
Монголбанк их хэмжээний интервенц хийсээр байна. Тодруулбал, Төвбанк өнгөрсөн сард нийт 682.5 сая ам.долларын интервенц хийжээ. Тус банкны цахим хуудас дахь мэдээлэлд дурдсанаар зарим өдөр дараалан зах зээлд валют нийлүүлсэн нь харагдаж байв. Тухайлбал, өнгөрсөн сарын 12, 13, 14-нд, 26, 27, 28-нд дараалан ийм арга хэмжээ авсан аж. Төвбанк энэ оны эхний улиралд нийт 1.75 тэрбум ам.долларын интервенц хийсэн. Тэгэхээр эхний дөрвөн сард нийт 2.43 тэрбум “ногоон”-ы интервенц хийсэн гэсэн үг юм. 2022 он гарснаас хойш сард дунджаар 600 сая ам.доллар зах зээлд нийлүүлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр Төвбанк гурван тэрбум орчим ам.долларын нөөцтэй үлдсэн гэнэ. Монгол Улсын гадаад валютын нөөц өнгөрсөн оны эцэст 4.3 тэрбум ам.доллартой дүйж байсан. Валютын нөөцийн өнөөгийн үлдэгдэлтэй харьцуулахад Монголбанк 2.43 тэрбум ам.доллар зах зээлд нийлүүлсэн ч 1.1 тэрбум ам.доллар худалдаж авсан нь харагдаж буй юм.