
Нас барсан өндөр насны тэтгэврийн зээлийг чөлөөлөх тухай хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Ц.Туваан мэдээлэл хийлээ.
Тэрээр хэлэхдээ “Монгол Улсад өнөөдрийн байдлаар 450 мянган тэтгэврийн насны иргэн байна. Одоогийн хуулийн зохицуулалтаар хэрэв тэтгэврийн зээл авсан иргэн хорвоогийн жамаар мөнх бусыг үзүүлчихлээ гэвэл үлдсэн зээлийг нь ар гэрийнх нь төлдөг зохицуулалттай байна. Үүний улмаас нас барсны гэрчилгээг зээлээ барагдуулсны дараа авах эрх үүсдэг аж. Иймээс өрийг тэглэх нь зүйтэй гэсэн хуулийн төсөл миний бие УИХ-ын гишүүний хувьд санаачилсан.
Өнөөдөр Монгол Улсад бүрэн тэтгэврийн доод хэмжээ 350 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийн хэмжээ 300 мянга байна. Гэтэл өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн, шатахууны үнэ нэмэгдсэн. Инфляц хоёр оронтой тоонд хүрчихлээ. Ийм нөхцөлд ахмад настнууд тэтгэвэрээрээ амьдрах ямар ч боломжгүй. Монгол Улсын нийт хүн амын 30 гаруй хувь нь 900 орчим хүн нь ядуу гэсэн ангилалд багтаж байгаа бөгөөд энэ тоонд ахмад настнууд орж байна.
Монгол эрэгтэй хүний дундаж наслалт 66, эмэгтэйнх 75 гэсэн судалгаа бий. Тэгэхээр одоогийн тэтгэврийн насны зохицуулалтаар бодож үзвэл эрэгтэй хүн 65 хүртлээ ажиллаад нэгхэн жил тэтгэвэр аваад, "дээшээ" явах магадлалтай гэсэн үг. Энэ бол шударга бус асуудал. Учир нь тухайн хүн нийгмийн даатгалын шимтгэл насаараа төлж ирсэн атал тэтгэврээ нэгхэн жил авна гэдэг байж болохгүй.
Тэтгэврийн зээлийг тэглэснээс хойш дахиад 71 мянга гаруй хүн тэтгэврийн зээл дахиад л авчихсан байна. Энэ хүмүүс яагаад авч байгаа вэ гэхээр амьдралд нь тэтгэврийн 350 мянган төгрөг хүрэлцэхгүй байгаагийн баталгаа юм” гэлээ.