ХБНГУ-ын Бавари муж улсын Ландтаг (Парламент)-ийн гишүүн, Холбооны улсын болон Европын асуудал хариуцсан байнгын хорооны дарга, “Ханс Зайдел”-ийн сангийн дэд тэргүүн, профессор Урсула Мэннле манай оронд ирж Монгол Улсад хууль зүйн алба үүссэний 100 жилийн ойд оролцсон юм. Түүнтэй ярилцав.
-Хууль тогтоох байгууллагад олон жил ажилласан туршлагатай парламентч, улстөрчийн чинь хувьд танд хэдэн асуулт тавих гэсэн юм. Манай улс Парламентын сонгуулиа ихэвчлэн мажоритар тогтолцоогоор явуулж ирсэн. Энэ тогтолцооны дутагдалтай талыг бид мэдэрсэн учраас ирэх онд болох сонгуулиа холимог хэлбэрээр явуулахаар Парламент дахь намуудын бүлэг тохиролцоод байна. Дэлхийн улсуудын чиг хандлага энэ тухайд ямар байх шиг байна?
-Танай УИХ-ын зарим гишүүн, сайд нартай уулзах үед энэ асуудлыг хөндөж ярилцсан. Сонгууль ямар болохыг тогтолцоо “хэлж” өгдөг. Сонгуулийн олон тогтолцоо байдгаас сонгогчдын санал Парламентад аль болох бүрэн тусдагийг нь сонгож авах нь мэдээж хамгийн зөв. Танай улс холимог тогтолцоог сонгож авах гэж буй бол бусад тогтолцооны адил түүнд давуу тал ч, дутагдалтай тал ч бий. Давуу тал нь нэр дэвшигчдийн тодорхой хэсгийг шууд сонгоно. Сонгогч нь хэнийг сонгож буйгаа мэдэж байна гэсэн үг. Нэгэнт мэддэг болохоор эргээд түүнтэй хариуцлага тооцох боломжтой байдаг. Тойргийн сонгогчдын олонхийн санал авч шууд сонгогдсон депутат (гишүүн) их бие даасан байдалтай байж болдог. Пропорционал тогтолцооны давуу тал нь тухайн нэр дэвшигчийн юм уу, намын хувьд нийт сонгогчийн байр суурь тодорхой харагдана. Харин намын удирдлагын нөлөө их байдаг. Мажоритар тогтолцоогоор санал хураахад нам биш, сонгогч гол үүрэгтэй. Тэгэхлээр ийм хоёр тогтолцооны холимог хэлбэрийг сонгоход тэдгээрийн харьцаа их чухал л даа. Манайд бол харьцаа тэнцүү (50:50) байдаг. Нэрээ дэвшүүлэхийн тулд намдаа мөнгө төлдөг журам танайд байдгийг дуулаад би их гайхсан. Ийм юм байж болно гэж төсөөлөхгүй байна. Ийм журам үйлчилдэг тохиолдолд чадалтай хүмүүс мөнгөгүйгээсээ болж сонгогдох эрхээ эдэлж чадахгүй болно шүү дээ.
-Тэр мөнгийг чинь сонгуулийн зардалд зориулахаас гадна нэр дэвшигч бүрт гарааны ижил тэгш байдал олгох арга гэж манайд үздэг юм шүү дээ...
-Манайд бол нэр дэвшигчийн сонгуулийн зардлыг нам нь хариуцдаг. Намдаа хандив өгөх ёс бий. Тэгэхдээ танайх шиг нэр дэвшихийн тулд биш, Парламентын гишүүнээр сонгогдсон хойноо цалингийнхаа тодорхой хувийг хандив болгож өгдөг. Энэ хандив ямар хэмжээтэй байхыг намууд дүрмээрээ зохицуулдаг. Бас санал өгсөн хүний тооноос хамаарч тухайн намд улсын төсвөөс мөнгө өгнө. Хамгийн цөөн санал авсан намд ч тэр хэмжээгээр нь өгдөг. Энэ нь намыг санхүүжүүлэхээс гадна улс төрийн хүчнийг мөнгөтэй хүнээс хамааралтай болох замыг хааж буй юм.
-Харьцааны тухайд УИХ дахь гол хоёр нам 24:52, 50:26 гэсэн хувилбар дэвшүүлээд байна. МАН мажоритар давамгайлсан (52), АН нь пропорционал (50) давамгайлсан хувилбарыг сонгосон. Манайд аль нь илүү тохиромжтой бол?
-Тойрогтоо найдаж буй нам мажоритар давуу байх хувилбарыг сонгох нь мэдээж. Ер нь ямар ч тохиолдолд энэ харьцаа тэнцүү биш юм аа гэхэд аль болох ойролцоо байх нь зүгээр гэж бодож байна. Энэ харьцааг нарийн тунгааж оновчтой тогтоохгүй бол сонгууль шударга болдог гэдэгт олон түмэн итгэхээ болино. Тойрог бүрт байх сонгогчдын тоо бас их хол зөрүүгүй байх нь сонгууль шударга болоход нөлөөлдөг.
-Ер нь Парламентад олон намын төлөөлөл байх, цөөн нам суудалтай байх хоёрын аль нь үр дүнтэй бол?
-Энэ ихээхэн түвэгтэй асуулт байна. Парламентад олон намын төлөөлөл байх тохиолдолд Засгийн эрхийг хэрэгжүүлэх чадамж муудах талтай байдаг. Эвсэж таарна шүү дээ. Ингэхлээр намуудын амлалт бүдгэрээд, хэн нь юу хариуцах нь тодорхой бус болно. Үүнээс үүдээд сонгогчид гонсгор үлдэж, дараагийн сонгуульд аль намын, хэний төлөө саналаа өгөхөө сонгоход бэрх болно. Нөлөө бүхий 2-3 нам сонгогдоод байвал байдал их тодорхой болдог. Хэн нь юу амлаад, юу хариуцах нь илт, ойлгомжтой байх давуу талтай. Гэхдээ эрх баригч солигдож байх нь ч бас муу биш.
-2008 оны сонгуулиар МАН олонх болсон ч цөөнх болсонтойгоо хамтарч Засгийн газраа байгуулсан. Үүнийг манайхан янз бүрээр ярьдаг. Сөрөг хүчинтэйгээ нэг хөнжилд орсноор хяналтгүй болсон. Тэгээд Засгийн газар нь УИХ-ынхаа дээр гарчихсан гэх хүмүүс байхад хоёр гол нам (хүчин) олонх, цөөнх байхдаа хэрэгжүүлэх боломж олдохгүй байсан зарим томоохон ажил үйлсийг хийсэн, эхлүүлсэн гэж үнэлдэг хүн ч цөөнгүй. Ерөөс олонх, цөөнх хоёр хамтрах тухайд та ямар бодолтой байдаг вэ?
-Миний бодлоор бол ганц санал, суудлаар илүү гарсан ч олонх болсон боломжоо ашиглах хэрэгтэй. Яагаад гэвэл энэ чинь олон түмний сонголт. Тун онцгой байдал бий болсон үед л сөрөг хүчингүй байж болно уу гэхээс биш хэвийн нөхцөлд ийм юм их ховор. Манай Бундестагийн сүүлчийн сонгуулийн дүнгээр дангаар олонхи болохуйц санал улс төрийн ямар ч хүчин аваагүй тул хоёр том нам нь эвсэж олонх, хоёр жижиг нам нь нэгдэж сөрөг хүчин болсон. Ингэснээр урьд нь шийдэж чадахгүй байсан ялангуяа нийгмийн шинж чанартай асуудлуудын заримыг нь шийдсэн сайн талтай.
-Шийдвэр гаргах төвшинд эмэгтэйч үүдийн оролцоог нэмэгдүүлэх талаар манайхан нэлээн ярьдаг юм. Тэгээд нэр дэвшигчдийн дотор эмэгтэйчүүдийн эзлэх тодорхой хувь (квот)-ийг тогтоох оролдлого хийдэг. Ийм квот ер нь хэрэгтэй юү. Үүгээр энэ асуудалд ахиц дэвшил гаргаж чадах уу?
-Танай одоогийн Парламентын 76 гишүүний ердөө гурав нь эмэгтэй хүн байгаа нь их чамлалттай. Тэгэхдээ үүнд шалтгаан байдаг байх л даа. Чадалтай, боловсролтой бүсгүйчүүдээ ашиглаж чадахгүй байх нь харамсалтай шүү дээ. Ер нь хамгийн их юм хийж чадах хүнээ л сонгох учиртай л даа. Чухам энэ зорилгоор квот чухал нөлөөлөх хүчин зүйл гэж би хэлж чадахгүй. Ямар ч байсан сайн шийдэл биш. Сонгууль нь төрөө түшүүлэх илүү сайн хүнийг тодруулж гаргаж ирэх зорилготойн зэрэгцээ бодлого болохын хувьд квотыг хуулийн төвшинд биш, намууд өөрсдийн дүрмээрээ тогтоож болох юм. Манайд ингэдэг. Тухайлбал Ногоон нам шийдвэр гаргах бүх төвшинд эмэгтэйчүүдийн квотыг “50 хувь” гэж тогтоосон байдаг. Манай Христосын нийгмийн холбоо нам бас квоттой. Квот тогтоогоогүй байхад 40 жилийн хугацаанд Парламентад эмэгтэйчүүдийн эзлэх хувь арваас хэтрээгүй. Энэ тоог ахиулахад квот түлхэц болсон.
-Эцэст нь туршлагатай улстөрчийн чинь хувьд нэг зүйл танаас сонирхъё. Африкийн зарим орон, Араб дахинд болж буй үйл явдлуудын хувьд та ямар бодолтой байна. Нэг улсаас нөгөөд үсэрхийлэн халдварлах мэт өрнөж буй үйл явцын шалтгаан юу бол?
--Хоёр шалтгаантай байж болох юм гэж боддог. Боловсрол сайтай залуу хүмүүс бизнес эрхэлж орлого олж гайгүй шиг амьдаръя гэтэл оршин буй дэглэм саад болоод байсан байж мэднэ. Эрх мэдэлд ойр цөөн хүн баяжаад байхад сэтгэл яаж хангалуун байх вэ дээ. Нөгөөтэйгүүр нийгмээ ардчилъя, улс төрийн эрхээ эдэлье гэсэн хүсэл эрмэлзэл нь нөлөөлсөн болов уу. Ливи, Сири зэрэг улсад төрийн эрх барьж байгаа цөөн хүн ард олныхоо эсрэг хэтэрхий увайгүй хандаж байсан. Тэмцэгчид бүү ухраасай, дэлхийн улс орнууд тэдэнд туслах ёстой болов уу.
Р.ЖАРГАЛАНТ