Хэлэхэд төвөгтэй “Урт нэрт” буюу Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг батлаад хоёр жил өнгөрсөн ч хэрэгжүүлэх учраа төр, засгийнхан олсонгүй. Тийм боломж ч үгүй бололтой юм. Учир нь энэ хуулийг хэрэгжүүлнэ гэвэл тусгай зөвшөөрлөө цуцлуулсан уул, уурхайн компаниудад Засгийн газар таван их наяд буюу бараг хоёр жилийн улсын нэгдсэн төсөвтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр төлөх ёстой болж байгаа аж.
Ингээд нэгэнт батлагдсан хуулийг “хэрэгжүүлэх” гарц олох үүднээс УИХ-ын гишүүн Я.Батсуурь, О.Чулуунбат, Ж.Батсуурь, А.Тлейхан, Б.Чойжилсүрэн нарын гишүүн Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг санаачилжээ. Түүнийг нь ойрын үед Байнгын хороогоор хэлэлцэж эхлэх юм. “Урт нэртэй” хуулийг хэрэгжихгүй гэж үзэж буй шалтгааны талаар Я.Батсууриас зарим зүйл тодруулав.
-Урт нэртэй хуулийг хэрэгж үүлэхэд таван их наяд төгрөг хэрэгтэй гэсэн тооцоо гарсан гэдэг үнэн үү?
-Энэ хуультай холбоотойгоор гарах нөхөн төлбөрийн асуудал маш хүнд. Хайгуул хийсэн компаниуд ямар үнэ цэнэтэй ашигт малтмал олохоор тооцсон, олсон гэдгийг нь хэн ч мэдэх боломжгүй. Хайгуулын маш их зардал гаргасан хэсэг компани “шархаа нөхөх” зорилгоор энэ хуулийг лообийдсон гэж ч зарим хэвлэлд бичсэн байна лээ. Урьдчилсан байдлаар таван их наяд төгрөгийг нөхөн төлбөрт зарцуулах тооцоо гарсан гэсэн. Бараг хоёр жилийн улсын нэгдсэн төсөвтэй тэнцэх хөрөнгө шүү дээ. Гол мөрөн, ойн болон усан сан бүхий газрыг хамгаалалтад авах шаардлага бий. Гэхдээ ингэж хуулиар далайлгаж, кампаничлах аргаар хандах нь зөв биш. Байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээлт хийлгэхийн тулд уул, уурхайн компаниудад тавих шаардлагаа өндөржүүлж, байгаль орчинд халгүй техник, технологи нэвтрүүлэх ёстой. Энэ бүх харилцааг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулах бүрэн боломжтой. Уул уурхайн салбар хөгжсөн орнуудад тавьдаг шиг шалгуур бий болгох хэрэгтэй. Монгол Улсад уул, уурхайг хөгжүүлэх ёстой. Гэхдээ байгаль орчинд сөрөг нөлөөгүй, орчин үеийн техник, технологийг нэвтрүүлэх ёстой.
-Нэрнээсээ эхлээд хэлэхэд төвөгтэй ийм үзэл баримтлал бүхий хууль хөгжсөн болон хөгжиж буй орнуудад байдаг юм болов уу. Сонирхож, судалж үзсэн зүйл байна уу?
-Урт нэртэй хуулийн зохицуулалт шаардахгүй, уул, уурхайн компаниудад асар их нөхөн төлбөр төлөхгүй байх боломжтой. Манай нийт газар нутгийн 60 орчим хувийг төрийн болон орон нутгийн тусгай хамгаалалтад авсан шүү дээ. Нөхөн сэргээлтийг өндөр төвшинд хийхийг шаарддаг, тэгээгүй тохиолдолд хатуу хариуцлага тооцдог хуулийн зохицуулалт бий болгож өгөх хэрэгтэй.
Г.ЭНХ