Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

О.Амгаланбаатар: Ганц бие залуусын чуулга уулзалт зохион байгуулна

2022-08-03

Говь-Алтай аймгийн засаг дарга О.Амгаланбаатарын санаачлагаар аймгийн гэр бүлгүй залуучуудын чуулга уулзалт хийхээр болжээ. Уг үйл ажиллагаа наймдугаар сарын 12-14-ний өдрүүдэд Дөргөн нуур бааз дээр болох бөгөөд 300 залуу оролцохоор бүртгүүлжээ. Чуулга уулзалтын гол зорилго нь гэр бүл болоогүй залуусыг хооронд танилцуулах бөгөөд бүгдийг нь эрүүл мэндийн үзлэгт хамруулна хэмээн тус аймгийн засаг дарга О.Амгаланбаатар мэдээллээ.

Тэрбээр, "Хөдөө орон нутагт байгаа залуусын хүйсийн харьцаа алдагдсан учраас уг уулзалтыг зохион байгуулж ганц бие залуусыг хооронд танилцуулах зорилготой. Тодруулбал, уулзалтын үеэр залууст гэр бүл төлөвлөх, өрхийн бизнесээ хөгжүүлэх, хувь хүний хөгжил, эрүүл амьдрах зэрэг сургалтуудыг зохион байгуулна. Манай аймаг цус ойртолтоор улсад өндөр үзүүлэлттэй гарч байгаа нь залууст зориулсан энэ мэт арга хэмжээ зохион байгуулдаггүйтэй холбоотой" хэмээв.