СОНГУУЛИЙН ХУУЛЬД ЖАРААД ОНЫХОН ОЛОНХ
УИХ-ын сонгуулийг холимог хувилбараар явуулна. Мажоритар, пропорционалийн холимог гэдэг нь л тодорхой болсноос биш чухам аль нь давамгайлах тухайд энэ хуулийг батлахаар анаж буй Парламентад одоо гоор ямар нэгэн хувилбар алга байна. Гишүүдийн санал нэгдэхэд маш хүнд нөхцөл сонгуулийн шинэ хуульд тулгарчээ. Бэрхшээл нь УИХ дахь намуудын байр суурийн зөрөлдөөн гэхээсээ бүлгүүд доторх үе тэнгийн зөрүүд байгаа юм. Монгол Улсын Үнд сэн хуульд хүнийг насаар нь ялгаварлахыг хориглодог бөгөөд энд УИХ-ын гишүүдийг нас шүдээр гадуурхах санаа үл агуулав. УИХ-ын 76 гишүүнийг намын харьяаллаар үл ангилан насаар нь далаад оныхон, жараад оныхон, 50-иас дээш насныхан гэж үндсэн гурван бүлэгт хувааж үзье.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлах онц сонирхолтой цаг үед ажиллаж буй энэ Парламентад далаад онд төрсөн 10, жараад онд төрсөн 36, 50-иас дээш насны 30 эрхэм төр түшилцэж байна. Эндээс харахад жараад оныхон буюу 40 гаруй насныхан олонх болж, тэдний эрх ашигт нийцсэн хувилбараар сонгуулийн “хайлмаг” хайлах нөхцөл бүрдэх өндөр магадлалтай. УИХ-д хоёр удаа сонгогдоод үзчихсэн, улс төрийн туршлага сууж яваа, хувь хүнийхээ хувьд олон нийтэд танигдсан хэдий ч тэгтлээ эл дол болсон гэхэд хаашаа юм, 40 гаруй насныхан 2012 оны сонгуулийг хэрхэн төсөөлж байгаагаар холимог доторх хувилбаруудын жор бичигдэх болов уу. Гэтэл бас 50-иас дээш насныхны арми тэднээс хол зөрүүгүй “байлдагчтай” нь анхаарал татаж байна. Тэд 30-уул.
Гучуулаа тэд гучин лидер биш ч гэлээ, олонх нь намаа удирдалцаж явсан цадигтай, эс бөгөөс УИХ-д хамгийн олон сонгогдож нутаг нугынхаа үлгэр домог болсон намтрыг хэдийнэ бичиж амжсан. Харин “живхтэй” гэгддэг 70-аад оныхон дөнгөж 10-уулаа, хэт цөөнх болж байна. Эдний үе их улс төрд дөнгөж хөл тавьсан барьцаа лавшруулахад ирэх сонгуулийн хувилбар онцгой нөлөөлнө. Тиймээс “ганц дайчин ганцаардахгүй” гэдэгчлэн холимог доторх хувилбаруудад амбийцлахаас өөр замгүй юм.
УИХ БАРЬЦ АЛДАЖ БАЙНА
УИХ үнэн хэрэгтээ холимог хувилбарыг сонгох гэж хугацаа алдсан юм биш. Тэдний ганц гацаа бол мажоритар, пропорционалийн аль хувилбарыг ахиу хувиар шийдэх задаргааг л хийж зүрхлэхгүй өдий хүрээд байгаа билээ. Сонгуулийн хуулийг шинэчлэх ажлын хэсгийнхэн УИХ дахь намын бүлгүүд, бүлгүүд доторх үе тэнгийн гурван ангилал, дээр нь намын удирдлагын байр суурь гээд олон ашиг сонирхлын дунд барьц алдаж байна. Гишүүд өөрсдөө ч УИХ-ын сонгуулийн тухай хуулийг батлахдаа амиа хичээх үү, намдаа нийцүүлэх үү, улс орныхоо хөгжлийг харах уу гэдгээ шийдэж ядаж байгаа нь илэрхий. УИХ-ын 76 гишүүний толгойд яавал 2012 оны намар лааз өшиглөчихөлгүй үлдэх вэ гэсэн хувилбар гашилж байгаа болохоос сонгогчдын эрх ашиг бодох сөгөө алга. Тэд өөрсдийн ирээдүйн карьертай шууд холбоотой хуулийг батлах учраас ашиг сонирхлын маш том зөрчилд “живчихээд” байгаа юм.
СОНГОГЧДЫН 80 ХУВЬ 18-40 НАСНЫХАН
Иргэдийн дийлэнх олонх нь улс төрийн намуудад итгэл алдарсан гэдгийг манай улсын хамгийн том хоёр нам ч хүлээн зөвшөөрдөг. Тиймдээ ч шинэчлэгдэнэ, өөрчлөгдөнө гэсэн том том уриа дэвшүүлсээр ирсэн билээ. Хагас жилийн өмнө “Сант Марал”-ын хийсэн судалгааны дүнг саяхан МАН-аас орон даяар явуулсан тандалт давтан өгүүлсэн байна. МАН-ын рейтинг 30 хувь руу ойртож, АН-ынх 20 хувиас хол даваагүй дүн гарчээ. УИХ-ын 2012 оны сонгуульд саналаа өгөх иргэдийг насаар нь ангилж үзсэн судалгаа байна. Анхаарууштай нь нийт сонгогчдын 80 орчим хувийг 18-40 насны залуус эзэлжээ.
Мэдээж 18-40 настнууудын дунд сонгуульд оролцохдоо хойрго хүмүүс олон байдгийг улс төрийн намууд тооцоолохоо андахгүй. Тэдний МАН, АН болон жижиг намууд, иргэний хөдөлгөөнүүдэд өгсөн оноо нийлээд 50 хувьд хүрээгүй байна. Тэд Н.Энхбаяр тэргүүтэй МАХН болоод гуравдагч хүчин хэ мээн өөрсдийгөө нэрийдсэн олон жижгүүдийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн байна. Энэ нь сонгуулийн шинэ хууль дуншиж буй энэ цаг үед улс төрийн шинэ үе, шинэ үзэгдлийг хүлээсэн нийгмийн захиалга бий болсны гэрч байж болох юм. Гэвч одоогийн УИХ-ын 76 энэ захиалгыг мэдэрч холимог доторх хувилбарт шингээж өгөхгүй нь тодорхой.
Тэдний олонхийг бүрдүүлж буй жараад оныхон хийгээд 50-иас дээш настнууд улс төрд шинэ цонх нээхийг бүү хэл намынхаа залуу гишүүдэд дахин хүрд эргүүлэх боломж олгосон хууль баталж зүрхлэхгүй. УИХ-ын 2008 оны сонгуулиар хууль тогтоох байгууллагын босгоор анх удаа алхсан залуу гишүүдийн тоо цөөн боловч 2004-2008 оны Парламентын “живх тэнгүүдээс” хэд дахин олуул болсон нь нийгмийн шинэ хандлагын эхлэл мөн гэвэл өнгөц дүгнэлт болох биз. Гэхдээ очиж очиж Ху намын хатуу уламжлалтай Увс, Ховд, Говь-Алтайн тойргууд өнгөрсөн сонгуульд “живхтнүүдийг” илгээж “намба” алдсан нь тохиолдол биш байсан.