Монгол Улсын Засгийн газар “Рио тинто” групптэй хэлэлцээний ширээний ард өчигдөр дахин суусан бөгөөд төлбөрийн хувь хэмжээг бууруулах асуудлаар нааштай шийдэлд хүрсэн тухай Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдэв. Дөрөв дэх удаагийн хэлэлцээний хүрээнд “Оюутолгой” төслийн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулж, давхардлыг арилгах тохиролцоонд хүрснээр 2.2 тэрбум ам.долларын зардал хэмнэхийн зэрэгцээ Монголын талын хүртэх өгөөж 1.5 тэрбум ам.доллароор өсөн нэмэгдэж буйг тэрбээр тодотголоо.
Монголын талаас ажлын хэсгийг ахалж буй Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням хэлэлцээ эхлэх үеэр “Манай ажлын хэсгийнхэн сүүлийн захидалдаа нэлээд хатуу шаардлага тавьсан. Асуудлыг шуурхай шийдвэрлэхгүй бол дараагийн хэлэлцээ байхгүй гэсэн зарчмын шаардлагыг бидний зүгээс тавьж буй. Монгол Улсын Засгийн газрын байр суурь өөрчлөгдөөгүй. Менежментийн төлбөрийг тодорхой хэмжээнд бууруулах чиглэлийг Засгийн газраас өгсөн. Хөрөнгө оруулагчид Монголын ард түмэн, Засгийн газар, бидэнд итгэж найдаж буй тул олон түмэнд сайн мэдээ дуулгахыг хичээнэ” хэмээсэн. Энэ удаад менежментийн төлбөрийн хэлэлцээ амжилттай болсон бөгөөд цаашид “Онтре”-гийн хөрөнгө оруулалтын гэрээ, “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах тохиролцоог амжилттай хийхийн төлөө Засгийн газар хичээж ажиллана гэдгийг гүйцэтгэх засаглалын тэргүүн илэрхийлэв.
Г.Сансар