УИХ-ын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын дэд дарга Н.Энхболдтой ярилцлаа.
-Лүндээжанцан, Болд нарын тусдаа өргөн барьсан төслийг нэгтгэх санал хураалт үргэлжилж байгаа. Явц хэр байна вэ. Саналын зөрүүтэй томъёолол 250 шахам бий байх аа?
-Явц ер нь гайгүй. Байнгын хорооны санал авахаар Ажлын хэсгээс төлөвлөсөн асуудлын бараг 80 хувийг нь шийдчихсэн. Ажиллах явцад СЕХ, Улсын бүртгэлийн ерөнхий газар, намуудын бүлэг зэргээс санал нэмэгдэж орж ирнэ.
-Санал хураалгаж нэг мөр болгох учиртай зарчмын зөрүүтэй саналуудаас одоо 20-иод хувь нь үлджээ. Ямар агуулгатай зүйл, заалт тунаад байна вэ?
-Голдуу сонгогч, тэдгээрийн нэрсийн жагсаалт, саналын хуудастай холбоотой зүйл, заалт үлдсэн. СЕХ, УБЕГ-ынхантай ярилцаж саналаа ерөнхийд нь нэгтгэлээ. Сонгогчийг зөөдөг, шилжилтх өдөлгөөн, хаягийн байршил, санал дахин өгөх зэрэг будлиантай үйл ажиллагааг цэгцлэхээр нэлээд ажиллаж байна. Хэсгийн хорооныхон сонгогчдын нэрсийн жагсаалт гаргадаг байсан бол хуулийг шинэчлэн найруулснаар УБЕГ жагсаалтыг гаргах юм. Иргэдийн шинэчилсэн бүртгэл явуулснаар хурууны хээнээс эхлээд хувь хүний мэдээллийн сан бий болгосон. Түүнд үндэслэн дахин болон бусдын өмнөөс, өөр хаягаар санал өгөх боломжийг хаах юм. Иргэдийн шинэчилсэн бүртгэл явуулахад төр, засгаас ихээхэн хөрөнгө зарцуулсан учраас үр дүнг нь үзэх ёстой. Эдгээртэй холбоотой бүлэг санал үлдсэн. АН-ын бүлгээс өгсөн саналууд бас бий.
-Янз бүрийн шатан дахь хэлэлцүүлгийн явцыг ажихад хуулийг батлахад нэг их цаг алдахааргүй харагдаад байгаа. Хаврын чуулганаар амжих уу. Таны ахалсан, УИХ-д суудалтай нам бүрийн төлөөлөлтэй Ажлын хэсгийн уур амьсгал ер нь ямар байна вэ?
-Ажлын хэсгийнхэн их ажил хэрэгч байгаа. Ойлголцол хэвийн байна. Сонгуулийнхаа хуулийг энэ чуулганаар батлуулна гэсэн итгэлтэй байгаа, бид.
-Сонгууль болохоос зургаан сарын өмнө хуулийг баталсан байх ёстой. УИХ-ын туршлагаас харвал оны сүүлийн өдрүүдэд гэнэтхэн “алх тачигнуулчихдаг” гэмтэй. Тийм зүйл болохгүй байгаа?
-Энэ хууль улстөрч хүн бүрийн эрх ашгийг хөнддөг учраас хувь улстөрчийн итгэл үнэмшлээс ихээхэн хамааралтай нь үнэн. Хүн л юм чинь надад, манай намд яавал ашигтай вэ гэдгийг заавал бодно. Тийм учраас төвөгтэй асуудал явцын дунд гарна. Санал хураах үеэр гишүүд яаж маргалдаж, санал нь хэрхэн зөрүүтэй байгааг та бүхэн харж байгаа. Тухайлбал, ухуулагчдыг сайн дурын үндсэн дээр ажиллуулах тухай ярихад л “яаж тэгж болдог юм” гэсэн санал гараад ирэх жишээтэй.
-Капиталист нийгэмд хөлсгүй ажилладаг хүн байхгүй гэх мэтээр үү?
-Наад санал чинь нэг талаараа зөв. Гэхдээ л нэр дэвшигч бүгд адилхан нөхцөлд ажиллана шүү дээ. Үнэхээр олонд хүндлэгдээд нэр дэвшсэн бол өөрийг нь дэмжээд ухамсраараа ажиллах хүн олдох л ёстой гэсэн байр суурьтай гишүүд ч байна. Санал хураахад олонх нь сайн дураараа ажиллах хувилбарыг дэмжлээ. Ерөнхий хандлагаас ажиглавал Сонгуулийн хуулийг хойшлуулах байр суурьтай гишүүн цөөн байх шиг. Завсарлахаас өмнө батлах эрмэлзэл гишүүдийн олонхид байгаа юм байна гэж би ажигласан.
-Хэлэлцүүлэг амжилттай яваа юм байна. Гэхдээ давахад бэрх нэг эд бий шүү дээ. Холимог тогтолцооны харьцаа 50:26 байх уу, мажоритар, пропорционалийн аль нь давамгайлах вэ гээд. Нийгмийн олонхийн хүссэн хэлбэр давамгайлах найдвар хэр байгаа вэ?
-Холимог тогтолцоотой байхаар хууль батлах байх. Ингэх нь том алхам юм. Аль нь давамгайлах вэ гэдгийг нэлээн сайн бодох ёстой. Пропорциональ хэлбэр давамгайлах нь нийгмийн хүлээлтэд илүү нийцнэ гэж би үздэг. УИХ-ын гишүүдийн нэлээд нь аль болох нийгэмд ашиг тустай хувилбарын төлөө байгаа гэдэгт итгэж байна.
-АН 50:26 хувилбар дээр хатуу зогсохоо мэдэгдсэн. Харин МАНын байр суурь тодорхой биш байна?
-Харьцааны талаар аль аль намаас Ажлын хэсэгт албан ёсоор саналаа ирүүлээгүй. Тийм учраас АН-ыг 50:26 хувилбар дээр хатуу зогсож байгаа гэж хэлэхэд эрт байна. Албан ёсоор тоо ярьж эхлээгүй учраас МАН-ын байр суурийг тодорхойгүй гэхэд бас хэцүү.
-Тэгвэл 50:26 хаанаас гарч ирсэн тоо вэ?
-Өнөөдөр Монгол Улс сонгуулийн 26 тойрогтой байгаа. Түүнд үндэслэж гаргаж ирсэн тоо. 38:38 гэсэн хувилбар ч ярьж болно. Дараагийн сонгуулиар энэ харьцаагаа өөрчлөөд явж болохыг үгүйсгэхгүй.
-МАН, АН-ын удирдлагын алхам сонгуулийн тогтолцооны хувь заяаг шийдвэрлэхэд нөлөөтэй. Тэд хэзээ эцсийн байдлаар саналаа ирүүлэх юм бол…
-Энэ сарын дундаас хэтрэхгүйгээр шийдвэрээ гаргачихаасай гэж хүсэж байна. Цаана нь бидэнд ажиллах хугацаа хэрэгтэй шүү дээ. Зарим хуульд өөрчлөлт оруулах шаардлага ч гарах байх. Холимог тогтолцоогоор хууль батлагдлаа гэхэд Улс төрийн намуудын тухай хуульд заавал өөрчлөлт оруулж таарна. Саналыг машинаар тоолдог болохын тулд бие даасан хууль хэрэгтэй. Төрийн албаны, Эрүүгийн хуульд нэмэлт оруулж магадгүй. Тийм учраас эцсийн шийдвэрээ эртхэн гаргаж өгөөсэй гэж хүсэж байна.
-Үндсэн хуулийн Ажлын хэсгийн дараа орох том үүрэг, хариуцлага хүлээсэн гэж танай найман гишүүнийг үзэж байгаа. Миний анзаарснаар Та хувь тэнцүүлсэн тогтолцоо руу сонгуулийн хуулийг “чирээд” байгаа бололтой. Сонгуулийн шинэчлэл хийж чадах, эсэх талаарх Таны итгэл, үнэмшил хэдэн хувьтай байна вэ?
-Хуулийн зөв, буруу, нийгмийнхээ шаардлага, хүсэл, хүлээлтэд нийцсэн эсэхийг цаг хугацаа, амьдрал харуулах байх. Сонгуулийн хууль маш чухал хууль. Том үг хэлэхээ больё. Гэхдээ л нийгмийн хүлээлтэд ойртуулсан, улс орны хөгжлийг урагш нь түлхсэн тогтолцоог авчих болов уу гэж найдаад л байна.
-Тогтолцоог өөрчлөх нь нам, улстөрчийн хувь заяанд шууд хамаатай асуудал. Энэ хэрээр Танд намаас чинь шахалт, “нөхөрсгөөр” санал, зөвлөгөө өгөх хүн олон байна уу?
-Санал бодлоо нэмэрлэлгүй л яахав. Гэхдээ саад болох утгаар биш шүү. Аливаа нам хамтын шийдвэр гаргадаг. Хувь гишүүн үзэл бодлоо илэрхийлж болно. Гэхдээ олонхийнхоо шийдвэрийг дагадаг байх ёстой. Надад нөлөөлнө гэж ч юу байхав. Саад болж байгаа зүйл байхгүй ээ.
Го.ЭНХТӨР