-Урт нэртэй хуулийн талаар эхлээд ярилцах нь зөв байх. Энэ хуулиас болоод “дайн дэгдэх нь үү” гэж хүртэл бичих болж. Та энэ хуулийг хэрэгжүүлэхийн эсрэг байдаг хүн. Яагаад?
-Анх энэ хуулийг 2009 оны зургаа, долдугаар сард УИХ-д өргөн барихад нь би эсэргүүцэж байр сууриа илэрхийлж байсан. Ямар ч судалгаа, тооцоогүй боловсруулсан хуулийг оруулж ирээд сарын дотор л баярын “настр” далимдуулаад баталчихсан шүү дээ. Хамгийн гол нь энэ хуулийг хэрэгжүүлэхэд таван их наяд төгрөг шаардлагатай. Ийм мөнгө хаана байна. Зарим гишүүн заавал хэрэгжүүлнэ гээд байгаа ч, хэрэгжих нь өнгөрсөн хууль. Тийм учраас бидний хэдэн гишүүн энэ хуулийг боловсронгуй болгоё гэсэн санал гаргасан юм. Засаг, төр жаахан тогтвортой бодлого явуулах ёстой. Ааштай авгай шиг нэг өдөр сайхан загнаад, нөгөө өдөр хуйсагнаад байвал гадаадын байтугай дотоодын бизнесменүүд хамтарч ажиллах нөхцөлгүй болно.
Өнөөгийн энэ уул уурхайн компаниуд гэнэт л мөнгөнд шунаад давхиад байгаа юм биш шүү дээ. Урьд үүссэн байсан хуулийн дагуу уул уурхайн бизнест орсон. Тэгээд ийм нэг хэрэгжих боломжгүй хууль гаргачихаад одоо бие биенээ “шатаах” хэрэггүй юм. Байгаль орчноо хамгаалъя гэдэг маш зөв. Уул уурхайн нөхөн сэргээлтийг олон улсын стандартын дагуу хийдэг зохицуулалттай болох ёстой. Хамгийн гол нь хариуцлагатай, ухамсартай уул уурхайтай болъё гэдэг саналыг дэвшүүлсэн юм. Засгийн газар энэ талаар бидэнтэй байр суурь нэг байгаа.
-Таван их наяд төгрөг гаргах ямар ч боломжгүй гэдгийг гишүүд мэдэх атлаа юунд найдаж энэ хуулийг хэрэгжүүлэх гээд байдаг юм бэ?
-Би хэлсэн шүү дээ. Энэ хууль хэрэгжих ямар ч боломжгүй. Хэрэгжүүлэх хуулийн хугацаа нь ч өнгөрсөн. Түүнчлэн санхүү, хууль эрх зүйн хувьд ч бололцоогүй.
-Та нарын боловсруулсан хуулийн төслийг тэгээд УИХ-аар хэзээ хэлэлцэх гэж байна вэ?
-Ойрын үед хэлэлцэнэ. Яагаад гэвэл энэ хэцүү нөхцөл байдлаас гарах гарц хэрэгтэй байна.
-Та нарын санаачилсан төсөлд энэ гарцыг юу гэж тодорхойлсон бэ?
-Хамгийн гол нь уул уурхайн салбарт шинээр лиценз олгохоо түр азная. Нэгэнт лиценз авч үйл ажиллагаа явуулж буй компаниудыг “шатаагаад” яахав. Гагцхүү байгаль орчны нөхөн сэргээлтэд тавих шаардлагыг чангатгая гэж тусгасан байгаа. Ингэх нь хэн хэндээ ашигтай.
-Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхгүй байгаад иргэний хөдөлгөөнийхөн эгдүүцэж байгаа. Танд тэд таагүй ханддаг бололтой дог оо.
-Дарамт ирнэ ээ. Гэвч ярьж байгаа хуулийн төсөл, дэвшүүлсэн саналаа зөв гэдэгт итгэлтэй байдаг. Би Монгол орноо тэднээс дутуу хайрлаад байгаа юм биш. Миний хүүхдүүд энэ л газар шороон дээр төрж өссөн, цаашдаа ч амьдарна. Иргэний хөдөлгөөнийхөнд хандаж байгаль орчноо гэх үнэн сэтгэл зүрхтэй байгаа бол энэ зах замаа алдсан “нинжа” нартай тулж ажиллаач, тэдэнд ухуулга, таниулга хийгээч гэж зөвлөх байна.
-Гэхдээ л тэд уул уурхайн тодорхой компаниудын үйл ажиллагааг түр зогсоож, нөхөн сэргээлт хийх амлалтыг нь авч эхэллээ. Үүнийг бол дэмжих ёстой биз дээ.
-Яах аргагүй зөв. Нөхөн сэргээлт огт хийдэгг үй, хийсэн ч дутуу дулимаг нүд хуурдаг компаниуд олон болж. Тэдэнд ха риуцлага хүлээлгэх ёстой. Дүйвээнд нь сайн ажилладаг компаниудыг хохироож таарахгүй. Өнгөрсөн жилийн байдлаас харахад төрийн өмчийн оролцоотой компаниуд голдуу хариуцлагагүй байдаг нь анзаарагдсан. Сэлэнгийн Бэлх, Төв аймгийн Заамарын хөрс юу болсныг бид мэднэ. Элэг зүрх эмтэрмээр байдал үүссэн. Нөхөн сэргээлт муу хийсэн, хийдэггүй компаниудтай хатуу тэмцэх ёстой гэдэг дээр иргэний хөдөлгөөнийхөнтэй би санал нийлдэг.
-Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхэд хөрөнгө шаардлагатай гэдгийг хууль тогтоогчид мэдсээр байж баталсны учрыг ойлгохгүй юм.
-Бид хөнгөн хуумгай хандсан. Өөрсдөдөө шүүмжлэлтэй хандах хэрэгтэй.
-Эсвэл сайн тооцоолж чадаагүй байх аа, тийм үү?
-Би анхнаасаа л энэ хуулийг баталж дийлэхгүй гэж хэлсэн. Одоо ч энэ байр суурин дээрээ байгаа.
-Гишүүдийн хэдэн хувь нь ойлгодоггүй гэж боддог вэ?
-Бүгд л ойлгодог байх гэж боддог.
-Ярианы сэдвээ жаахан өөрчилье. Та Сэлэнгэ, Онон, Хэрлэнгийн усыг говь руу татах төслийн талаар ярьдаг байсан. Энэ сэдвээ бүрмөсөн орхисон уу, юу болсон бэ?
-Энэ санаа гэнэтхэн төрсөн юм биш. Олон орноор явж амьдрал, бизнесийг нь сонирхож үзлээ. Швед, Финланд, Норвеги гээд ер нь Европын ихэнх улс усан сан бий болгосон байдаг юм. Тун удахгүй дэлхийд ус, агаар хамгийн үнэтэй баялаг болно. Үүнийг эрт ойлгож ухаарсан улс орон усаа нөөцөлж, хадгалах бодлого барьж эхэллээ. Монгол шиг цэвэр устай улс бараг байхгүй ш дээ. Монголын өндөрлөгөөс эх авсан дээд зэргийн цэвэр усны 80 хувь нь гадагш урсаад гарчихаж байна. Сэлэнгэ, Орхон, Сибириэр дамжин Хойд мөсөн далайд, Хэрлэн, Онон Номхон далайд цутгадаг. Үнэ цэнэтэй баялгаа бид тэгээд ямар ч үр ашиггүй алдчихаж байгаа юм. Үнэгүй юм гэж орчлонд байхгүй.
Гадагш үнэгүй урсаж байгаа усаа бид тогтоож авах нь амин чухал эрх ашиг юм. Гачууртын эхэнд усан сантай болох талаар олон жилийн өмнө ярьж байсан ч гар хөдөлгөсөн юмгүй мартчихсан шүү дээ. Хэрэв тэр усан санг байгуулсан бол Улаанбаатар орчмын байгаль экологи ямар сайхан болохыг бид мэдрэх байсан юм. Энэ хэт хуурайшилт, тоос шорооны дэгдэлт байхгүй байх байсан. Хэрлэн гол дээр гэхэд л жижигхэн усан цахилгаан станц барьж хаалт хийгээд усан сан байгуулж болно. Тэндээсээ урагш говь руугаа татаж бас болно. Цэвэр усаа аль болох ашиглаж л байх хэрэгтэй юмсан.
-Хувь хүнийхээ хувьд энэ санааг би дэмждэг л дээ. Гэхдээ Сэлэнгэ, Хэрлэнгийн усыг хаалаа гэхэд хөрш орнуудаас эсэргүүцэл ирнэ биз дээ.
-Би үүнийг л ярих гэж байна. Дунай дээр унгарчууд УЦС барьж, сан байгуулах гэхэд Румын, Болгар улсууд гомдол мэдүүлж мөнгө нэхдэг. Бид Сэлэнгийг хааж УЦС барья гэвэл оросуудын байдлыг харах болно. “Та нар усаа битгий хаа. Бид харин хямдхан эрчим хүч нийлүүлж байя” гэх мэт саналыг тэд тавьж л таарна. Ямар үнэтэй эрчим хүчийг бид тэднээс авдаг билээ. Тэгвэл огт үнэгүй гаргаж байгаа усаа бүгдээрээ үнэтэй болгоё л доо. Ийм л санааг яриад байгаа юм.
-Та тэгээд энэ төслөө зүтгүүлэхгүй юм уу?
-Нэг их зүтгүүлээгүй ээ. Би биш, уг нь иргэд гаргасан санал л даа. Гэтэл иргэний хөдөлгөөнийхөн улстөржүүлж дарчихсан болохоор болгоомжлоод байна. Монголчууд одоохондоо усны ашиг тусыг мэдэхгүй байгаа нь харамсалтай.
-Усан сантай болно гээд гол мөрнөө ширгээчих аюулд орж болзошгүй. Ялангуяа Б.Бат-Эрдэнэ гишүүн ийм үндэслэлээр дээрх саналыг эсэргүүцэж “масс”-ын дунд “коко” авч байсныг санах юм.
-Сэлэнгийг ширгээх гэж байна гэх олныг төөрөлдүүлсэн яриа гарч байсан. Яг үнэндээ Сэлэнгээс говь руу ус татах боломжгүй. Тэр нам дор газраас өндөрлөг газар руу ус татахад төсөөлшгүй зардал гарна. Харин Эгийн гол дээр УЦС бариад авбал ашигтай. Тэр хавийн байгаль орчин улам сайжирч, цэвэр усны нөөцтэй болно. Бид ОХУ-аас хямд цахилгаан авах хөшүүрэгтэй болно. Харин Онон, Хэрлэнгээс хоолойгоор ус говь руу татах боломжтой юм. Ингэж чадвал Монголын цаг агаарт гарцаагүй эерэг нөлөө гарна. Цөлжилтийг зогсоох арга ч байж болох юм.
-Гачууртын усан санг байгуулах гээд больсон гэлээ. Үүнийг одоо хэрэгжүүлэх бололцоо бий юү?
-Бий.
-Эгийн голын УЦС-ын талаар аль эрт М.Энхсайханы Засгийн газрын үед л ярьдаг байсан. Яагаад хэрэгждэггүй юм бол оо?
-Олигархиудын өрсөлдөөн. Өөр юу ч саад болоогүй. Манай улс төр, бизнесийнхэн бүлэг болж хуваагдаад бизнесээ булаацалддагаас болж ард түмний эрх ашиг л хохирч байна.
-Тайшир, Дөргөний УЦС баригдсан ч Завхан, Чоно харайхын голын загас, зүйл амьтан үхэж, цөөрөх гээд сөрөг нөлөөлөл гарч байгааг шүүмжлэх боллоо. Үүнээс болоод УЦС Монголд хэрэггүй гэх юм.
-Ямар нэгэн зүйлийг буруутгая гэвэл яаж ч мушгиж болно. Монголчууд тэр голуудаас загас барьж иддэг, загасаар амь амьжиргаагаа залгуулдаг болчихсон юм уу. Улаанбаатарт байшин бариад хот хөгжлөө гэхэд энд байсан муур, нохой, хулгана цөөрч үхлээ гээд хүмүүс яриад эхэлбэл бас л нэг шалтаг болно биз дээ.
-Тэгвэл одоо үүсээд байгаа шатахууны “проблем” хиймэл үү, бодитой юу гэж асууя. Засгийн газраас ярьж хэлээд байгаа нь импортлогчдын байр суурьтай зөрөөд байна.
-Засгийн газар хойрго байна. Монгол нефтийн хангалттай нөөцтэй. Хурдан хайгуул, судалгааны ажлаа хийх байтал хайран долоо, найман жилийг алдлаа. Хятадын хэд хэдэн компанийн судалгаагаар манайх 150-250 сая тонн нефтийн нөөцтэй гэдэг нь батлагдчихсан шүү дээ. Үүнээс ашиглаж болох нь 20-30 сая тонн гэж бодоход л Монголын хэрэгцээг 10-20 жил толгой өвтгөхгүй хангана. Нөөц ихсэх магадлал бий. Засгийн газар аль эрт л тендер зарлах ёстой байсан. Гэтэл юу гаа хүлээгээд гараа хумхиад суудгийг нь ойлгохгүй байна. Ямар нэг далд ашиг сонирхлын үүднээс хэн нэг нь захиалж түүнд тохиромжтой мөчийг хүлээгээд тендер зарлахг үй байх шиг санагддаг. Энэ бүхний хор нөлөө одоо гарч байна. Нефтийн үнэ өсөх үндэслэл байхгүй. Дэлхийн улс орнууд дахин сэргээгдэх эрчим хүч рүү анхаарлаа тавьж, хөрөнгө оруулалт хийгээд эхэл лээ. Удахгүй нар, салхи, усан цахилгаан стан ц ихэснэ. Манайд үнэ өсөөд байгаа яв дал бол нефтийн бүтээгдэхүүнийг худалдах, тээвэрлэх, зохион байгуулалт маш муу байгаагаас шалтгаалж байгаа юм.
-Зохион байгуулалтаас гадна нефть импортлогч хэдэн компани хуйвалдаж үнийг нэмээд байдаг юм биш үү?
-Тэднийг хуйвалдаж бай гаа эсэхийг шалгах шиг амархан юм үгүй. Хэрэв ОХУ-аас экс портолж байгаа компани үнэ нэмээгүй байхад манайхан үгсэж нэмсэн байх аваас гэмт хэрэг болно. Жишээ нь, УИХ-аас Ажлын хэсэг гаргаж МИАТ-ийн шатахууны хангалтыг шалгахад онц ноцтой гэмт хэргийн шинжтэй зөрчил илэрсэн шүү дээ. Экспортлогч тал тонныг нь 600-700 ам.доллараар нийлүүлэх санал тавьсан шатахууныг манайхан 1400-1500 ам.доллараар авдаг байсан нь тодорхой болсон. Энэ бол гэмт хэрэг. Гэтэл ямар ч хариуцлага тооцохгүй орхисон. Ийм байхад үнийн хөөрөгдөлтэй яаж тэмцэх юм.
-Яагаад? УИХ, Засгийн газар тэгээд ийм ноцтой зөрчил гарсан байхад нуугаад өнгөрч байгаа гэж үү?
-Засгийн газар, УИХ-аас энэ бизнест оролцсон болоод л арга хэмжээ авахгүй байгаа юм байлгүй дээ.
-Монголын бизнесийн салбарт ийм жишиг тогтоод байгаа юм биш үү?
-Бизнес болгонд улстөрчид оролцдог болсон.
-Үүнийг яаж засах ёстой вэ?
-Шударга сонгуулиар. Манай улс төрийн тогтолцоо буруу байна. Намын гишүүнчлэлийг үгүй болгох ёстой юм. Гишүүнчлэлтэй намыг арми гэж ойлгож болно. Арми командлагчийн үгийг бүгд биелүүлэх ёстой. Ардчилсан орнуудад намын гишүүнчлэл гэж байдаггүй. Жишээ нь өнөөдөр АН-ын хөтөлбөр, лидерүүд надад таалагдвал би саналаа өгч болно. Эсвэл хэн нэгэнд МАН-ынх илүү таалагдвал АН-ын харьяалалтай байх эсэх хамаагүй, саналаа өгдөг болох хэрэгтэй.
-Ингэж ярилаа гээд намын зүгээс тань асуудал гаргах юм биш биз.
-Үүнийг би дандаа ярьж байдаг учраас зүгээр ээ. Бид гишүүнчлэлгүй намтай байх ёстой.
-Тантай уулзсаных нэг зүйлийг заавал асуумаар байна. Та АТГ-т дуудагдахаар хууль бус үйлдлийг үнэхээр хийсэн юм уу. Байсхийгээд л УИХ-ын гишүүний халдашгүй эрхийг тань цуцлуулах талаар асуудал босох юм байна шүү дээ.
-Би АТГ-т шалгуулах хэрэг хийгээгүй болохоор тайван байдаг юм. Хаанаас ийм мэдээлэл, ямар зорилготой гардгийг мэдэхгүй. Манай хуулийн байгууллагынхан үнэн дүгнэлтийг хийх байлгүй.
-Та холбогдох газруудад хандаж хэнээс, хаанаас ийм яриа гараад байдгийг нь шалгуулж болдоггүй юм уу?
-Болно оо. Эзнийг нь хайгаад олох, тогтоох боломжтой. Ямар зорилгоор ингэдгийг нь гайхах юм.
-Тойрогтоо очиж байгаа юу?
-Хааяа очиж байгаа. Гэхдээ миний үүрэг тойрогтоо байнга очиход биш, сэлэнгэчүүдийн амьдралд хамгийн таатай хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх явдал гэж ойлгодог.
-Таныг “шөвгөр” хэмээх Бат-Өлзийтэй сайн найз, тэр ч бүү хэл сонгуулийнхаа кампанит ажлыг түүнд даатгаж байсан гэдэг юм билээ. Гэтэл тэр хүнийг интерполоор эрэн сурвалжилж байгааг та мэдэх үү?
-Бат-Өлзийг би сайн танина. Бид хоёр хүүхэд байхын спортын ертөнцөөр холбогдож танилцсан юм. Тэр сагсан бөмбөг, би ширээний теннис тоглодог байлаа. Миний сон гуулийн кампанид Бат-Өлзий оролцоогүй. Би Эрдэнэчулуун уяачийн домогт шарга азарганд зориулсан баримтат кино хийсэн. Шарга азарга Бат-Өлзийн адуунд байсан болохоор кино хийх үед бид хамт зурганд орсон. Харин интерполоор эрэн сурвалжилж байгаа эсэхийг нь мэдэхгүй юм байна.
Ш.ДАВААДОРЖ