Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Уг бирж үйл ажиллагаа явуулах хэлбэр чөлөөтэй, компани шиг байх юм байна. Төслийг хэлэлцэх үеэр биржийн үйл ажиллагаа ченжүүд шиг малчдад хурдан шуурхай үйлчлэхээр байх ёстой, тэгэхгүй бол иргэд бараа, бүтээгдэхүүнээ өгөхгүй гэсэн шаардлагыг гишүүд тавьж байсан юм. Бирж байгуулагдсанаар түүхий эдийн ханш ил тод байх, хамгийн өндөр үнийг сонгох, 329 суманд мал аж ахуйн гаралтай түүхий эдийг зуучилж борлуулах анхан шатны тогтолцоо бүрдэх юм байна. Ченжүүд ажилгүй болох нь хэмээн зовсон гишүүдэд Ажлын хэсгийнхэн “Тэд түүхий эдийн бирж, малчдын хоршоог зохион байгуулахад оролцох эрх зүйн боломжтой. Мөн брокерийн эрх авч дуудлага худалдаа, гадаад дотоодын үйл ажиллагаанд зуучлагчийн үүрэг гүйцэтгэж болно.
Тэдний туршлагыг биржийн үйл ажиллагаанд ашиглан хамтран ажиллах боломжтой” хэмээн хариулсан. Дотоодын үйлдвэрлэгчдэд биржээс хэрэгцээт түүхий эдээ давуу эрхтэй худалдаж авах боломж олгохгүй бол олон төрлийн татвартай, гадаадын мөнгөтэй компаниудын өрсөлдөөн дунд манайд үндэсний үйлдвэр хөгжихөд хэцүү хэмээн Б.Батбаяр хэлэв. Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж нь төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл бүхий 13 хүний бүрэлдэхүүнтэй Зохицуулах зөвлөлтэй байх, Зохицуулах зөвлөлийн даргыг гурван жилийн хугацаатай сонгохоор тусгасныг гиш үүд дэмжив.
Мөн биржийн зохицуулах зөвлөл нь ажлын албатай, ажлаа Засгийн газарт тайлагнаж байх, үйл ажиллагааны холбогдолтой дүрэм журмыг нь Засгийн газар батлахаар төсөлд тусгасан байна. Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналыг хураалгахад гишүүдийн олонх нь дэмжиж, улмаар хуулийг баталлаа. Мөн Засгийн газраас болон гиш үүн Э.Бат-Үүлийн өргөн барьсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнг өөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тендер шалгаруулалтад гишүүд анхаарлаа хандуулав. “Тендер зарлах нөхцөл будилаантай, 15 сая төгрөгийн дүрмийн сантай компани 15 тэрбум төгрөгийн тендер авчихсан байдаг. Энэ төсөлд хууль зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-10 дахин нэмсэнтэй тэнцүүлж торгоно гэсэн байна. Чангатгасан юм алга. 500 сая төгрөгийн тендерт ялсан компани нэг сая төгрөгийн торгууль төлчихөд амархан.
Санхүүгийн чадварыг нь харгалзах талаар ямар зохицуулалт хийв. Мөн АХБ, Дэлхийн банк гэх мэт олон улсын байгууллагаас хэрэгжүүлэх тендер уг хуульд хамрагдах уу” хэмээн Ц.Батбаяр асуув. Хууль зөрчсөн тохиолдолд 20 гаруй төрлийн арга хэмжээ авах гэнэ. Олон улсын байгууллагуудтай хийсэн гэрээнд тэд өөрсдөө тендерийн журмыг тогтоохоор тусгасан байдаг учир уг хуульд хамаарахгүй хэмээн Сангийн сайд хариуллаа. Тендер шалгаруулах гэж олон сараар гацдаг байдлыг цэгцлэх ёстой хэмээн олон гишүүн шүүмжилсэн. Тэгвэл тендерийг 45 хоногийн дотор зарлана, хугацаандаа багтахгүй бол аль шатандаа гацсан байна, тухайн албан тушаалтанд хариуцлага тооцохоор төсөлд тусгажээ.
Төрийн албан хаагчийг ажлаас халах, хоёр жил уг албанд ажиллах эрхгүй болгох заалт ч бий аж. Хариуцлагыг чангатгахын тулд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах төсөлд “Улсад онц ноцтой хохирол учруулсан бол тав хүртэл жил хорино” хэмээн тусгасан гэнэ. Эрдэнэтэд гурван жилийн өмнө барьсан цэцэрлэгийн хана цуурчихсан, анхны үнээс 30 хувиар хямдруулж байж тухайн компани тендерийг авсан учраас чанартай юм болоогүй нь мэдээж. Ийм байдлыг яаж цэгцлэх юм бэ хэмээн Д.Одхүү асуув.
Тендерийн үнэлгээний хороо гэж байсныг өөрчилж Засгийн газрын агентлаг болгож буй юм байна. Уг байгууллага бие даасан байна, хамтын шийдвэрт дээрээс нөлөөлөхийг хориглоно, тодорхой стандарт тогтоох учир хямдруулах, бага мөнгөндөө тааруулж чанаргүй ажил хийдэг байдлыг хална хэмээн төсөл санаачлагч нар үзжээ. Тендер шалгаруулсны дараа ялагдсан тал нь шүүхдэж, ажил эхлэх хугацаанаас хойш татах асуудал гардаг. Төсөлд тендерийн дүн гарснаас хэдий хугацаанд гэрээ байгуулахаар заасныг Г.Батхүү асуув. Тендерийг шалгаруулаад гомдол гаргах эсэхийг ажлын тав хоног хүлээгээд гэрээгээ байгуулна хэмээн тусгасан байна.
С.ТУУЛ