Бадраасан гал дээш цойлно, бардам хүн доош унана. “Бидний төрөлхийн бүх хүсэл тэчьяадлаас таслан хаяхад хамгийн хэцүү нь бардам зан байдаг. Түүнийг халхалсан ч, түүнтэй тэмцсэн ч, түүний сэтгэлийг хавчсан ч, тэр амьдарсаар, үе үе сэдрэн өөрийгөө харуулдаг” хэмээн хэдэн зууны тэртээ нэгэн сэтгэгч бичжээ. Савандаа байвал хэрэгтэй, савнаасаа халивал хортой хүний төрөлх зан аалийн нэг нь бардам зан. Хэлсэн үгэндээ ам бардам эзэн болж, хийх гэснээ нүүр бардам хийдэг бардам занг чадаж байгаа юманд арга байхгүй гэдэг шиг хүлээн зөвшөөрөх нь зүйн хэрэг. Ийм хүмүүсийг магтаж мандуулсан ч багадна. Том ярьж, бага хийдэг, ам ажил хоёр нь алд дэлэм зөрдөг бардамнагчдыг бардам ам, шалдан гуя гэж нэрлэхээс аргагүй. Биеэ өргөмжлөн хөөрөгддөг, өөрөөсөө мундаг хүн байхгүй мэт боддог хүмүүс бардагнах дуртай. Биеэ тоогсдыг бардам зан сүүдэр мэт дагана. “Өөрийгөө өргөмжилдөг хүн тэнэг, увайгүй хоёрын дунд нь байдаг. Түүнд аль алиных нь шинж бий”. Тэнэг, увайгүй байдгийн илрэл нь өөрийгөө учир зүггүй, ичиж улайхгүй магтах тэнэглэл. “Ичгүүр сонжуургүйгээр өөрийгөө магтагч ой гутмаар байдаг”. Их мөрөн дөлгөөн, их хүн даруу. Их хүмүүс бардам зангүй, бахархам үйлсийн эзэд. Тэд хэзээ ч бардамнаж сайрхдаггүй, харин хариуцсан ажлаа л маш сайн хийж чаддаг. Тиймээс их хүмүүсээр олон түмэн бахархаж, алдаршуулан магтана. “Дорд хүмүүсийн бахархал нь байнга өөрөө өөрийнхөө тухай ярихад оршдог бол, эрхэм дээд хүмүүсийн бахархал нь ерөөсөө өөрийнхөө тухай ярихгүйд оршино”.
Хүний бүтээсэн зүйлийг өөрийнх мэт сагсуурч, хүний юмаар хүүдэгнэн бардамнах нь ёс бус үйлдэл. Бар, арслан юунд дургүй вэ? Өөрийнх нь барьсан ангийн сэг зэмээр үнэг хооллохдоо өөрөө барьсан мэт бардам зан гаргахад бар, арслан дургүй гэж эртний сударт өгүүлжээ. Хир тааруу, дутуу дулимагаа зохиомлоор нөхөж, хиймлээр чимэхийн тулд хүмүүс хоосон бардамнах ёс бий. Үлгэрлэвэл, хуурамчаар дуурайлган үйлдсэн гоёлын эд зүйлс хэрэглээд жигтэйхэн бардам алхаж яваа хүмүүстэй л төстэй юм.
“Юу ч сонсохыг хүсэхгүй ганцаараа ярих нь бардам зангийн шинж мөн”. Бүхнийг мэддэг, бүгдийг чаддаг мэтээр биеэ хөөрөгдсөн, онгироо сагсуу зан нь тэнгэрт тулах шахсан ихэмсэг бардам зантангууд бусдыг сонсох дургүй, бусдаас асуух дургүй. Өөрөө ярих дуртай, өрөөлийг яриулах дургүй. Урт удаан ярьдаг хүн өөрийнхөө тухай голдуу ярьчихдаг. “Өөрийнхөө тухай битгий ярь. Нэг бол биеэ магтах болно. Энэ нь ихэрхсэн хэрэг. Эсвэл өөрийгөө муулах хэрэг гарна. Энэ бол өчүүхэн дорой сэтгэл. Өөрийнхөө тухай ярина гэдэг нь эрүүл саруул ухааны эсрэг нүгэл үйлдэж, сонсож буй хүмүүсийг залхаахаас илүү үр дүнгүй” хэмээн хэлсэн эрдэмтэй хүний сургамжтай үг байна. Эрдэмтэй хүн мэддэг мөртлөө асуудаг, эрдэмгүй нь мэдэх ч үгүй, асуух ч үгүй. Ихийг мэддэг хүн бардам зангаа дэврээхгүй, хазаарлан зогсоох чадвартай. Бардам зантай хүмүүс бусдын талаар туулайн чинээ боддог бол өөрийн талаар зааны дайтай бодно. Бусдыг үл хайхран, өөрийнхөө тухай хэдийчинээ их бодно, төдийчинээ чамайг бага хайрлана. Хувиа хичээсэн бардам зантангууд ойрын хүмүүсийнхээ ч хайр хүндэтгэлийг хүлээхгүй. Хажуу ойрынхон чинь хүндэтгэхгүй бол хар элгийнхэн тэр тусмаа хүндэтгэхгүй. Бардам зан хайр хүндэтгэлийн дайсан.
Хангалуун байхдаа битгий бардамна, дутагдах үедээ бүү гутар. Шинэ баян цээж өвчтэй, хур баян хууч өвчтэй гэх өвгөчүүлийн сургамжтай үнэн үг бий. Цаад гүн утгаараа хангалуун байхдаа бардамнан өвчигөнөх хэрэггүйг сануулсан ухаарлын сургаал. Эхэлсэн бүхэн дуусдаг, хураасан бүхэн хорогддог болохоор өнөөгийн цатгалан байгаагаа өнө мөнхийн мэт санаж, өөрөөс нь илүү хүн байхгүй мэт бардаж бүү сага. Түүний оронд арай чамай цуглуулснаа арвилан гамнах, ахиулан өсгөх арга замаа хайж, ухаан бодлоо дайчил. Өлмүү сүлмүү хоолтой, өмсөх зүүхээр гуцуухан, урт богино хугацаанд дутуу дундуур байх үе хэн хүний амьдралд тохиож болох. “Эгч ээ, энэ ядуу амьдралаа ямар хугацаагаар тэсвэрлэх вэ? гэж дүү нь асуув. Дөч хоног, магадгүй дөрвөн жил гэж эгч нь хариулав. Дараа нь яах вэ? Дасчихна”. Ядуу дутуу байдалд дасч, урам хугаран уруу дорой царайлан сууж яасан ч болохгүй. “Урам хугарна гэдэг сул доройн шинж. Урам зориггүй, итгэл алдарсан хүмүүст бүү итгэ. Тэд ихэвчлэн чадал мөхөс хүмүүс байдаг”. Би чадал мөхөс, ядарсан дорой амьтан гээд гараа хумхин суугаад байх юм бол насан туршдаа тийм байдлаас салахгүй новшрон зууралдана. Чадал суухад чинь хэн ч чамд туслахгүй. Чи өөрөө зориг хүчээ шавхан, хөл дээрээ босч, дутуугаа гүйцээж, дундуураа дүүргэх тавилантай. Хөлдүү газар хэчнээн хатуу вэ гэдгийг мэддэг хүн уналаа ч газраа тулаад босоод ирнэ. Өөдлөн өсөх, дэвжин дээшлэх итгэл сэтгэлтэй байх хэрэгтэй. Дорой буурай байдалдаа дасан зохицож, ийм л байсан, тийм л байх заяатай юм байлгүй гэж уруу царайлж, уруудах замаа өөрөө засч хэрхэвч болохгүй.
Хүрч амжсан амжилтаараа бардамнан сайрхаж болдог юмаа гэж бодоход түүгээрээ бусдад бардамнан дээрэлхэх хэрэггүй. “Хэрэв чамд өөрийн амжилтыг нотлох ямар нэг зүйл байгаа бол энэ нь бардамнал биш”. Чамд байгаа бардах, бардамнах зүйл чинь гэмгүй, мөрөөрөө хүмүүсийг дээрэлхэх зэвсэг болох ёсгүй. Бардамнан дээрэлхэх нь ёс суртахууны уналтын доод цэг. Бардам дээрэнгүй зан чиний дайсан, бахархам саруул ухаан чиний анд нөхөр. Гэгээн ухаан алтнаас үнэтэй. Ядарсан дорд хүмүүсийг ялж дийлснээрээ бардах хэрэггүй. Хүчгүй хүнийг дийлэх нь ялагдсантай адил. Хүмүүст муу санаж, дургүйг хүргэн, бардам дээрэнгүй загнаснаар олдох олдвор, хожих хожвор үгүй. Муу санааны үрийг хэзээ нэгэн цагт хүртэнэ. Дургүй нь хүрвэл шоргоолж хүртэл хазна. Хэн нэгэн чамд муу зүйл хийсэн бол басамжлан дээрэлхэж, бардамнан хашраах бус, өршөөх нь өлзийтэй. “Шийтгэхээсээ өршөөх нь илүү эр зориг юм. Сулхан хүн өршөөж чаддаггүй. Өршөөх нь хүчтэй хүний шинж”.
Эр чадал, эрдэм ухаандаа эрдэх нь муу чанар биш. Харин хэт бардах муу. Сайн бөх бардаж яваад ойчдог шиг бардамтгай хүн бардаж амласандаа хүрэх нь ховор. Аливаа юманд ам гаран бардамнах сайн зүйл биш. Ам гаран бардсандаа хүрэхгүй, амаа алгадуулан буцаж, давахгүй гэсэн даваагаар гурав давахад хүрдэг нь бардагнахын балаг. Бардам занг хүмүүс бахархан дуурайдаггүй бол “бардам зантангууд бусад хүмүүсийн бахархлыг үзэн яддаг”. Хэт бардам зантай хүмүүс өөрийнхөө талаар хэтийдсэн үнэлгээтэй. Тэд бусад хүмүүс өөрөөс нь илүү гарахад зэвүүцэн дургүйцэж, атаа жөтөө нь аяндаа дэвэрнэ. “Бардам зан гэдэг бол өөрөөсөө бусад хүмүүсийн талаар төрдөг нэг төрлийн зэвүүцэл юм”. Атаархал хоёр үзүүртэй хорт зүү адил. Атаархсан хүн рүүгээ хортой үзүүрээр хатгана, өөрийгөө сэтгэлийн зовлонд тарчлаан сүлбэнэ. “Атаархлаас өөр ямар ч гажиг хүмүүсийн сайн сайхан байдлыг тийнхүү хорлодоггүй, атаархлын халдвар авсан хүмүүс өөрсдийгөө гутраагаад зогсохгүй, бусдын баяр баясгаланг ч харлуулна”.
Согтуу хүн ам бардам. Сархад савнаасаа бусдыг дийлдэг болохоор дуугай хүнийг чалчаа, туулайн зүрхтэйг арслангийн омогтой, юу ч хийж чадахгүйг бүхнийг чадагч болгон хувиргаж, алтан дэлхийг алган дээр тавиад өгчих юм шиг ам бардам авирлуулна. Архины ад донд хорлогдогсод хүнээ алдаж, ариун гэгээн бүхнээ алга хийн хоослоно. Архинд хордсон бардам зан үнэний нүдийг таглан хааж, худлын замыг нээн онгойлгож өгнө. Үнэн байдлаа нууж, үнэгэн бачаа гаргах нь архинд хордсон бардам зантны төрх. Ер нь архичны төрхтэй нэн төстэй “бардам зантны төрх ёозгүй байдаг”.
Амны зоргоор ажил бүтэхгүй, хүслийн эрчээр зорилго биелэхгүй гачлантай тул ам бардам гайхуулах хэрэггүй. Ажлаа хийсэн шиг хийж, дууссан хойноо нүүр бардам сайрх. Байх хэмжээндээ байгаа бардам зан хортой ч биш, аюултай ч биш. Бардам занг дэврүүлж л болохгүй. Ус шатаад эхэлбэл юугаар унтраах вэ? Бардам зан дэврээд ирвэл юугаар дарах вэ? Хүн өөрөө өөрийгөө ялан дийлж байж хэт бардам зангаа дарна. “Өөрөө өөрийгөө эрэлхэгээр даван туулах чадвар бол ухаалаг хүн бахархаж болох хамгийн гайхамшигт ололтуудын нэгэн” хэмээн нэртэй бичгийн хүн хэлсэн байна.
Сав савандаа сагаж дэврэхгүй байцгаая.