Сүхбаатарын талбайд морь унаж орж ирээд, гэр барьж суугаад байсан учир утга багатай үйлдэл намжих тийшээ хандав бололтой. Мэдлэг, мэдээлэлтэй, улс орны нийгэм, улс төр, эдийн засгийн байдалд өөрийн гэсэн дүгнэлт өгөх чадвартай болсон ард түмэн тэднийг нэг нүдээрээ ч тоож харсангүй. Жагсаал цуглаанаар, бусдыг үймүүлж бужигнуулснаар асуудал шийдэгдэхгүй гэдгийг тэд ойлгодог болжээ.
Бүр өөрийгөө энэ улсын хамгийн том улстөрч гэж үздэг, Монгол төрийн хамгийн дээд төвшний гурван албыг завсаргүй хашиж байсан нөхөр жагсаалыг дэглэж, толгойлсон ч огт тоосон гүй. Хэн юу хийгээд, ямар нь юу гэж худлаа яриад, чухамдаа аль нь юунд санаархаад байгааг хүмүүс ялгаж салгаж чаддаг болсны баталгаа энэ. Энэ бол ололт мөн. Гэхдээ ард түмэн жагсахаас залхсан, төр засгийн буруу хазгай үйлдлийг шүүмжилж эсэргүүцэн, үгээ хэлэхээс татгалздаг болсон гэж ойлговол эндүүрэл болно.
Хэрвээ эрх ашиг нь хохирч, эрх чөлөө нь хумигдвал, ажиллах хөдөлмөрлөх хүсэл эрмэлзлийг нь хязгаарлаж, хууль ёсны ажлын байр, өмч хөрөнгөнд нь халдах гэвэл тэд хэнбугайд ч албадуулахгүйгээр босож чадна. Үүний жишээ нь болж мэдэх, Монголын төр, засгийг барьц алдуулж, ичээж чадах нэгэн үйл хэрэг хөдөөгийн уул талд хаа сайгүй өрнөж магадгүй болчихоод дуншиж байгааг тун цөөн хүн анзаарч байх шиг.
Хоёр хоногийн өмнөх зарим нэг өдөр тутмын сонинд Заамарын алтны уурхайд 100 гаруй мянган нинжа орд газар луу дайрсан тухай мэдээлэл нийтлэгдсэн байсан. Энэ бол мөнөөх “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” буюу “Урт нэртэй хууль”-ийн балаг илрэн гарч байгаа хэрэг.
Биеэр судалж нүдээр үзээгүй, сайн саар үр дагаврыг нь сайтар тооцоололгүй сэтгэлийн хөөрөл, магадгүй зарим нэгний лообийд автан гэнэтхэн баталж орхисон энэ хуулийн уршгаар уул уурхайн 1300 гаруй зөвшөөрөл хүчингүй болж, хэдэн зуун аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоож, өр зээлэнд баригдан, хэдэн арван мянган эгэл жирийн ажилчид орлогогүй, амин зуулгагүй болчихоод байгаа билээ. Зөвшөөрөл нь хүчингүй болж буй аж ахуйн нэгжүүдэд нөхөн төлбөр олгоно гэж төр засаг нэг хуурсан.
Нөхөн төлбөрийн журмаа боловсруулж байна гэж давхар молигодсон. Алтны компаниудын зээлийн өр 70 гаруй тэрбумд хүрсэн, банкны нийт эрсдэл 163.2 тэрбум төгрөгөөр хэмжигдэнэ гэсэн тооцоо гарсан. Банкны барьцаанд байгаа 150 гаруй лиценз ердөө л цаас болсон. Энэ бүхнийг тэсэж эс чадсан хүмүүс нинжа нарын сүрэгт нийлэн бужигнаж эхэлсний анхны шинж тэмдэг нь Заамарт болсон үйл явдал. Тэдний араас Төв аймгийн Сэргэлэн суманд үймж эхлэв. Иймэрхүү тэмцэл хөдөлгөөн өрнүүлэх зорилго өвөрлөсөн иргэд, аж ахуйн нэгжүүд энд тэндгүй үгсэж, зохион байгуулалтад орж эхэлсэн тухай чимээ дуулдлаа.
Тэд бол Ц.Мөнхбаяр, С.Жавхлан биш. Бусдын нэр төр, атгаг санааны төлөө бус, өөрийнхөө алдагдсан эрхийн төлөө тэмцэж байгаа хүмүүс. Тэгэхээр болгоомжлох ёстой хэрэг явдал энүүхэн Жанжны талбайд биш, Монголын хөдөөд, хангай говь, уул тал, жалга судаг бүхэнд шахуу өрнөхөөр болчихоод байгааг анзаарах цаг ирэв. Хавар болж дулаарахаар нинжа нар хөдөлгөөнд ордог, тэр бол цагдаа нарын зохицуулах ажил гэж хайнга тоомжиргүй хандмааргүй байна. Хамгийн гол нь УИХ алдаагаа яаралтай засах хэрэгтэй болов.
“Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориг лох тухай хуульд нэмэлт өөрч лөлт оруулах тухай” гэсэн өмнө хөөсөө ч урт нэртэй бас нэгэн хуулийн төслийг УИХ-ын гишүүн Я.Батсуурь, Ж.Батсуурь, Д.Батбаяр, О.Чулуунбат нар санаачлаад удлаа.
Хав дарж мартуулахыг хичээсэн төслийн хуудас завсарт ядаж нэг салхи оруулъя гэсэн бололтой, өнгөрсөн долоо хоногийн эхээр МАН, АН-ын бүлгээр ярьсан сурагтай. “Одоо “Бид хэлэлцэж байна” хэмээн гурав дахиа хуурч, хугацаа хожих гэж байгаа юм. Тэгж ч ярихгүй шүү.
Алдагдал, доройтол алхам бүрийг минь дагаж байна. Шийдэж өгөхгүй бол бид өөрсдийнхөөрөө шийдэхээс өөр гарц алга” гэж уурхайчид ярьж байхыг сонслоо. Байдлыг заавал тэгж хурцдуулахгүйгээр шийдэх арга зам нь хууль тогтоогчдын гарт байгаа. Тэгэхээр хуулиа яаралтай хэлэлцэж, асуудлыг нэг мөр болгох зайлшгүй шаардлага байгааг ухаармаар байна.
Уг нь уурхайнхан “Урт нэрт”- ийг бүхэлд нь эсэргүүцээгүй шүү дээ. Ус гол, мод тайгад хор хөнөөл учруулж байгаа үйлдлийг ном журмаараа явж байгаа, нөхөн сэргээлт хийж, дэвшилт технологи хэрэглэж байгаагаасаа ялгаж салгаач, гол мөрөн, ойн санд ойр уу, хол уу гэдгийг үзэж хараач, хэрвээ хаахаар болдог юм бол хохирол төлбөрийг хэрхэн барагдуулахаа тодорхой журамлаач л гэж байгаа билээ. Тэдний энэ зовнил, хууль ёсны шаардлагыг хэлэлцэж шийдвэрлэх, “Урт нэрт”-ийг ухрааж засварлах цаг иржээ, гишүүд ээ.
С.Содбат