Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийл өгчийн урилгаар тус улсад энэ сарын сүүлээр албан ёсны айлчлал хийх гэж байна. Тэрбээр бизнесийн салбарынхны саналыг өчигдөр сонсов. Албан ёсны айлчлал хийхдээ юу ярих, ямар асуудлыг шийдүүлэх хэрэгтэй байгаа талаар бизнес эрхлэгчдийн санааг сонсож, Төрийн тэргүүн “даалгавар” авч буй нь анхны тохиолдол. Аливаа шийдвэрийг амьдралд ойр болгох ийм арга хэмжээ авсанд нь “Буян”-гийн Б.Жаргалсайханаас эхлээд бизнесмен үүд талархав.
Иргэний танхимд өчигдөр болсон арга хэмжээний үеэр манай бизнесменүүд Монгол, Оросын худалдаа, эдийн засаг, экспортыг нэмэх асуудлаар Д.А.Медведевтэй юу ярихыг нь Ерөнхийлөгчид “зөвлөсөн”. Өмнө нь манай улсын экспортын 90 хувийг ОХУ эзэлдэг байжээ. Харин одоо 2.7 хувь болтол буурсан аж. Манай улс тэдэнд 40 сая долларын бараа зарсан атлаа эргүүлээд 1.2 тэрбум долларын бараа, бүтээгдэхүүн авсан байх юм. Экспорт, импортын ийм тэнцвэргүй байдлыг зохицуулах, “эрх тэгш” болгох талаар ахицтай шийдвэр гаргуулах нь Ерөнхийлөгчийн айлчлалын нэг гол зорилго юм байна. Тиймээс ч өчигдрийн арга хэмжээнд Ерөнхийлөгч өөрийн биеэр оролцов. Тэрбээр “Энэ сарын 7-нд ОХУ-ын Ерөнхийлөгчтэй утсаар ярихдаа хөндсөн хоёр асуудлын нэг нь энэ. Та бүхэн улстөржихгүйгээр саналаа шууд хэлээрэй” гээд улс төр, бизнес хоёр тусдаа байх ёстой талаар сануулсан.
Ш.Энхцэцэг (“Гурванбилэг” компанийн захирал): -Манай компани 2007 оноос дотуур хувцас үйлдвэрлэж, АНУ руу гаргаж байгаа. Өнгөрсөн дөрвөн жилд ОХУ руу бараагаа экспортлох гэж оролдсон. Улаан- Үдэд лангуу ажиллуулж, ганзагын наймаачдаар дамжуулан борлуулж ч үзсэн. Бэрхшээл их юм. Москвад төлөөлөгчийн газраа нээе гэхээр батлан даалт, цаад компанитайгаа урт хугацааны гэрээ хийх гэх мэт шаардлага тавьдаг. Гэтэл АНУ ийм асуудал үүсгэдэггүй. ОХУ руу бараагаа гаргахын тулд нэг кг тутамд 20 долларын татвар төлдөг. Энэ бүхнийг шийдэж өгөөч.
Л.Ганпүрэв (Монголын махны холбооны тэргүүн): - Манай улсын экспортын барааны 50 хувийг мах эзэлдэг. Сибирьт л гэхэд 350 мянган тонн махны хэрэгцээ байхад бид сүүлийн таван жилийн турш нэг жил тутамд 23.000-24.000 тонн мах л экспортолж байна. Манай улсад 2-3 жилд нэг удаа шүлхий өвчин гардаг. Өмнө нь шүлхий гарсан бүсэд л хязгаарлалт хийж, бусад газраас мах бэлтгэх ажил хэвийн байсан. Гэтэл одоо бүхэлд нь хориг тавьснаас болж шүлхий гарахаас өмнө ОХУ-ын захиалгаар бэлтгэсэн 4000 тонн махыг гаргаж чадсангүй. Үүнийг гаргах талаар айлчлалын үеэр ярьж өгөөч. Манайхаас мах гаргах зөвшөөрлийг Москвагаас авдаг, тэнд шинжилгээ хийдэг. Хариуг нь Улаан-Үдээр дамжуулж авдаг. Үүнийг шууд Улаан- Үдээс авдаг болгож хялбарчилбал цаг хэмнэнэ. Ер нь бид жилд одоогийнхоос дөрөв дахин их мах экспортлох хүчин чадалтай. Манайх Сибирээс цааш мах экспортолж чадахгүй байгаа аж. Цаашаа хэрэгцээ бий учраас үүнийг ч бас ярьж өгөхийг энэ салбарынхан хүсэж байлаа. ОХУ руу нэг кг махыг хоёр доллараар бодож экспортолдог гэнэ. Үүнд зарим хүн ихэд гайхав. Ерөнхийл өгч ч гэсэн “Монголдоо таван доллараар зардаг атлаа ОХУ руу хоёр доллараар гаргадаг хэрэг үү” гэж байсан юм. ОХУ руу визтэй зорчуулдаг болсноос үүдсэн бэрхшээл олон байгааг Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих холбооны тэргүүн учирлав. Мөн тэндээс байгууллагууд нь бүтээгдэх үүн захиалдаг, Оросын хил дээр тоо, даацын хязгаарлалт хийдэг, Алтанбулагийн боомт дээр таван минут л болдог бол ОХУ-ын хил дээр бүтэн таван цаг саатдаг гэнэ. Энэ мэт хүнд суртлыг арилгах талаар айлчлалынхаа үеэр ярьж өгөөч хэмээн тэрбээр хүслээ.
Б.Жаргалсайхан (“Буян” компанийн захирал): -Дотооддоо таван доллараар мах зардаг атлаа ОХУ руу хоёр доллараар гаргах гэж зүтгээд байдаг нь ямар учиртай юм. Үүний оронд дотооддоо зар л даа. Кувейт нэг кг хонины махыг найман доллараар авах санал тавьсан шүү дээ. Энэ мэт өөр орон руу экспортолж болно. Ер нь одоо худалдааг ганзагын наймаагаар биш сүлжээгээр хийх цаг болсон. Тиймээс ОХУ-д худалдааны төвөө байгуулъя. Манай улс Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн, ОХУ биш. Тэднийг гишүүн болгохын тулд манай улс дэмжихээ мэдэгдэж, гарын үсгээ зурчихсан. Үүнийхээ хариуд ядаж Улаанбаатар Москва хооронд худалдаа хийхэд манайд тодорхой хөнгөл өлт үзүүлэх хэрэгтэй. Мөн одоо болтол ОХУ-ын банктай шууд харилцдаг арилжааны банк Монголд алга. Эндээс бараагаа явуулчихаад мөнгөө авч чадахгүй тохиолдол олон гардаг. Манай банкууд шууд харилцдаггүй учир тэнд зээлийн эрх нээж болдоггүй. Үүнийг шийдэх талаар яримаар байна. ОХУ-ын импортын татвар өндөр байна. Эхний ээлжинд хоёр хотын хэмжээнд татвараа бууруулах талаар хөндөх хэрэгтэй. Ноолуураа бид БНХАУ-аар дамжуулдаг. Тэд Итали руу гаргаад эргээд оросууд 1000 доллараар цамц худалдан авч байна. Шууд ОХУ-тай харилцаж бэлэн бүтээгдэхүүн гаргах боломж бий.
Батжаргал (Арьс, ширэн бүтээгдэх үүн үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн): -Манай улс бэлтгэсэн арьс, ширнийхээ 90 хувийг түүхийгээр нь Хятад руу гаргаж байна. Тэгээд буцаагаад тэднээс боловсруулсан арьс авдаг. Эх орондоо арьс, ширээ боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн хийдэг үйлдвэр хэрэгтэй байна. Бид ОХУ руу арьсан цүнх, бээлий, хүрэм зэргийг экспортлох боломжтой. Бараагаа ОХУ руу гаргахад импортын татвар хэтэрхий өндөр, тэнд манай худалдааны төв байхгүй зэргээр хүндрэл гардаг. Үүнийг бодолцооч. Мөн чөлөөт бүс байгуулчихвал заавал бид гаргана гэхгүй, тэд ирж худалдаа хийх боломжтой болно. Энэ мэтээр бизнес эрхлэгчид санал, хүсэлтээ хэлэв. Асуудал Москвад очоод л гацаад байгаа гэнэ. Ерөнхийл өгч айлчлалынхаа үеэр эдгээр асуудлыг хөндөхөө амласан.