нь нууц биш болсон. Дарамт шахалт ирэх юм уу?
-Одоогоор тийм зүйл гараагүй. “Монгол 999” үндсэний нэгдлийнхэн л жаахан бухимдах байх. Тэднийг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай мөр зэрэгцээд Тавантолгойгоос нүүрс олборлох, борлуулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцоосой гэж би хүсдэг.
Бусад салбарын хөгжлийг алдагдуулахг үйн тулд үндэсний аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх тухай хуулийн төсөл санаачлахаар бэлтгэж байна. Монгол Улсын эдийн засгийн чадавх өсөж, орлого ихтэй байгаа үедээ шинээр байгуулагдаж буй компаниудыг эхний таван жилд татвараас чөлөөлөх, тодорхой хугацаанд хөнгөлөлт үзүүлэх чиглэлээр төрөөс дэмжих хэрэгтэй байгаа. Анх Монгол Улс гадаадын хөрөнг ө оруулалтыг татахын тулд гадаадын аж ахуйн нэгжүүдийг татвараас чөлөөл өх, хөнгөлөлт үзүүлэх хууль гаргаж байсан. Одоо үндэсний аж ахуйн нэгжүүдээ тэр бодлогоор дэмжиж цаг болжээ.
-50 гаруй мянган аж ахуйн нэгж ердөө 2700-хан хүний мэдэлд байна гэсэн тоог хаанаас гаргасан юм бэ?
-Засгийн газраас өгсөн мэдээлэл. Монгол Улс 2.7 сая хүн амтай. 2700 захирлын эрх ашиг нийт хүн амын эрх ашгийн дэргэд дэндүү жижиг биз дээ.
Го.Энхтөр