Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хүүхэд харах үйлчилгээг өргөжүүлнэ

2022-08-09

Ирэх хичээлийн жилээс нийслэлд хүүхэд харах үйлчилгээг өргөжүүлэхээр ажиллаж буйгаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээлэв. Улсын хэмжээнд одоогоор 16 аймаг, долоон дүүрэгт хүүхэд харах үйлчилгээ эрхлэгч 181 бүртгэлтэй байгаа гэнэ. Үүнийг өргөжүүлж, ялангуяа нийслэлийн долоон дүүрэгт буюу Багануур, Багахангайгаас бусдад нь хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийг олшруулах шаардлагатай юм байна. Ингэснээр цэцэрлэгийн хүртээмж тааруу газарт оршин сууж байгаа, 2-3 настай 2000 хүүхдийг уг үйлчилгээнд нэмж хамруулах төлөвлөгөөтэй аж. Иймд хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэд дүүргийнхээ холбогдох байгууллагад хандан, сургалтад хамрагдах боломжтой гэв. Сургалтад хамрагдаж, холбогдох шаардлага хангасан иргэдэд үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгохоор төлөвлөжээ. Ташрамд дурдахад, уг үйлчилгээг эрхлэгч нь Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, Хүүхэд харах үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага буюу MNS 6540:2015 стандартад нийцсэн үйл ажиллагаа явуулах ёстой.