Монгол Улсын Засгийн газар, Төрийн албаны зөвлөл, Төрийн албаны шинэтгэлийг удирдах хороо хамтран анх удаа “Төрийн албаны шинэтгэл, сорилт, боломж” сэдэвт үндэсний чуулганыг өнгөрсөн баасан гаригт Төрийн ордонд зохион байгууллаа. Чуулганд төв, орон нутгийн төрийн байгууллагуудын болон хувийн хэвшлийн 600 гаруй төлөөлөгч оролцов. Тус чуулган төрийн албаны шинэтгэлийн стратегийг тодорхойлох, төрийн алба, төрийн албан хаагчийн талаар хуульд оруулах өөрчлөлт, төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлага, мэргэжлийн төвшинг улс орны хөгжлийн хурдац, нийгмийн хэрэгцээ, шаардлагад хэрхэн нийцүүлэх талаар хэлэлцэн, нэгдсэн ойлголт, шийдэлд хүрэх зорилгод чиглэсэн юм. Чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд үг хэллээ.
Тэрбээр “Төрийн болон төв, орон нутгийн байгууллагад тогтвортой ажилласан хүнийг албан тушаалд дэвшүүлэн томилдог байхыг хуульчлахын зэрэгцээ төрийн албанд аль намын, аль нутгийн, хэний хүн байх нь гол биш, гагцхүү стандарт, шаардлагыг хангасан сайн менежер, зохион байгуулагч, төрд сэтгэлтэй хүн ажиллах ёстой”-г онцлон тэмдэглэлээ. Мөн намчирхах, нутгархаж албан тушаал, эрх мэдлийн нэр сүрээр төрийн байгууллагын дотоод ажил, хүний нөөцийн бодлогод ил далд хэлбэрээр нөлөөлдөг зүй бус явдлыг таслан зогсоох хэрэгтэй. Мэргэшсэн, тогтвортой, мерит зарчимд суурилсан төрийн албаны үр өгөөжтэй, иргэддээ үйлчилдэг, хариуцлагатай тогтолцоог бүрдүүлэх ёстой гэж Ерөнхий сайд онцлов. “Төрийн алба тогтвортой, мэргэшсэн байх нь улс орны тогтвортой хөгжлийн чухал хүчин зүйл. Төрийн албаны тогтвортой байдал гэдэгт бодлогын, хууль тогтоомжийн, байгууллагын бүтэц, тогтолцооны, үйл ажиллагааны чиглэлийн, боловсон хүчний гээд олон зүйл багтана.
Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд эдгээрийн алинаар нь ч тогтвортой тууштай байдлыг хадгалж чадаагүйг” тэрбээр мөн онцолсон. Тиймээс төрийн жинхэнэ албаны ажилтнуудын ангилал, зэрэглэлийн стандартыг тодорхой болгох ёстой хэмээн тэрбээр үзэж байна. Үндэсний чуулганы төлөөлөгчдөд Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл илгээлт ирүүлсэн юм. Тэрбээр илгээлтдээ “Монгол Улсад төрийн албаны бүтэц, тогтолцоо бүрэлдэн төлөвшөөд багагүй хугацаа өнгөрлөө. Хуулийн хүрээнд Төрийн албаны зөвлөл үйл ажиллагаагаа явуулж чамгүй туршлага хуримтлуулж үр дүнд хүрч байна. Гэсэн хэдий ч өнөөгийн шатанд төрийн албанд боловсон хүчнийг шилж сонгох, хуваарилахад шударга бус ханддаг, хуулийн дагуу асуудал шийдвэрлэхийн оронд танил тал, өнгө мөнгө харах болсон тухай иргэдийн шүүмжлэл багагүй гарч, зүй бусаар ажлаас халагдсан тухай төрийн албан хаагчдын маргаан, гомдол гарсаар байна” гэдгийг тэмдэглэжээ. Мөн “Төрийн албан хаагчдыг ил тод, шударгаар сонгон шалгаруулан сургаж дадлагажуулах, мэргэшүүлэн чадваржуулах, тэдний нийгмийн баталгааг хангаж, тогтвор суурьшилтай ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэхэд төрийн бүх шатны байгууллагууд ихээхэн анхаарч ажиллах шаардлагатайг дурдсан байна.

КАНАДЫН ЗАРЧМЫГ МОНГОЛД НУТАГШУУЛНА
Үндэсний чуулганд Канад улсын Төрийн албаны комиссын ерөнхийлөгч Мария Баррадос үг хэлж, өөрийн орны туршлагаас хуваалцав. Манай төрийн алба улс төрөөс ангид байж, нэр томъёогоо агуулгад нь нийцүүлэх шаардлага бий. Өөрөөр хэлбэл улс төрийн намуудын зүгээс ирэх нөлөө, төрийн албан хаагчийн улс төрийн үйл ажиллагаанд оролцож болох хэлбэрийг хуульд илүү нарийвчлан тогтоож, энэ талаар байнгын хяналт, хариуцлагын тогтолцоо бүрдүүлэх хэрэгтэй юм. Харин Канадын Төрийн албаны комисс төрийн албанд улс төрийн нөлөө оруулахгүй, төрийн албан хаагчийн зүгээс улс төрийн үйл ажиллагаанд оролцохгүй байх баталгааг хангаж, хяналт тавин тодорхой зөрчлийг тухай бүрд нь мөрдөн шалгаж, газар дээр нь арга хэмжээ авч ажилладаг аж.
Манайх ингэж ажиллахад эрх зүйн зохицуулалт, бүтэц зохион байгуулалт, хүн хүчний талаар ч бэрхшээл байгааг чуулганы үеэр үг хэлсэн хүмүүс хэлж байсан. Манай Төрийн албаны зөвлөлтэй ижил, төстэй чиг үүрэг бүхий Канадын Төрийн албаны комисс 1000 гаруй албан хаагчтай бөгөөд 60 орчим хүн нь бэлтгэгдсэн мэргэжлийн сэтгэл зүйчид байдаг аж. Тэд сайтар боловсруулж, батлагдсан сэтгэл зүйн оролцоотой тестээр тухайн ажлын байранд тэнцэх, эсэх шалгуурыг голчлон тогтоодог байна. Бид сонгон шалгаруулалтыг ийм жишгээр хийх талаар ярилцсан ч нөхцөл бүрдээгүй гэнэ. Гэхдээ “Энэ жишиг рүү аль болох түргэн дөхөх ёстой. Үүний тулд Төрийн албаны зөвлөлийг хүн хүч, чадавхи, төсөв хөрөнгийн талаас нь дэмжих хэрэгтэй. Зөвлөл ч өөрсдийн зүгээс шалтгаалах бүх бололцоог дайчилж, хурдан хугацаанд зарим орны хүрсэн төвшинд дөхөж очих ёстой” хэмээн Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам хэлж байв.
Энэхүү анхдугаар үндэсний чуулганд төрийн болон хувийн хэвшлийн төлөөлөгчид санал, бодлоо илэрхийлж, тодорхой асуудлын шийдлүүдийг санал болгон, харилцан хэлэлцэх бололцоог бүрдүүлсэн, цаг үеэ олсон арга хэмжээ боллоо хэмээн төлөөлөгчид дүгнэж байв. Чуулганы үндсэн илтгэлийг Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам тавьсан юм.
ТӨРИЙН МЭРГЭШСЭН, ТОГТВОРТОЙ АЛБА ТӨЛӨВШИЖ БАЙНА
Манай улс 1995 онд Төрийн албаны тухай хуулиа баталжээ. Энэ ондоо Төрийн захиргааны албаны зөвлөлийг байгуулсан байна. Эл зөвлөлийг улс төрөөс ангид, мэргэшсэн төрийн албыг бүрдүүлэх байгууллага байгуулж, үр дүнд хүрсэн гадаадын зарим орны туршлагыг нутагшуулан хэрэглэх зорилгоор байгуулжээ. Тухайлбал, АНУ-д 1883, Канадад 1908, Энэтхэгт 1926, Японд 1946 оноос хараат бус төрийн албаны төв байгууллага байгуулсан байна. Улмаар 2002 оноос Монгол Улсад Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд төрийн албаны удирдлага, санхүүжилт, төлөвлөлт, гүйцэтгэл, үнэлгээний орчин үеийн хэв шинжийг бүрдүүлэхэд ахиц гарчээ. Ингээд 2008 он гэхэд төрийн албаны бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаа, түүнийг зохицуулсан стандартын хувьд цаашид шинэ нийгмийн эрэлт шаардлагыг хангахуйц загвараа олжээ.
Төрийн байгууллагын үйл ажиллагаа ч жигдэрч, шилжилтийн үед төрийн албанаас гарах явдал давамгайлж байсан нь эсрэгээрээ болж, төрийн алба руу тэмүүлэх хандлагатай болсон байна. 2008 онд Төрийн албаны тухай хуульд хэд хэдэн зарчмын шинжтэй томоохон нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлтөөр төрийн улс төрийнхөөс бусад ангиллын төрийн албан хаагчдыг улс төрийн намын харьяалалгүй байлгах, намын харьяалалгүй төрийн албан хаагчид улс төрийн сонгуулийн сурталчилгаанд ямар нэгэн хэлбэрээр оролцохгүй байх шийдвэр гарсан.
Төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр халах, чөлөөлөхийг хатуу хориглох, төрийн албаны төв байгууллагаас төрийн жинхэнэ албаны хүний нөөцийн удирдлагатай холбогдон гарсан удирдах албан тушаалтны хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, хариуцлага тооцох, сонгон шалгаруулалтаар тухайн албан тушаалд тавигдсан ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангасан нэг хүнийг шалгаруулан нэр дэвшүүлэх зэрэг төрийн албанд шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх, хүний нөөцийн дур зоргын томилгоо, хөдөлгөөнийг таслан зогсоож, улс төрийн зүй бус нөлөөллөөс ангид байлгах, төрийн мэргэшсэн, тогтвортой албыг цаашид төлөвшүүлэн бэхжүүлэхэд чиглэсэн өөрчлөлт тусгагдсан аж.
ТӨРИЙН АЛБЫГ МЕРИТ ТОГТОЛЦООНД ШИЛЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ
Аливаа улс орны төрийн алба хэдийчинээ мэргэшсэн, тогтвортой байх тусам тухайн орны улс төр, эдийн засаг, нийгмийн хүрээг хамарсан өөрчлөлт, шинэтгэлийн үр дүн төдийчинээ сайжирч, нийгмийн хөгжлийн хөтөч болж чаддаг байна. 1883 онд АНУ-ын Ардчилсан намын сенатч Жорж Пендлтоны санаачилж батлуулсан Төрийн албаны шинэтгэлийн акт тус улсад улс төрийн намуудад сонгуулийн үр дүнгээр төрийн албан тушаалыг хуваарилдаг, төрийн албанд улс төр хүчтэй нөлөөлдөг шударга бус тогтолцоог өөрчилсөн байна. Энэ үеэс эхлэн АНУ-д төрийн албаны мерит тогтолцоо бүрдсэн аж.
Манай улсад бүс нутгийн хувьд хамгийн ойрын жишээ болох Япон, БНСУ зэрэг Азийн өндөр хөгжилтэй оронд дэлхийн II дайны дараа Пендлтоны хуулийн үзэл баримтлалыг нутагшуулан хэрэгжүүлж, мерит зарчмыг төрийн албандаа баримталж цэгцэлсэн нь тийнхүү хурдтай хөгжих бололцоо олгосон гэж судлаач, шинжээчид үздэг байна. “Мерит” гэдэг үгийг монголчилбол “гавьяа зүтгэл, чанар чансаа, сайн тал, хүлээн зөвшөөрөгдсөн байдал” гэсэн утгатай бөгөөд хүний нөөцийн тухайд энэ ойлголт нь төрийн аливаа албан тушаалд түүний зорилго, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд зайлшгүй хэрэгцээтэй шалгуур шаардлагуудыг бүх талаараа бүрэн хангасан шилмэл хүн томилогдох үйл явцыг илэрхийлдэг ажээ. Харин “мерит зарчим” гэдэг нь төрийн мэргэшсэн албаны томилгоог улс төрийн хуваарилалт, захиалгаар бус, түүнээс бүрэн ангид бөгөөд шударгаар өрсөлдүүлэн шалгаруулах зарчмаар төрийн албанд томилох болон зөвхөн хүлээн зөвшөөрөхүйц зүтгэл, үр дүн гаргасныхаа үнэлэмжээр албан тушаал дэвших тухай тогтсон үзэл баримтлал юм.
“Мерит тогтолцоо” бол уг зарчмыг хэрэгжүүлэх бүх нөхцөлийг бүрдүүлсэн улс төр, эрх зүй, бүтэц зохион байгуулалтын цогц юм. Манай улс төрийн албаны шинэтгэлдээ анхаарал хандуулж, энэ талаар амжилтад хүрсэн улс орнуудын туршлагаар замнах нь хамгийн зөв хувилбар гэж үзэж байна. Тиймээс манайх төрийн албаны шинэтгэлд олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн мерит зарчмыг тууштай хэрэгжүүлэх замаар аль болох түргэн урагшлуулах, олсон ололтоо бататган, цаашид улс төрөөс хараат бус, мэргэшсэн, тогтвортой, чадварлаг төрийн албыг бэхжүүлэн хөгжүүлэх талаар ажиллаж эхэлжээ.
Анхдугаар чуулган “Мэргэшсэн, тогтвортой төрийн алба”, “Иргэддээ үйлчилдэг төрийн алба”, “Шударга, хариуцлагатай төрийн алба” сэдэвт гурван салбар хураалдаанаар тулгамдаж буй гол гол асуудлыг хэлэлцэж, төлөөлөгчдийн санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанаар нэгтгэн дүгнэсний үр дүнд “Төрийн албан хаагчийн эрхэмлэх есөн зүйл” болон Үндэсний чуулганаас гарах зөвлөмжийн төслийг хэлэлцэн батлав. Чуулганаар “Төрийн албан хаагчийн эрхэмлэх есөн зүйл”-ийг тодорхойлон баталсан нь төрийн бүх шатны албан хаагчдад эрхэмлэн дагаж мөрдөх ёс суртахууны үүрэг хүлээлгэсэн ач холбогдолтой шийдэл болсон юм.
Эл есөн зарчмыг төрийн албаны хэмжээнд мөрдүүлэхэд төрийн байгууллагын удирдлагууд болон нийт төрийн албан хаагчид санаачилга, хариуцлагатай ажиллах ёстойг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар чуулганыг хааж, үг хэлэхдээ онцлон тэмдэглэсэн юм. Чуулганаас гаргасан зөвлөмж үүдийг төрийн байгууллагууд шинэтгэлийн стратеги болон Төрийн албаны тухай хууль тогтоомж боловсруулахдаа харгалзан үзэх, мөн өдөр тутмын үйл ажиллагаа, зохион байгуулалтдаа хэрэгжүүлэхээр боллоо.
С.БАТЗАЯА