ЯКУЗАГИЙН АРГА ХЭЛБЭР МОНГОЛЫН УЛС ТӨРД НЭВТЭРСЭН ҮҮ
1970-аад оны дундуур Японд “Локхидийн” гэх хэрэг илэрсэн нь Америкийн Ерөнхийлөгч Никсоны холбогдсон “Вотер гэйтийн” хэргээс дутуугүй шуу гиан тарьжээ. 1957 онд эхэлсэн улс төр-якузагийн эл хуйвалдаан 20 жил далд үргэлжилсэн гэдэг. “Локхид” нь онгоц нийлүүлэгч компани аж. Японы агаарын тээвэрт ту хайн үед гадаадаас онгоц авах шаардлага гарч, чамгүй хөрөнгийг Засгийн газраас нь төсөвлөсөн юм байна.
Чанартай, хямд онгоц авахын тулд одоогийн ойлголтоор тендер зарлах ёстой байх. Гэтэл тийм зүйл болсонгүй. Онгоцоо өндөр үнээр, өрсөлд өгчгүйгээр Японд шахах гэсэн Америкийн “Локхид” компанийнхан энэ зорилгодоо якузаг ашиглажээ. Хангалттай төл бөр авсан якузагийн загалмайлсан эцэг Ё.Кодама ч үүргээ амжилттай биелүүлэв. Тэрбээр танил улстөрч, намд улс төрийн төлбөр төлж, санхүүжүүлэх замаар эрх баригч Либе рал ардчилсан намын нөлөө бүхий фрак цыг эрхшээлдээ оруулж чаджээ.
Замд нь саад болсон төр, хувийн хэвшлийн шударга албан тушаалтнуудыг нөлөө бүхий улстөрчдийн дэмжлэгээр зайлуулж чадав. Америкийн сенатч Франк Черч гэгч хуйвалдааны мөрөөр орж чадсаны хүчинд Японы нийгмийг цочирдуулсан улс төр, гэмт бүлэглэлийн хуйвалдааныг илчилсэн гэдэг.
Тэр цагаас хойш Японы улс төрийг эдийн засгийн гэмт хэргээс цэвэрлэх ажиллагаа амжилттай хэрэгжиж, үе үеийн Ерөнхий сайд Я.Накасонэ, К.Танака, М.Охира, Т.Кайфу, Ё.Мори, Н.Такешита нарыг якузатай холбоотойг нотлох, сэжиглэх баримтуудыг мөрдөгчид гаргаж тавьсаар иржээ. Манайд ч ийм дүр зураг ажиглагдах болсоор удав. Нээлттэй, шударга тендер гэх зүйл бараг байхгүйтэй адил.
Хөшигний цаана юу өрнөдгийг, сонгон шалгаруулалтад шударгаар оролцогч тал ялагдлынхаа талаар яагаад гомдол санал гаргадаггүйг мэдэх аргагүй. Их сонирхолтой, бас нарийн учиртай санагдаад байгаа юм. Сүүлийн үед Монголд нам гэх үзэл бодлоороо эвлэлдэн нэгддэг байгууллага утгаа алдаж, эдийн засгийн сонирхол бүхий бүлэглэл болж хувирсан байна.
Авлигатай тэмцэх газрын Судалгаа, шинжилгээний албаны дарга Б.Батзориг хэвлэлд саяхан өгсөн ярилцлагадаа улс төр, нам, улстөрчдийн авлигын талаар ноцтой асуудал хөндөв. Тэрбээр хэлэхдээ, “Зарим хүмүүст шагнал, дэмжлэг өгөөд түүнийхээ тодорхой хувийг намдаа авдаг.
Албан тушаалд томилоод хандив цуглуулах үүрэг өгдөг. Бизнесийн үйл ажиллагааг нь дэмжсэн шийдвэр гаргаж, тодорхой хэмжээний хамгаалалтад авдаг. Тэгээд олсон ашгаас нь намдаа хандив болгож авах арга бий. Тендерийг өөрийнхөө намын хүнд өгчихдөг. Улс төрийн хүрээний авлигачид маш ухаантай, чадалтай, гэмт хэргээ үйлдэхийн тулд бүхэл бүтэн баг ажиллуулдаг.
Шаардлагатай гэвэл зарим хууль, дүрмийг өөрчилдөг” гээд энэ бүхнийг шалгаж, нотлох, таслан зогсоохын тулд Х.Тэмүүжин нарын санаачилсан Сонирхлын зөрчлийг зохицуулсан хуулийн төслийг сайтар хэлэлцэж батлах хэрэгтэй гэжээ. Энэ бол төрийн албан хаагчийн, судлаачийн үг. Зүгээр нэг сул урсгасан хийрхэл биш байх. Хатуу хийгээд муухай сонсогдож мэднэ. Гэхдээ л якузагийн улс төрийн нөлөө, явуулж байсан үйл ажиллагааны арга хэлбэр Монголын өнөөгийн улс төр-эдийн засаг, улстөрч-бизнесийн харилцаанд ажиглагдах болсныг уншигч Та анзаарсан, үгүй бол анзаарах биз ээ.
Уг нь хөгжсөн улс оронд эдийн засаг-улс төрийн сэжиг бүхий үйлдлийг Парламентын төвшиндөө авч хэлэлцдэг журамтай байдаг аж. Манайд ч энэ хэлбэрийг жишиг болгоход буруугүй санагдаж байгаа юм. “Адуутай хэрнээ явган монгол” гэсэн сэдвийг хөндсөн минь ч дээрх харьцуулалтаас төрсөн билээ.
1.5 САЯ БАРРЕЛЬ ГАЗРЫН ТОС НИЙЛҮҮЛДЭГ ОРНООСОО 10 МЯНГАН ТН ШАТАХУУН ГУЙХААР ОДОВ
Нусаа хацартаа нааж, амаараа шороо үмхэнэ гэдэг шиг явдал сүүлийн үед монголчууд бидэнд тохиолдож байна. Шатахууны хүрэлцээ тасалдсанаас автобусны компаниуд 50 хувийн зогсолт хийж, гудамжны хөдөлгөөн түүнтэй ойролцоо хэмжээгээр шингэрчээ.
Шатахуун түгээх цэгүүдэд урт дараалал үүсэж, ахиу бензин авч чадсан нь дамын наймаа хийгээд эхэлсэн гэх нь одоо цагт үлгэр шиг сонсогдож байна. Хүнээсээ хэд дахин олон адуутай хийморьлог монголчууд хараал урсгаад явган таваргаж байгааг хараад дэлхий биднийг шоолж, төр, засгийн арчаагүйг гайхаж байгаа гэдэгт эргэлзэх зүйл огтхон ч алга. Энэ хэдэн жилд харин нефть импортлогчид хөлжжээ. Шатахуун нийлүүлэгч томоохон компаниудын эздийг захаас нь аван тоолъё.
“Петровис”-ийн Ж.Оюунгэрэл, “Шунхлайн” Г.Батхүү, “Оюуны ундраа”-гийн С.Отгонбаяр. Энэ хүмүүс улс төрд нөлөөтэй. Намдаа томоохон хандивлагч болж чадсан улс. Тэднийг буруутгах эрмэлзэл огт үгүй ч алган дээр тавигдсан дүр зураг, үйл ажиллагаа, улс төрийн хэлхээ холбоо нь бизнесийн эрх ашгаа хамгаалуулах зорилго агуулсан мэт харагдуулж буй юм. Монгол өөрийгөө хангаад, өрөөлийг тэтгээд явчих хангалттай газрын тосны нөөцтэй. Өвөг дээдсээс маань үеийн үедээ бусдын тогоо өнгийхгүй амьдрах хангалттай баялгийг үлдээжээ.
Дорнодын тал өнөөдөр хар тосоор “тургиж” буй. Дорноговьд ч ялгаагүй. Багаар бодоход дотоодын нийт хэрэгцээний 30 гаруй хувийг өлхөн хангах нефть энэ бүс нутагт бий. Нөөц нэмэгдэх магадлал ч өндөр гэлцэнэ. Өнөөдрийн байдлаар газрын тосны хайгуулын 19 талбайд дотоод, гадаадын 14 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл бүтээгдэхүүн хуваах гэрээ гэгчийн дор түүнээ экспортолж, эргээд өөрийнхөө юмыг бусдын аманд багтсан өндөр үнээр худалдаж авах дээрээ тулав. Тэгэхгүй гээд ч яахав. Кувейт, Казахстан улс тус бүртээ нэг сая баррель түүхий нефтийг хэдэн жилийн өмнө монголчуудад санал болгосон билээ.
Бас л байдаггүй. Дархан, Чойбалсан, Зүүнбаян, Сайншандад хэр тааруу нефть боловсруулах үйлдвэр байгуулах тухай, техник, эдийн засгийн үндэслэл нь хийгдсэн төслүүдийг арван хэд, хорин жил хэн нэгэн эрх мэдэлтний төмөр авдарт, элдэв шалтгааны дор даржээ.
Миний санаж буйгаар, хамгийн сүүлд Дархан-Уул аймагт жилдээ 1-2 сая тонн нефть боловсруулах үйлдвэр байгуулах тухай төсөл бэлэн болж, ганцхан Монголын Засгийн газрын баталгааг хүлээж байсан. Японы тал хөрөнгө оруулахад бэлэн, түүнд нь харин баталгаа гаргаад өгөөч, төрд хувь эзэмшүүлье, мэргэжилтнүүдийг нь бэлтгээд өгье гэдгээ мэдэгдээд хэдэн жил улирсан юм байх.
Дотооддоо түүхий эд нь хангалттай. Мөнгө нь ихэдсэн сүүлийн хэдэн жилд нефть боловсруулах үйлдвэр барих шиг амархан зүйл үнэндээ байгаагүй гэхэд хилсдэхгүй. Монголд шатахууны хямрал анх удаа нүүрлэж байгаа юм биш. “Зовсон хүн жаргадаг” гэх үгээр бол хямд үнэтэй бензин шатахууны асуудлаа манай төр, засаг аль хэдийнэ шийдчих байлаа. Хар тосоор ангаад ирэхийн цагт Монголын Засгийн газрын ганц хийж чаддаг зүйл нь салбарын сайд, дарга даамлуудыг хоёр хөрш рүү гуйлганд явуулдаг хуучирсан арга өнөө ч хэрэглэгдсээр байна. ЭБЭХ-ний дэд сайд Б.Ариунсан Оросын талаас найман мянган тонн түлш гуйхаар яваад иржээ.
Гэтэл манай нэг сарын дизель түлшний хэрэглээ 34 мянган тонн гэж байгаа. Монголоос жилдээ 1.5 сая баррель газрын тос импортолдог Хятадаас 10 мянган тонн шатахууны тусламж хүсэхээр сайд Д.Зоригт оджээ. Ингэж гал унтраах байдлаар олон жил явж ирснийг өөрчлөхийг Ерөнхий сайд С.Батболд хүсэж байгаагаа саяхан болсон Засгийн газрын хуралдааны үеэр ярьжээ. Нефть боловсруулах үйлдвэр барих ажлыг ойрын үед эрчимтэй эхлүүлэх, энэ ажлын явцын талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг холбогдох хүмүүст нь үүрэг болгосон юм байна.
СЭТГҮҮЛЧИД ҮЗГЭНДЭЭ БЕНЗИН СОРУУЛДАГГҮЙ ЮМ. Д.АМАРСАЙХАН ДАРГА АА
Шатахууны хомсдол нүүрлэсэн нь Газрын тосны газрын албан тушаалтнуудад падлийгүй юм байх аа. Хэвлэл мэдээллийн мань мэт буруутан нь бололтой. Тус газрын дарга Д.Амарсайхан “сэтгүүлчид та нараас болоод шатахуун ховордлоо” гэж ичих ч үгүй хэлсэн. Сэтгүүлчид үзгэндээ бензин соруулдаггүй, дүрс бичлэгийн камер, микрофоноо шатахуунаар цэнэглэдэггүй билээ.
“Дизель түлшний нөөц хомсдлоо” гэж сэрэмжлүүлсэний дараа хямрал нүүрлэсэн бол, сэтгүүлчийн хэлсэн ганц үгнээс улс орон хомсдолд автсан бол ийм арчаагүй, хэврэг бүтцийн жолоог барьж суугаа Д.Амарсайхан буруутай.. сэтгүүлчид буруугүй. Ийм ядарсан албатуудаа Ерөнхий сайд хэрхсэн бол. Бүхэл бүтэн улс шатахуунаар гачигдаж байхад ийм арчаагүй мэдэгдэл хийж сууснаараа ГТГ-ын дарга нар унах нүхээ малтсан. Уг нь тэр лүү нь чигт нь явуулчих ёстой л байхгүй юу.
Нефть боловсруулах үйлдвэр байгуулах, нефть импортлогчдын сонирхлын зөрчлийг таслан зогсоох нь угтаа Газрын тосны агентлагийн ажил байлтай. Энэ бүхнээс нэгэн бодол төрсөн юм. Адуутай монголчуудыг явгаруулсан, төрд бугласан этгээдүүдийг зайлуулбал ер нь яасан юм бэ гэж. Тэгж байж төр дэх бизнесулс төрийн хэлхээг тасалж чадах бус уу. Монголд өнөөдөр юу хамгийн их хэрэгтэйг нөхцөл байдал мэдрүүлж байна. Бас юуг хамгийн түрүүнд барьж байгуулж болох байсныг өнгөрсөн цаг хугацаа харуулав биш үү.
Нэг л сэдэв хөндөн бухимдахад ийм байна. Саяхан эрчим хүчний сал барынхны томоохон зөвлөлгөөн боллоо. Утаанаас яаж салъя даа гэж байтал утааг яаж нэмэгдүүлэх вэ гэсэн утгатай зүйлийг энэ салбарын том удирдагчийн нэг Баярбаатар гэгч дэвшүүлж байх юм. Хорт хий ялгаруулдаг нүүрсээ гадагш нь зараад уранаа ашиглаж, атомын цахилгаан станцтай болж яагаад болохгүй гэж.
Энэ мэт азарга азаргаар адуутай хэрнээ явган таваргаж яваа жишээ олон байна. Уг нь Монгол хүн хөл явган байх учиргүй хувь заяатай ард түмэн юм гэнэ лээ.
Го.Энхтөр