
Засгийн газар нэг жилийн өмнө өдийд “Коронавируст халдварын үед эрчим хүч, дулаан, ус, хогны төлбөрийг 2020 оны арванхоёрдугаар сарын 1-нээс ирэх оны долдугаар сарын 1 хүртэл тэглэхээр шийдвэрлэсэн” талаараа танилцуулж байлаа.
Улмаар нөхцөл байдал, нийгмийн болон улс төрийн амьдралтай холбогдуулан эл шийдвэрийн хэрэгжилтийн хугацааг хагас жилээр сунгасан нь хэд хоногийн дараа буюу 2021 онтой хамт дуусна. Өөрөөр хэлбэл, 2022 оны эхний өдрөөс иргэд “жинхэнэ” амьдралдаа эргэн очно. Хоржоонтойгоор хэтрүүлбэл “Алтан загасны үлгэр”-ийн төгсгөл айсуй.
ТӨР, ЗАСАГТ ТАЛАРХАХЫН УЧИР
“Ковид-19”-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд эрчим хүч, дулаан, ус, хогны төлбөр, банкны зээл гээд багагүй ачаагаа жилийн турш “мартсан” иргэдийн нуруу нэлээд амарсан нь гарцаагүй үнэн. Засгийн газрын эл шийдвэр цар тахлын хүнд хэцүү цаг үед ипотекийн болон хэрэглээний зээлийг иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан тодорхой хугацаанд хойшлуулах боломж “хөшүүрэг” байсныг бас дурдах ёстой. Тухайн үеийн Ерөнхий сайдын “түүхэн онцгой” хэмээн тодотгосон эл шийдвэрийн өгөөжийг (төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээд, уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэр, банк, банк бус санхүүгийн байгууллага, крипто валюттай холбогдох үйл ажиллагаа эрхлэгч, газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх болон интернэт, үүрэн холбоо, согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч, өнгөт металл, хар төмөрлөг, цементийн үйлдвэрүүдийг эс тооцон) 123.8 мянган аж ахуйн нэгж, 900 мянга гаруй айл өрх хүртэж байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас энэ бүх төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсний дагуу өнгөрсөн арваннэгдүгээр сарын байдлаар 1.2 их наяд орчим төгрөг зарцуулаад буй талаар “саалийн үнээ” мэдээлжээ. Зөвхөн сүүлийн хагас жилд нийт нэг сая 116 сая хэрэглэгчийн цахилгаан, дулаан, усны төлбөрт 493.8 тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн гэдэг дүн гарчээ.
Үүнээс гадна цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан шахмал түлшний үнийг 75 хувиар бууруулж, энэ зориулалтын хөнгөлөлтөд шаардлагатай санхүүжилтийг “Эрдэнэс Тавантолгой” компанид хариуцуулсан. Мөн “Хүүхдийн мөнгө”-ийг 100 мянган төгрөгт хүргэн нэмэгдүүлсэн гэхчлэн угтаа бол улс төртэй уялдаатай ч иргэдийн амьжиргаанд бодит дэмжлэг болсон ажлуудыг өнгөрсөн нэг жилийн хугацаанд хэрэгжүүлж иржээ. Дэлхий нийтийг хямраасан цар тахал, үүнтэй холбоотой эдийн засгийн хямрал нүүрлэсэн өнөөгийн нөхцөл байдалд энэ бүхэн асар том дэмжлэг байлаа, баярлалаа.
Гэхдээ үүнтэй зэрэгцээд цаг хугацаатай уралдах шахам “жирийлгэж”, өдгөө ч үргэлжилж буй хүнс, барааны үнийн өсөлт өнгөрсөн нэг жилд хэмнэгдсэн цахилгаан, дулааны мөнгийг нь “залгисанд” иргэд гомдолтой байгаа. Тодруулбал, тухайн иргэний хувьд сар бүр хэдэн арваас 100, 200 гаруй мянган төгрөг хэмнэсэн ч онцгой нөхцөл байдлыг далимдуулан үнийг дураар хөөрөгдсөн “ченж”, худалдаа эрхлэгчдийн хоол болсон гэхэд хатуудахгүй. Хүнс, өргөн хэрэглээний бараа, автомашины шатахуун, түлшний үнийн өсөлт бол Монголд хамгийн “хурцадмал”, эмзэг асуудал. Өнөөдрийнх шиг онцгой хэцүү, хатуу цаг үед энэ бол амьдралын чанарыг чангаах маш том тээг юм.
“ЖИНХЭНЭ” АМЬДРАЛ БУЮУ ЭРГЭЭД ТЭВШНИЙХЭЭ ДЭРГЭД
Цар тахалтай холбоотой эдийн засаг, иргэдийн амьжиргааг дэмжих зорилготой, түр хугацааны арга хэмжээнүүдийг 2022 оноос зогсоох болсон. “Алтан загас далайгаас эргэж гарч ирсэнгүй. Хариу хүлээж ядаад өвгөн харьж гэнэ. Орд харш оргүй алга болж. Гайхаж бас ажиглатал гэр нь харагдаж гэнэ. Эмгэн нь ээрүүлээ бариад сууж байна. Эмгэний дэргэд бас эвдэрхий тэвш нь хэвтэнэ” гэж А.С.Пушкиний “Алтан загасны үлгэр” төгсдөг. Үүн лүгээ адил дулаан, цахилгааны төлбөрөө өөрсдөө төлдөг “хуучны” амьдралдаа бид эргэн орох хугацаа хаяанд иржээ. Засгийн газар хөнгөлөлт, дэмжлэгүүдээ эцэслэхээ албан ёсоор мэдэгдсэн. Шинэ оны эхний “бэлэг” нэгдүгээр сарын дундаас хойш задарч, цахилгаан, дулааны төлбөрийн нэхэмжлэл гар утсанд тань “ороод ирнэ”, гайхах хэрэггүй. Эрчим хүчний сайд үүнийг баталж “Нөхцөл байдалтай уялдуулан эдийн засгийн бүх харилцааг сэргээсэн учраас иргэдийн цахилгаан, дулааны төлбөрийг төр хариуцах шаардлагагүй. Амьдрал хэвийн горимдоо орсон учраас ус, цахилгаан, дулааны төлбөрөө иргэд төлөөд явах боломжтой гэж харж байна. “Ковид-19”-ийн хүндрэлийг тойрч гарсан нэг ч аж ахуйн нэгж байхгүй. “Эрдэнэт үйлдвэр” ч, эрчим хүчний салбар ч маш хүнд байна” гэж нэгэн ярилцлагадаа дурдсан юм.
2022 онд тулгарах өөр нэгэн бодит үнэн нь нийгмийн даатгалын шимтгэл. Үүнд иргэд ихэд цочирдох болов уу. 2017 онд Нийгмийн даатгалын тухай хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу шимтгэлийн хэмжээг үе шаттай нэмэгдүүлж 2020 он гэхэд 24 хувьд хүргэх байсан. Цар тахлын улмаас 2020 онд нэмэхгүй байхаар шийдвэрлэсэн бөгөөд өнгөрсөн долдугаар сард нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг 24 хувьд хүргэснээр 12.5 хувь (эрхэлж буй үйл ажиллагаанаас шалтгаалан 13.5 хүртэл)-ийг ажил олгогч, 11.5-ыг нь ажилтан төлж буй. Үүн дээр хүн амын орлогын албан татвар нэмэгдэхээр ажилтан цалингаасаа нийт 22 хувийг суутгуулдаг гэсэн үг.
Ирэх бар жилд “шинэ” амьдрал эхлүүлэхэд иргэдэд бэрхшээл, ялангуяа эдийн засгийн хүндрэл урьд өмнөх үеүдийнхээс ч илүү тулгамдсан асуудал болно. Цахилгаан, дулаан, ус, шатахуун, түлш зэрэгцэж “дарамтлаад” өч төчнөөн төлбөр нэхэгдэж, үүн дээр ипотек болон хэрэглээний зээлийн эргэн төлөлт шавдуулан амьсгалахад хүнд болох нь. Энэ бүхнээс гадна иргэдийг нуман тулгуурт хэдийн оруулчихсан үнийн өсөлт ядуурлыг улам ташуурдан тэчъяадах нь лавтай.
АМЬДРАЛЫН ЧАНАРТ ДЭЛХИЙ “МУУ” ТАВЬЖ, АЛБАНЫХАН АРАЙ “ГОЁ”-ЫГ ЯРЬЖ СУУНА
Эргээд “тэвшнийхээ дэргэд” очиж, ядуу амьдралыг илүүтэй гашуунаар мэдрэх цаг хугацаа ойртож байгаа энэ үед бодит үнэнийг минь илчилсэн нэгэн рейтингийг эдийн засгийн судалгаа, мониторингоороо дэлхийд тэргүүлэгч “Ceoworld” сэтгүүл нийтэлжээ. Дэлхийн 165 улсыг хамруулан, хүн амын амьжиргааны түвшний үнэлгээ буюу амьдралын чанарын индексийг гаргасан байна. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, EIU, “Legatum” индексүүд, Дэлхийн эдийн засгийн форумын цахим хуудас, Дэлхийн банкны тайлан болон өөрийн судалгааны төвийн эх сурвалжийн мэдээлэл зэрэгт түшиглэн гаргасан эл жагсаалтад Монгол Улс 165 орноос 123-т жагсжээ. Сүүлийн 50 улсын 42 дугаарт эрэмбэлэгдсэн гэсэн үг. Эдийн засаг, улс төрийн тогтвортой байдлын түвшин, хөдөлмөрийн зах зээлийн байдал гэр бүлд үзүүлэх дэмжлэг, боловсрол, эрүүл мэндийн тогтолцооны чанар, улс орны аюулгүй байдал, улс төрийн төвийг сахисан байдал, хүн амын орлого, соёлын амьдралын түвшин гэсэн 10 шалгуураар 100 хүртэлх оноогоор амьдралын чанарын чансааг нь тодорхойлсон гэнэ. Монголчуудын амьдралын чанар ийм хэмжээнд хүрч, сүүл мушгисан орнуудын нэг болчихоод байхад Монголбанк инфляцыг 2022-2024 онд 4-8 хувьд барина гэсэн гоё төсөөлөлтэй байна. Тэгвэл Олон улсын валютын сангаас 2022 онд улс орнуудад инфляц үүсэхийг анхааруулсаар байна.
Амьдралын чанарын индексийг гаргахдаа тухайн улсын иргэдийн амьдралд субъектив сэтгэл ханамжийн үр дүнг хэмжиж, нийгэм, эдийн засгийн сайн сайхан байдлын объектив үзүүлэлтүүдтэй уялдуулдаг. Нийслэлийн захын дүүргүүдийн жижиг дэлгүүрүүдээр ороход “Өрийн дэвтэр” гэдэг зүйлийг үзүүлэх нь түгээмэл. Иргэд “Хүүхдийн мөнгө”, эсвэл цалин, групийн мөнгө буухаар өгнө. Төчнөөн грамм ургамлын тос, мах, талх…” гэхчлэн бичээд гарын үсгээ зурж, регистрийн дугаараа бүртгүүлсэн байдаг юм. Төлбөрийн чадваргүй зарим нь бүр усны картаа хүртэл барьцаалан талх авч байна. Ийм байдал саяхан, цар тахлын үеэр бий болоогүй, урт хугацаанд байсан ужгирсан асуудал. Үүнийг “Ceoworld” сэтгүүлийн “Амьдралын чанарын индекс” хэмээх жагсаалт өнөөгийн чухал үед дэлгэлээ. Засаг, төрийн эрхмүүд болгооно буй за.
Эцэст нь өгүүлэхэд, цар тахалтай холбогдуулан түр хугацаанд хэрэгжүүлэх хууль баталж, чамгүй хөнгөлөлт эдлүүлсэн өнгөрсөн нэг жилд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд төр, засгийн дэмжлэг авахын зэрэгцээ эрх үүрэг, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд боломжоороо хэмнэж, гамнаж, улсынхаа эдийн засагт дэм болсон бол ирэх оны “зардал, төсвөө” арай өөдрөгөөр зурж, өөрөөр хэлбэл цахилгаан, дулааныхаа төлбөрийг дахин хөнгөлүүлэх боломж байсан уу гэж санал бодлоо хуваалцаж байна. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэн, өндөр настан Д “Засгийн газар иргэдийн тодорхой төлбөрийг даахтай холбогдуулан Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль баталсан. Түүнд зааснаар бол эрчим хүч, цахилгааны хэмнэлттэй ажиллавал урамшуулахаар тусгасан. Үүнийг сайн таниулж ухуулсан бол “үнэгүй” юмыг замбараагүй хэрэглэхгүй байсан болов уу. Урамшуулал тусгаж чадсан юм, бас торгох тухай заалт оруулаад өгсөн бол хэт хэрэглээг хязгаарлах боломж байсан гэж харж байгаа. Бид эх оронч байж, засгийн өгсөн дэмжлэгт талархан хэрэглээгээ хянаж чадсан бол аль ч талдаа хэрэгтэй байх. Харамсалтай нь, албаны хүмүүсийн ярианаас ойлгоход, иргэд цахилгааны хэрэглээг өмнөхөөс илүү байлгаж, хязгаарлахаас аргагүйд хүргэжээ. Юутай ч зөндөө л дэмжлэгийг багагүй хугацаанд авлаа. Цаашид үргэлжлүүлбэл сайн л байна. Хэрэв дахин боломж олгох бол хэтрүүлсэн тохиолдолд торгох ёстой. Хайр даадаг байх нь хүний сайхан чанар шүү дээ” хэмээлээ.