ХОЁР “ТОМ” НАМ ХҮСЭХГҮЙ БАЙНА
Парламентын ээлжит сонгууль хүртэл нэг жилийн хугацаа үлдэв. Намууд нэгэнт хөдөлгөөнд ороодохлоо. Тэдний нэгдэх, салах үйл явц ид дундаа. Заримыг нь Улсын дээд шүүх бүртгэхгүй бачууруулж ч байх шиг. Энэ сонгуулийг 2008 онд байсан тогтолцоогоор явуулж болохгүй нь гэдгийг одоогийн УИХ-ыг бүрэлдэж амжаагүй байхад бид ухаарсан. Гэтэл түүнээс хойш гурван жил өнгөрөөд байхад тогтолцоогоо сонгож чадааг үй л байна. Уг нь сонгуулиа ямар хэлбэрээр явуулахаа шийдээд, хуучин тогтолцоондоо зөв өөрчлөлт оруулчихвал энэ УИХ тарсан ч хамаа алга. Үүргээ гүйцэтгэчихэж буй нь тэр. Төрдөө хэрэгтэй юм хийчихвэл ганцдахгүй л дээ. Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах зүгт нэг томоохон алхам хийсэн нь энэ удаагийн сонгуулийг холимог тогтолцоогоор, тодруулбал пропорционал, мажоритар хоёр хувилбарын аль алиныг нь оролцуулсан хэлбэрээр явуулахаар УИХ-д дийлэнх суудалтай хоёр (МАН, АН) нам нэгэнт шийдсэн явдал юм.
Харин энэ хоёрыгоо хооронд нь ямар харьцаагаар холих, тэнцүү байлгах уу, аль нэг нь давуу байх уу гэдгийг шийдэж чадахгүй байна. Хоёр гол намын санаа энэ тухайд ихээхэн зөрүүтэй байгаа. АН нь 50:26 гэсэн харьцаан дээр хатуу зогсоно гэж буй. 76 суудлын 50-ийг нь пропорционал, 26-г нь мажоритар хувилбараар сонгоно гэж зүтгээд байна. Тэгэхдээ пропорционалийн 50-ийг намын нэрээр сонгохыг илүүд үзэж буй. Үүнээс нь үзвэл эднийх хүндээ бус намдаа найдлага тавьж буй бололтой. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь ялснаас хойш тус нам гишүүдээсээ илүү нэрэндээ горьдлого тээх болоод байх шиг байгаа юм. Тэр сонгуульд нэр дэвшигч нь олонхийн санал авсан нь гишүүд, дэмжигчдэд нь их урам өгсөнд эргэлзэх юун. Түүнээс хойш болсон нэг удаагийн нөхөн сонгуульд АН ялагдсан ч Ерөнхийлөгчийн сонгуулийн инерцээ алдаагүй байгаа гэж боддог юм шиг байна. Ухан бодохул Э.Бат-Үүл, Н.Алтанхуяг, Р.Гончигдорж, С.Баярцогт энэ тэрийг эс тооцвол олны дундаас онцгойрох содон улстөрч гэхээр хүн тус намд үнэндээ ховор болсон байна.
Залуус нь ч эднийгээ удлаа гэж ад үздэг, хөгширлөө гэж оролддог болсон нь нууц биш. 20 настай АН үнэн хэрэг дээрээ 90 хүрсэн гэж нүд үзүүрлэгдэн, “эмгэн” гэж доромжлуулаад байгаа МАН-аас хөгшин гэж хэлж болно. Эднийх залгамж үедээ төдийлэн санаа тавьдаггүйн гай энэ. Э.Бат-Үүл улс төрийн тэтгэвэрт гарвал таарна гэсэн үг өнөөдөр ч сонсогдож буй юм биш. Ийм үгийг МАН-ын залуус ч өөрийнхөндөө хэлээд байх болсон шүү дээ. С.Төмөр-Очир УИХ-ын дарга байхдаа нэрээ дэвшүүлээд ялагдсан. УБХ-аас хойш дархлагдсан мэт байсан Т.Очирхүү ч залуу хүнд тахимаа өгсөн. Тийм болохоор АН улс төрийн хүчнийхээ нэрээр дулдуйдаж авсан саналдаа түшиглэж таних, танихг үй хүмүүсийг Парламентын олонхийн суудалд суулгах хувилбарыг илүүтэйд тооцож байгаа биз. Тэгвэл МАН нэлээд сонин хувилбар сонгож буй. Тус нам мажоритар хэлбэрт итгэл хүлээлгэх гээд байна.
Хуучнаар бол тойрог бүрт хоёр хүний нэр дэвшүүлж, 24-хөн суудалд пропорционал хувилбарыг баримтлах зарчмыг тэд сонгож байна. Гэхдээ энэ 24-т намын биш хүний нэрээр санал хураалгах нь ашигтай гэж үзэв. Өөрөөр хэлбэл МАН намаасаа илүү хүндээ итгэл хүлээлгэх нь. Ингэх үндэслэл бий гэж санагдана. Юуны түрүүнд энэ нам нэрээ сольсон. 90 жилийн дараа гээд бод. Энэ алхам буруу зөвийн алин болохыг хэлэхэд хэцүү. МАН нь МАХН-ын өвийг залгамжилж, түүний шууд үргэлжлэл нь болж буй ч гэлээ нэрээ сольсон болохоор ялангуяа ахмад насныхан намын нэрнээс нь илүү хүнийг нь таньж байх магадлал илүү. Бас сөрөг хүчний оролцоотойгоор МАНын нэр хүндийг унагах оролдлого цөөнгүй хийсэн.
Хамгийн наад зах нь нэг сайдыг нь огцруулах гэж АНын зүгээс хэд хэдэн удаа оролдсон, одоо ч түүнээсээ ухраагүй байгаа. МАХН-ын нэрийг авах гэсэн хэсэг хүн тус намыг бас хоёр хуваав. Нэгэн журмын нөхөд байсан цөөнгүй хүн нь МАН-ын эсрэг элдэв үйл ажиллагаа явуулсаар байгаа. Сонгуулийн хуулийн шинэ төсөлд хандаж буй байдлаас нь ажихад хоёр гол нам зөвхөн өөрсдийгөө л бодож байна. УИХ-д суугаа гишүүд нь дахин сонгогдохыг л хичээж байна. Үнэхээр
олонд танил болсон, сонгогч олон түмэн үнэлдэг, чадалтай, боловсролтой хүмүүсээс шигшиж байж Парламентаа бүрдүүлье гэж улс төрийн голлох хүчнүүд маань хүсдэг, “боддогсон” бол улсаа нэг тойрог болгоод хамгийн олон санал авагсдыг төр рүүгээ илгээх байсан юм. Ингэх тулхтай, эх оронч, эр зоригтой улстөрч одоогоор манайд байхгүй юм уу, тун цөөн байх шиг байна.
МАН, АН хоёр пропорционал хэлбэрээр явуулах санал хураалтад нам, хүн хоёрын алиных нь нэрийг сонгох тухайд тохиролцоонд хүрнэ гэж найдахад тун түвэгтэй. Тиймээс сонгуулийн тогтолцоонд зарчмын өөрчлөлт оруулж чадахгүй байсаар ирэх оны дунд хүргэхэд гайхах юмгүй. Хэрэв энэ УИХ сонгуулийн тогтолцоонд дорвитой өөрчлөлт оруулж чадахуйц хууль баталчихвал улсынхаа түүхэнд тэмдэглэгдэж үлдэх болно. Өөр юу ч хийгээгүй байлаа ч үүнийг нь гавьяа гэж үзэхэд хэтрүүлсэн болохгүй биз ээ.
ЗАЛУУС МӨНГӨ Л ЗЭХЭЭд БАЙНА УУ
Ирэх сонгуулиас эхлэн мөнгө амлахгүй, хөрөнгө, эд зүйлээр сонгогчдын толгойг эргүүлж саналыг нь худалдаж авахгүй байхаар хоёр том нам тохиролцсон. Гэлээ ч сонгууль гэдэг зардал шаарддаг эд. АН нэр дэвшихийг хүсэгчдийнхээ өмнө “50 сая төгрөг” гэсэн босго тавьсан. Түүгээр ч барахгүй 2012 оны хоёрдугаар сарын 1-нээс өмнө энэ мөнгийг намын дансанд оруулсан байх шийдвэрийг Гүйцэтгэх зөвлөл нь гаргасан. Энэ мөнгийг тушааж эхэлсэн, тушаачихсан хүн бараг мажоритор хэлбэрээр авахаар тус намын тооцоолж буй суудлын тоонд хүрсэн (Энэ талаар манай сонины 2011 оны зургадугаар сарын 13-ны дугаарт мэдээлсэн) сураг байна. Тэдний олонх нь шинэ хүн
байна лээ. Одоогийн УИХ-ын гишүүн, хэрэв олигархи гэж манайд байгаа бол түүнд багтчих хэд хэдэн хүн тэдний дотор байгаа бололтой. Тэгэхдээ хашруудын тухай биш, УИХ-ын гишүүн байхын амтыг биеэр амсаагүй, харин хэд хэд улиран сонгогдож чөмөг суусанд нь битүүхэн атаархаж, бас ч ааг омог нь хөдөлж явдаг, МАН-аас нэр дэвших магадлалтай залуусын тухай цухас ч гэлээ өгүүлэхийг зорив.
Аль намд харьяалагддагаасаа үл хамааран Парламентын босгоор алхахыг хүсэмжлэгчид бүгд манайдаа л бэл бэнчинтэй хүмүүс байгаа нь анхаарал татна. Тэдний ийн санаархаж буй нь ирэх сонгууль ч “мөнгөнийх” байх болно гэдгийг хэлээд байна. Тэд улстөрч болоход өөрийгөө бэлтгэхгүй, мөнгө л зэхээд байгаа сураг бий. МАН-аас ийм маягаар сонгуульд өрсөлдөх магадлалтай хүмүүсийн тоонд О.Содбилэг, Н.Номтойбаяр, Ц.Цэрэнпунцаг, Д.Сумъяабазар, Я.Содбаатар гэх нэрс байна. Жагсаалт энэ хэдээр хязгаарлагдахгүй. Содбилэг нь талийгаач Ш.Отгонбилэгийн хүү. Өвлөсөн хөрөнгөтэй, өндөр боловсролтой залуусын нэг. МАН-ын Бага хурлын гишүүн, хэд хэдэн компанийн хувьцаа эзэмшигч, ТУЗ-ийн гишүүн. АНУ-д Жоржтауны их сургууль төгссөн. Дараа нь Англид ч бас ном үзсэн гэдэг байх. Н.Номтойбаяр Монголын толгой бизнесмэнүүдийн нэгнийх нь хүү. “Монголын алт” корпораци (МАК)-ын Нямтайшир гэхээр манайхан андахгүй. Түүний өв залгамжлагч.
Манай ажил хэрэгч хүмүүс хүүхдүүдийнхээ боловсролд хөрөнгө зарахаас гар татахгүй болж байгаагийн нэг нь Нямтайшир. Хүү нь АНУ-д дээд сургууль төгсөөд, одоо Германд сурч байгаа дуулддаг. Ц.Цэрэнпунцагийг монголчуудын дотор мэдэхгүй хүн байхгүй. Улсын гарьд цолтой бөх. Бөхчүүд дотроо боловсролтой, хэнд ч элэг бариулдаггүй, мэхтэй, бяртай эр. Завхан аймгийн Цагаанчулуут сумын уугуул. Америкийн Бостонд дөрвөн жил суралцаад, хэсэг хугацааны дараа Сан-Францискод бас магистрантурт суралцсан гэсэн. Уг нь дотооддоо Политехникийн дээд сургууль төгсс өн, автоинженер юм гэдэг. “ЖЭМ интернэйшнл” группийн ерөнхийлөгч, гар утасны дөрөв дэх оператор “G mobile”-ийн хөрөнгө оруулагч. Д.Сумъяабазар ч манай алдартай бөх, цөөн аварга цолтнуудын нэг. НИХ-ын төлөөлөгч. Компьютер, техник, менежментийн сургууль (КТМС) төгссөн юм байна. Одоо магистрантурт сурч буй гэнэ.
Үндэсний хөрөнгө оруулалтын банкны ерөнхий захирлаар ажиллаж буй. Я.Содбаатар Үйлдвэр, худалдааны дэд сайд болж олон түмний нүдэнд ил гарсан болов уу. “Буян”-гийн Б.Жаргалсайханыг сайд байхад гар нийлж энэ яаманд ажиллаж байсан юм. Сүүлдээ МХЕГ-ын даргаар хэсэг хугацаанд ажилласан. МАСЗХ-гоор дамжиж улс төрд хөл тавьсан залуусын нэг. МАН-ын нарийн бичгийн даргын албыг одоо хашиж байна. Түүнтэй адилаар ажил, мэргэжлээ орхин улс төрийг зорьсон хүн бол сэтгүүлч Д.Сарангэрэл. Бүр эхнээс нь яривал Үндэсний телевизийн сэтгүүлчээс ажлын гараагаа эхэлсэн.
Сүүлдээ хувийн “ТВ-5”-ыг байгуулж захирлаар нь ажиллаж байгаад МСНЭийн ерөнхийлөгч болсон. Эндээс нам руу “алхсан”. Зарим хэвлэлд саяхан мэдээлснээс үзвэл МАН-аас Хөвсгөл аймагт нэр дэвших магадлалтай хүмүүсийн тоонд орчихсон, тэнд “Ард түмнээ сонсоод” явж байгаа аж. Ингээд цааш үргэлжлүүлбэл МАНаас нэрээ дэвшүүлэхээр бэлтгэж буй шинэ залуус олон бий дэг. П.Хангал, Ч.Номин гэх нэр ч дуулддаг. АН-ын Батж.Батбаяр ч хэдэн хүүгээ намуудад тараан байрлуулсан гэсэн яриа бий. Хангал нь Монголбанкны ерөнхийл өгч Пүрэвдоржийн хүү юм байна. Тэрбээр НИХ-ын төлөөлөгч байсан. Номин нь “Гацууртын” хэмээгддэг Чинбатын охин гэсэн. Таван одтой “Тэрэлж” зочид буудлыг авч яваа юм гэнэ лээ.
Шинэ сонгуулийн босгон дээрх “эрт ургацын ногоо”-нууд улс төрийг авьяас, ухаанаа сорих талбар болгож буй бол түүнд дургүйцэх юм алга. Харин улс төрийг мөнгөтэй хүнд түвэггүй олдох зөөлөн хоол мэт бодож буй бол дэмжих аргагүй. Бизнес хийе гэвэл улс төрд хөлөө дүр гэдэг зарчмыг баримталж буй бол дэмжих нь битгий хэл буруутгана. Улс төрийг цагаан сар, наадмаар хүмүүс хувцас, унаагаараа өрсөлддөг шиг бэлтэй хүмүүсийн уралдах боломж гэж ойлгоод буй юм биш байгаа гэх бодол сонгогчдод төрдөг болоод байгаа. Улс төрийн “цагаан толгой” ч мэдэхгүй хүмүүс нэг орчихсон байхад юм мэдэхгүй, хийхгүй байсан ч хариуцлага хүлээдэггүй дулаан хэвтэр гэж зарим хүн УИХ-ыг үзээд байна уу гэмээр санагдах болсон. Ний нуугүй хэлэхэд МАН, АН-ын шинэ залуус одоогийн төрийн алдааг засах гэж санаа тавьж буй нь юу л бол.
Р.ЖАРГАЛАНТ