
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлнэ. УИХ-аас өнгөрсөн долдугаар сарын 2-нд баталсан уг хууль нь 13 бүлэг 166 зүйлтэй аж. Тэгвэл 1999 онд баталж, өнгөрсөн хугацаанд 24 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан өмнөх хууль нь 15 бүлэг 142 зүйлтэй байв. Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2018 оны гуравдугаар сард анх УИХ-д өргөн барьж, түүнээс хойш гурван жил хэлэлцсэний үр дүнд баталжээ.
Хуулийн шинэчилсэн найруулгыг ерөнхий агуулгаар нь харвал ихэнх зүйл заалт нь өмнөхтэйгөө адил. Гэсэн ч нийгмийн харилцааны хувьсал, техник, технологийн хөгжилтэй холбоотойгоор иргэдийн амьдралд гарч буй өөрчлөлтийг тусгаснаараа онцлог аж. Тухайлбал, манай улс анх удаа цахимаар ажиллах хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэв. Цар тахлын улмаас улсын хэмжээнд 2020 оноос хойш өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдал зарласан. Энэ нь аж ахуйн нэгж, байгууллагууд зарим ажилтнаа зайнаас ажиллуулах нөхцөлийг анх бүрдүүлсэн билээ. Цаг үеийн энэшаардлага нь Хөдөлмөрийн тухай шинэ хуулиа “Зайнаас ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээ” гэсэн зүйлээр баяжуулах шалтгаан болов.

Түүнчлэн ажлын байрны бэлгийн дарамтыг анх удаа хуульчиллаа. Хүний эрхийн үндэсний комисс, “Нийгмийн бодлого, хөгжлийн судалгааны хүрээлэн” төрийн бус байгууллагатай хамтран төрийн албан хаагчдын дунд ажлын байрны бэлгийн дарамтын судалгааг энэ оны эхээр хийсэн байдаг. Нийслэл, орон нутгийн захиргааны байгууллагын 3000 эмэгтэй албан хаагчийг үүнд хамруулахад дөрвөн хүн тутмын нэг нь “Ажлын байрны бэлгийн дарамтад нэг болон түүнээс олон удаа өртөж байсан” гэж хариулжээ. Энэ нөхцөл байдал нь ажлын байрны бэлгийн дарамтын эсрэг дорвитой арга хэмжээ авах шаардлага үүссэнийг сануулсан юм.
Хөдөлмөрийн тухай хуульд шинээр оруулсан бас нэг өөрчлөлт бол уул уурхайн ажилтнуудын уртын ээлжийн хугацааг тогтоож өгсөн явдал. Уурхайчид 14 хоног ажиллаад, 14 хоног амрах зохицуулалтыг үүнд тусгажээ. Энэ нь уурхайчдын санал хүсэлтийн дагуу тусгасан заалтуудын нэг аж. Гэтэл уг заалтыг хэрэгжүүлэхийг түр хойшлуулах, улмаар өөрчлөх тухай асуудал яригдаж эхэлснийг Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооныхон саяхан мэдэгдэв. Тэд “УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Улаан бал” нэвтрүүлэгт оролцох үеэрээ зарим аж ахуйн нэгж 14 хоног ажиллаад, 14 хоног амрах заалтыг хэрэгжүүлэх хугацааг хойшлуулах хүсэлт гаргасан. Хэрэв Засгийн газар саналаа оруулж ирвэл УИХ дэмжээд, батлах боломжтойг дурдсан. Хуулийг мөрдөж эхлээгүй байхад зарим зүйл, заалтыг хойшлуулах асуудлыг ярьж эхэлснийг эсэргүүцэж байна” хэмээсэн юм. Уурхайчид өдгөө 28 хоног ажиллаад, 14 хоног амарч байгаа. Харин шинэ хуулийг хэрэгжүүлснээр аж ахуйн нэгжүүд хүний нөөцөө нэмэх, илүү зардал гаргах зэрэг алдагдал хүлээж болзошгүй тул зарим нь дээрх заалтыг хойшлуулах талаар хөндсөн бололтой.

Хуулийн гадна орхигдсон туслах малчин, гэрийн үйлчлэгчид ирэх оноос заавал хөдөлмөрийн гэрээ байгуулсны үндсэн дээр ажил эрхэлнэ. Бас өөрөө хүсээгүй тохиолдолд амралтын өдрүүдэд ажиллахгүй. Түүнчлэн өөрөө хүсээгүй тохиолдолд мөнгөн бус хэлбэрээр цалинжихгүй. Жишээ нь, архи, согтууруулах ундаа, тамхи, хуулиар хориглосон бараа, бүтээгдэхүүнийг цалинд нь дүйцүүлэн олгохыг бүрэн хориглосон. Хэрэв малчин, гэрийн үйлчилгээний ажилтан хүсвэл хөдөлмөрийн хөлснийхөө 30 хүртэлх хувьд нь бараа, бүтээгдэхүүн авч болохоор хуульчилжээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа өмнө нь “Хүүхэд харах филиппин асрагч нарыг манайхан их ажиллуулдаг. Монгол Улсад 300 орчим гадаадын иргэн хүүхэд асрагчаар ажиллаж байна гэх мэдээлэл бий. Гэтэл тэд хөдөлмөрийн зөвшөөрөл авдаггүй. Хүүхэд асрагч гэдэг утгаараа боловсролын байгууллагын багш гэдгээр нь зөвшөөрөл олгодог” гэж байв. Тэгвэл гэрийн үйлчилгээний ажилтны хөдөлмөрийн харилцааны эрх зүйн орчныг бүрдүүлснээрээ тэд хуулийн дагуу хөдөлмөрийн зөвшөөрөл авч, гэрээ байгуулж ажиллах нь.
Ажил олгогч, хөдөлмөр эрхлэгч бүх хүнд хамааралтай Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад ямар онцлог зүйл, заалтууд тусгасныг хүргэе.

Бэлтгэсэн М.Оч