Энэ үгийг МАН-д хаягламаар байна. Уг нь АН-аас өрсөж МАН-ынхан “Бид пропорциональ давамгайлсан 50:26 хувилбарын төлөө байна” гээд нүүр бардам хэлээд сууж байх байв. 2004-2008 оны УИХ-д МАХН-ын дарга, Ерөнхий сайд С.Баяр сонгуулийг төгөлдөршүүлж, хувь тэнцүүлсэн хувилбарын төлөө эрх баригч хүчин баттай зогсохын төлөө буйг хэнд ч ойлгогдохоор тунхагласан. 2008 оны Парламентын сонгуулийг пропорциональ тогтолцоогоор явуулах улс төрийн санаачилгыг МАХН-ын зүгээс ийн дэвшүүлсэн нь нийгэмд томоохон итгэл төрүүлээд байв. Харамсалтай нь АН-ын лидер ардчилсан сонгуулийн тогтолцоо руу дөтөлсөн тэр гэрэл гэгээг унтрааж орхисон юм. Ингэснээрээ “долдугаар сарын 1” гэх эмгэнэлт хэрэг явдалд ямар нэгэн байдлаар хувь нэмрээ оруулсан байхыг үгүйсгэхгүй.
Сонгууль будлиантай болсон гэх үймээний дараа 2004-2008 оны улс төрийн эвслийн гэрээг 2008-2012 онд үргэлжлүүлэн байгуулаад буй. Энэ эвслээс хүлээх томоохон үр дүнгийн нэг бол яах аргагүй сонгуулийн тогтолцооны шинэчлэл юм. Түүний төлөө 2004-2008 онд санаачилгыг гартаа авч ажилласан МАН өнөөдөр харин тэр идэвхтэй байр сууриасаа ухарч эхэллээ. Энэ үед С.Баярын нөлөө, санаа бодол үгүйлэгдэж байна гэлтэй. Эх сурвалжийн өгүүлж буйгаар МАН цөөнхдөө хөтлөгджээ. МАН-ын Удирдах зөвлөл 31 гишүүнтэй. Тэдний 20 гаруй нь холимог хувилбарын төлөө байгаа ч мажоритартайгаа үлдье гэсэн Н.Ганбямба, Ч.Хүрэлбаатар, Ж.Энхбаяр нарын арав хүрэхгүй гишүүнийхээ ухуулгыг “нам дарчихаж” чадахгүй байгаа бололтой.
Пропорциональ тогтолцоогоор сонгууль явуулах нь МАН-д хохиролтой гэсэн хандлагыг тэд намын хамт олондоо бий болгохыг эрмэлзэж байгаа гэх. Тэгвэл 2008 оны долдугаар сарын 1-нийх шиг самуунаас болгоомжилсон нийгэм үүнээс өөрийг хүсэж буй. МАН-д ч зөв зүйлийн төлөө байр суурьтай гишүүн цөөн бус байгаа юм билээ. МАН-ын Удирдах зөвлөлийн нэрээ хэлэхийг хүсээгүй нэг гишүүн хэлэхдээ, “Улс төрийн бусад хүчнүүд пропорционалийн төлөө байгаагаа зарлачихаад байхад манай нам зөвхөн өөрт ашигтай гэсэн сэтгэлгээгээр зүтгэхгүй гэдэгт найдаж байна. Эс тэгвэл шинэчлэл ярьж эхэлсэн МАНын нэр хүндэд л муугаар нөлөөлнө.
Монгол Улс өнөөдөр мөнгөтэй боллоо. Энэ боломжийг нийгмийнхээ хөгжил, хүндээ наалдсан том эрх ашигт зарцуулах ёстой. Мажоритар тогтолцоог авч үлдсэнээр энэ их мөнгө үр ашиггүй (өнөө сургууль, цэцэрлэгийн дээвэр мэтхэнд зарцуулдаг шиг) хөрөнгө оруулалт болж дуусна. Эцсийн үр дүнд нь нийгмийн бухимдал улам газар авна. Гэхдээ мажоритарын төлөө тууштай зогсож байсан манай намын олон гишүүн пропорциональ тогтолцооны төлөө байр суурьтай болж байгаа. Мажоритар нь манай намд эрсдэлтэй хувилбар байж болох ч Монголын ирээдүйн хөгжилд, улс төрийн намын төлөвшилд сонгуулийн пропорциональ тогтолцоо хэрэгтэй” гэв.
Холимогийн сонирхолтой саналууд…
Д.Лүндээжанцан, Л.Болд нарын төслийг нэгтгэх замаар зарчмын зөрүүтэй 250 шахам саналын томъёоллын 200 шахмыг анхны хэлэлцүүлгийн үед нэг тийш болгосон. Ингэснээр төслийн хэлэлцүүлэг “шуудрах” замдаа орсон гэж Ажлын хэсгийнхэн үзэж буй ч үлдсэн цөөн хувийн санал дээр багагүй гацаа үүсэж мэдэхээр байгаа юм. Энэ нь нөгөө л тогтолцооны асуудал. Холимог хувилбарыг сонгох дээрээ тулбал харьцаа ямар байх, мажоритар, пропорционалийн аль нь давамгайлах вэ гэдгээс болж МАН, АН-ын хооронд ширүүн маргаан өрнөх нь гарцаагүй. МАН-ын хувьд мажоритар зонхилсон холимог хувилбарын төлөө зүтгэх таамаг одоогоор ажиглагдаж буй. “Манай орон өргөн уудам газар нутагтай.
Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, хүн ам тархай бутархай оршдог учраас орон нутгийн төлөөлөл болсон мажоритар тогтолцоо заавал давамгайлах ёстой” гэсэн хэдэн үгээр МАН-ын зарим этгээд арга саам хийх магадлалтай. АН шиг ядаж тооны тал дээр тогтсон зүйл ч тэднийд алга. Бидэнд олдож буй мэдээллээр 26:50 гэсэн хувилбарыг МАН-ын зарим гишүүн санал болгож буй юм байх. Энэ нь УИХ-ын 26 суудлыг пропорционалаар сонгох тухай. МАНын бүлгийн гишүүдээс гарсан бас нэг санал нь пропорциональ хувилбар орсон хэлбэрээр санал хураах тохиолдолд нэг сонгогч-нэг нэр дэвшигчийн төлөө бус найман хүнд санал өгөх тухай юм байна. Болдогсон бол дэмжигдээсэй хэмээн хүсэж болохуйц сонирхолтой хувилбарыг Э.Бат-Үүл, Д.Лүндээжанцан нар санал болгож буй.
Тэд Монгол Улсыг нэг тойрог болгож 76 нэр дэвшүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Энэ нь хоёр намын хүрээнд яригдаж буй саналуудаас пропорциональ тогтолцоонд нийцсэн хамгийн боломжийн хувилбар боловч дэмжигдэх магадлал тун бага юм. Тэднийг нэгтгэж буй эл хувилбарын “задаргаа” нь их сонирхолтой. Түүгээр сонгууль явуулж МАН 42 суудал авч олонх боллоо гэж бодъё. Тэгсэн тохиолдолд УИХ-д суудал аваагүй ч намд хураасан саналаараа 42-50-д жагссан нэр дэвшигчийг сайдаар томилъё гэсэн санаа аж. Ядаж Засгийн газрын гишүүн сонгогчдын тодорхой дэмжлэг авсан байх ёстой, ийм зарчмаар УИХ, Засгийн газрын гишүүний албан тушаалыг тусгаарлая гэсэн Э.Бат-Үүл, Д.Лүндээжанцан нарын санааг үгүйсгэж боломгүй санагдана.
АН-ын хувьд 50:26 гэсэн тоон хувилбарын төлөө байр сууриа нэгтгэсэн нь сайн хэрэг ч чухам аль тогтолцоо нь давамгайлах талаарх эцсийн шийдвэр гараагүй байна. Хэрвээ пропорциональ тогтолцоогоор УИХын олонх суудлыг бүрдүүлэхийн төлөө байгаа бол АН-д баяр хүргэхээс яах билээ. Харин тэд мажоритар тойрогт нэр дэвшээд унасан этгээд намын жагсаалтаар УИХ-д сонгогдох тухай утгагүй санал дэвшүүлж буй. Том эрх ашгийн төлөө түүнээсээ татгалзаж чадна гэж АН үзжээ.
Долдугаар сарын 1-нээс өмнө амжуулах хүсэл
Ажлын хэсгийнхэн энэ зорилгын төлөө хичээхээ амлав. УИХ-ын сонгуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэгт Н.Энхболд, Ж.Сүхбаатар, Ч.Сайханбилэг, Су.Батболд, З.Энхболд, Ц.Мөнх-Оргил, Э.Бат-Үүл, Д.Энхбат нар багтаж буй. Тэд долдугаар сарын 1 гэхэд Сонгуулийн хуулиа батлуулна гэдэгтээ итгэлтэй байгаа юм билээ. Хугацаа сунгалаа гэхэд 14 хоногоос хэтрэхгүй гэж үзжээ. Тогтолцооноос гадна Үндсэн хуулийн “УИХ-ын гишүүнийг шууд сонгох” зарчимтай зөрчилдөж мэдэх нэг зүйл бий.
Ажлын хэсгийнхэн энэ асуудлаар саяхан УИХ-ын даргатай санал солилцжээ. “Гишүүнийг шууд сонгоно” гэсэн агуулгыг “сонгогч саналаа биечлэн өгөхийг шууд сонгууль гэж үзнэ” гэсэн агуулгаар Үндсэн хуульд нэг мөр ойлголт бий болгох нь зүйтэй гэж уулзалтын үеэр тохирсон байна. Ямартай ч сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх, урагшаа нэг алхах гэсэн хүсэл эрмэлзэл дуншиж байна. Харин мажоритар, пропоционалийн аль нь зонхилсон холимог хувилбар байх вэ гэдгээр гацаа үүсэж мэдэхээр харагдаж буй. Ядаж 38:38 гэсэн холимог хувилбараас доош орж хэрэггүй юмсан.
Го.ЭНХТӨР