
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Хүнсний тухай хуулийн хэрэгжилт буюу стратегийн хүнс болох улаан буудайн ургацын байдал, нөөц бүрдүүлэлт, борлуулалт, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл, хангалт, үр шинэчлэлтийн талаар хяналт, шалгалт хийж санал, дүгнэлт гаргах үүрэгтэй ажлын хэсгийг гишүүн Ц.Туваанаар ахлуулан байгуулсан. Тус байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар дээрх ажлын хэсэгт чиглэл өгөх тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ. Ажлын хэсгийн зүгээс 2021 оны тариалалтаас аж ахуйн нэгж, иргэдийн үтрэм дээр байгаа үлдэгдэл хүнсний болон тэжээлийн улаан буудайг стандартын дагуу ангилж, дахин хэмжээг нь тогтоож, зохих стандарт руу шилжүүлж, борлуулах талаар шуурхай шийдвэр гаргах шаардлагатай гэж үзжээ. Мөн “Эдийн засгийг эрчимжүүлэх 10 их наядын хөтөлбөр”-ийн хүрээнд аж ахуйн нэгж, иргэдийн авсан зээлтэй холбоотой асуудлыг шуурхай шийдвэрлэх, импортоор оруулж ирж байгаа үрийн болон хүнсний улаан буудайн чанарт онцгой анхаарч, хяналт тавьж ажиллах санал гаргасан байна. Түүнчлэн тариалангийн үйлдвэрлэлд ашиглаж болох химийн бордоо, ургамал хамгааллын бодисын нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх, бэлтгэн нийлүүлэх, энэ төрлийн бодисыг импортлох зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг яаралтай шийдвэрлэж, хэрэгжилтийг хангаж ажиллах, техник, технологийн шинэчлэлийг донор орнуудын болон олон улсын байгууллагын буцалтгүй тусламжаар шийдвэрлэхэд анхаарах шаардлагатай хэмээн дүгнэлтдээ тусгасан байна. Үүнээс гадна рапсыг нийт тариалсан талбайн 15 хувиас хэтрүүлэхгүй байх нь зүйтэй гэжээ.
“БҮХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ХОЁРДУГААР САРЫН 20 ГЭХЭД ЗАРЛАЧИХНА”
Хэлэлцүүлгийн үеэр Г.Ганболд (УИХ-ын гишүүн): -Тогтоолын төсөл хэт олон заалттай, өөр зүйл рүү үсчсэн байна. Энэ жилийн улаан буудайн ургацын чанар муу байгаа нь юутай холбоотой юм бэ гэсэн чинь температурын зөрүүнээс болсон хэмээх хариулт өгөөд л сууж байна. Уг нь гадаадаас оруулж ирж байгаа үрийн чанар ургацад нөлөөлөв үү гэх зэрэг учир начрыг нь олох гэж л ажлын хэсэг байгуулсан. Үрийг их хэмжээгээр оруулж ирсэнээс болж илүү гарсныг нь шахмал түлшний барьцалдуулагч болгон ашиглаж, шатааж байна шүү дээ. Ингээд зогсохгүй рапс тариалж, шувууны тэжээл үйлдвэрлэвэл дэмжих заалтууд тусгачихсан байх юм. Муу ургац авсан бол төр дэмжих ёстой юм уу. Ер нь төрийн бодлого чинь юу юм бэ. Рапс, эсвэл улаан буудай үнэтэй бол бүх тариаланч нь тийшээ шуураад орчихдог байх юм уу. Ингэснээс болоод энэ жил улаан буудай нь илүүдээд, арга барахдаа шатааж байна шүү дээ. Тогтоолоо товч, тодорхой болгоё. Мөн Хөдөө аж ахуйн корпорацын бодлого, үйл ажиллагааг дэмжих тухай заалт тусгасан байна. Одоо байгаа сангаас юугаараа өөр байх юм бэ. Корпорац буюу аж ахуйн тооцоонд шилжээд ирэхээр төрөөс дэмжлэг авахгүй шүү дээ. Зах зээлийнхээ зарчмаар худалдаад авчих тоног төхөөрөмж, түүхий эдийг энэ корпорацаар дамжуулж авснаар юу өөрчлөгдөх юм бэ.
Ц.Туваан (ажлын хэсгийн ахлагч): -Хөдөө аж ахуйн салбар том. Ажлын хэсгийн зорилгоо сүүлдээ өргөжүүлээд Хүнсний тухай хуулийн хэрэгжилтэд хяналт, шалгалт хийхээр болсон. Хүнстэй холбоогүй зүйл байхгүй шүү дээ. Ер нь саналуудаа нэлээд товчилчихоод байгаа нь энэ. Улаан буудай, тэжээлийн ургамал, төмс, хүнсний ногоо гэх зэргээр дэд салбар бүрийн асуудлыг шийдвэрлэх байдлаар тусгасан. Үрийн чанарын талаар мэргэжлийн байгууллагууд дүгнэлтээ гаргасан, асуудалгүй. Лаборатори, салбарын яамныхны үгэнд итгэж байгаа. Харин цар тахлаас болж олон улсад хүнсний хангамжаа нэмэгдүүлсний улмаас илүүдэл үүссэн юм билээ. Дэргэдээ тэжээлийн үйлдвэртэй, эсвэл үйлдвэргүй гурилын үйлдвэрүүдэд ялгаа гараад байгааг анзаарах ёстой. Тэжээлийн будаа чанаргүй байдаг гэх ойлголт бий. Гэхдээ орчин үед, өндгөөр дотоодын хэрэгцээг 100 хувь хангахаар зорьж байгаа цагт шувууны тэжээлийг маш өндөр чанартай буудайгаар үйлдвэрлэх шаардлага тавигдаж байна. Чанарын хувьд гурилынхаас өөрцгүй гэсэн үг. Тиймээс энэ төрлийн үйлдвэрлэл эрхлэгчдийг татварын урамшууллаар дэмжихээр тусгасан. Корпорац байгуулах шийдвэрийг Засгийн газар гаргачихсан юм билээ.
Ц.Болорчулуун (ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга): -Газар тариалангийн салбарын үйлдвэрлэл, бүтээгдэхүүн нь олон орц, найрлага шаарддаг. Дараа жилийн тариалалтад шаардлагатай хөрсөө бэлдэхээс эхлээд үрийн улаан буудай, технологийн хугацааг хэр баримталсан, нэмэлт бордоо юу хэрэглэв гээд олон зүйлээс хамаардаг. Өөрөөр хэлбэл, үр бол зөвхөн нэг хэсэг нь. Газар тариалангийн үйлдвэрлэл болон зардлын 25 хувийг үр эзэлдэг. Хөдөө аж ахуйг дэмжих сан үйл ажиллагаа явуулж байсан. Тариаланчдад тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлснээр сангийн санхүүгийн үйл ажиллагаа доголдож эхэлсэн. Тариаланчдаас 250-260 тэрбум төгрөгийн авлагатай байна. Цаашид “Хөдөө аж ахуйн корпорац” ТӨК ажиллана. Компанийн тухай хуулийн дагуу уг корпорац ашигтай ажиллах ёстой. Олон давуу тал үүснэ гэж найдаж байгаа. Одоо тус компанийн ТУЗ-ийг байгуулахаар ажиллаж байгаа. Үүнтэй зэрэгцээд сантай холбоотой зохицуулалтаа цэгцлэх ёстой.
Х.Болорчулуун (Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга): -Г.Ганболд гишүүнтэй санал нэг, тогтоолын төсөл болохгүй байна. Үрийнхээ 70 хувийг элит сортоор шинэчилсэн нь сайн хэрэг. Цаг агаарын байдал буудайн чанарт нөлөөлсөн нь ч үнэн байх. Харин хүнсний ногооныхоо 50 хүрэхгүй хувийг дотоодоос хангаж байгаа нь салбарын яамны бодлого, үйл ажиллагаатай шууд холбоотой. Элсэн цөлд дуслын систем ашиглан усжуулалт хийгээд ногоогоо 100 хувь хангаж байгаа Израил зэрэг орон байна шүү дээ. Хүнсний ногооныхоо төдөн хувийг хангана гэж жил бүр л худлаа ярих юм. Өнгөрсөн жил 70 хувьд хүргэнэ гэсэн нь худлаа болсон. Үрээ татан авах үйл ажиллагаа нь тендер шалгаруулалтаас болоод хойшилсон юм билээ. Жишээ нь, төл сонгиныг тавдугаар сарын 15 гэхэд тариалаад дууссан байх ёстой атал мөн сарынхаа 20-нд газар дээрээ ч очоогүй байсан шүү дээ. Үр авчрах ажлаа яам нь туйлын хариуцлагагүй, хангалтгүй гүйцэтгэж байна, дүгнэлт хийгээрэй. Энэ жил яах вэ, бэлтгэл ажлаа хэрхэн хангаж байна вэ. Монголчуудын дотоодынхоо чанартай ногоо хэрэглэх, эсэх нь та нараас шалтгаалж байна шүү дээ.
Ц.Туваан: -Төслөө хураангуйлж, янзалъя. Гэхдээ өнөөдөр энэ төслөөрөө санал хураагаад, шийдвэрлэхгүй бол чуулганыг хаах гэж байна. Дараагийн ээлжит чуулган эхлэхэд хаврын тариалалттай давхцах гээд байгаа юм.
Ц.Болорчулуун: -Хүнсний ногооны үрийн худалдан авалтад онцгой анхаарч байна. Өнгөрсөн жил сонгины үрийг худалдан авах ажлыг гуравдугаар сарын 15-нд эхэлсэн боловч сонгон шалгаруулалттай холбоотой гурван удаа гомдол гараад оройтсон. Энэ жил бүх сонгон шалгаруулалтыг хоёрдугаар сарын 20 гэхэд зарлачихсан байхаар тооцон бэлтгэж байна. Бид хариуцлагатай ажиллана хэмээв.
Хуралдааны төгсгөлд гишүүдийн зүгээс байгалийн давагдашгүй хүчин зүйл буюу үерийн гамшигт өртсөн төмс, хүнсний ногоо үйлдвэрлэгч, тариалан эрхлэгчдийн гамшгийн хор уршгийг арилгах үйл ажиллагаанд зарцуулсан зардлыг нөхөн олгох, дэмжлэг үзүүлэх талаар уг тогтоолын төсөлд заалт нэмэх санал гаргав. Мөн говийн бүсэд хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай тул төсөлд “нийслэл хот болон говийн хүн ам төвлөрсөн томоохон суурин газруудыг түшиглэн өвөл, зуны хүлэмжийн цогцолбор аж ахуй, хадгалалт, борлуулалтын цогцолбор төв байгуулахад урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, хүлэмжинд хэрэглэсэн цахилгааны хөнгөлөлтийн цагийн хугацааг уртасгах арга хэмжээг авч хэрэгжүүлэх” гэж өөрчлөн тусгахаар боллоо. Эдгээр саналыг төсөлд нэмж тусган, редакцын засвар хийх аж.
“МИЛАНЖ” КОМПАНИ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙНХНИЙГ НЭВТРҮҮЛЭХГҮЙ БАЙНА”
Энэ өдөр Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. 2019 онд баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд “… Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй …” гэж тусгасан. Үүнтэй холбоотойгоор Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн дөрөвдүгээр зүйл буюу “Байгаль орчныг хамгаалах талаарх иргэний эрх, үүрэг” гэсэн хэсэгт “тухайн нутаг дэвсгэрийн хүрээнд газрын хэвлийн баялгийн ашиглалтын нөхцөл байдал, байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөл, нөхөн сэргээлт болон эрх бүхий байгууллагаас хяналтын чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдэх” эрхийг хангасан заалт, хуулийн 16, 17 дугаар зүйлд заасан “Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ болон Засаг даргын бүрэн эрх” гэсэн хэсэгт “харьяа нутаг дэвсгэрийн хүрээнд газрын хэвлийн баялгийг ашиглалтын нөхцөл байдал, байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөл, нөхөн сэргээлт болон хяналтын чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар иргэдэд нээлттэй мэдээлэх, байгаль орчны төлөв байдлын мэдээлэлд тусгаж, ИТХ-д тайлагнах” гэсэн үүрэгжүүлсэн заалтыг нэмсэн юм байна.
Энэ үеэр гишүүн Х.Болорчулуун төслийг дэмжиж буйгаа илэрхийлээд, “Зүүн хил дээр уул уурхайн олборлолт явуулж байгаа “Миланж” компани иргэд байтугай хэвлэл мэдээллийнхнийг нэвтрүүлэхгүй байна. Тус компани хууль бус үйл ажиллагаа явуулж байна гэсэн иргэдийн мэдээллийн дагуу газар дээр очиж ажилласан. Энэ талаар салбарын яам, МХЕГ хамтраад ойрын хугацаанд хуулийн хэрэгжилтийг хянаж, шалгах албан бичиг хүргүүлнэ” гэж байлаа.