Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Төр нь дэмждэггүй уул уурхайн бус бүтээгдэхүүний экспорт

2022-08-19

Уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж олон жил ярилаа. Ерөөс манайх шиг жижиг эдийн засагтай, хүн ам цөөтэй орны дотоодын нийт бүтээгдэхүүнээ өсгөх хамгийн шилдэг арга нь экспортоо нэмэгдүүлэх гэдгийг эдийн засагчид судалгаагаар баталсан. Сүүлийн арав гаруй жил Монгол Улсын экспортын 90 орчим хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж ирэв. Коксжих нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, алт манай улсын экспортын гол бүтээгдэхүүн билээ. Экспортын үлдсэн 10 хувийг уул уурхайн бус бүтээгдэхүүн эзэлж ирсэн. Гэхдээ тухайн жилд аль нь экспортын орлогын хэдэн хувийг бүрдүүлснийг нарийн тооцсон судалгааг олон нийт мэддэггүй. Ямартай ч манай улсын уул уурхайн бус экспортын бараа, бүтээгдэхүүний тоо хэмжээ, нэр, төрөл цөөн гэдэг нь ойлгомжтой. Экспортлогч аж ахуйн нэгжийн тоо ч цөөн байдаг.

Эрдэс, түүхий эдээс бусад бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж ярьдаг ч төр, засгаас дорвитой бодлого хэрэгжүүлсэнгүй өдий хүрэв. Уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэхийн тулд Засгийн газрын олон талын манлайлал чухал. Засгийн газар асуудлыг олон улсын харилцааны түвшинд авч үзэж, харилцан тохиролцон экспортлогчдод замын зураг гаргаж өгөх учиртай. Ингэхгүй бол хувийн хэвшлийнхний хүч хүрэхгүй. Сүүлийн үед уул уурхайн бус бараа, бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх санаачилгыг Монголбанк гаргах болов. Тус банкны түүвэр судалгааны дүгнэлтэд үндэслэн уул уурхайн бүтээгдэхүүн экспортлогч аж ахуйн нэгжүүдийн тоо, орлого, тэдэнд ямар бэрхшээл тулгарч буй талаарх мэдээллийг хүргэе.

Манай улс уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортоос 2021 онд 559.8 сая ам.долларын орлого олжээ. Тухайлбал, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортоос 371.8 сая “ногоон” олсон байна. Үүний дотор амьд мал, махны экспортоос 23.6, арьс, ширнийхээс 5.4, өлөн гэдэснийхээс 15.3, ноолуурынхаас 315.5, ноос, бусад үс, хялгасныхаас 9.6, бусдаас нь 2.4 сая ам.долларын орлого бүрдүүлсэн аж. Газар тариалангийн бүтээгдэхүүний экспорт 5.5 сая, үүний 5.4 сая “ногоон”-ыг нь үр тариа, рапсын экспортоос оруулжээ. Энд манай улс үр тариа экспортолдоггүй, харин сүүлийн жилүүдэд рапс нийлүүлдэг болсныг дурдах нь зүйтэй. Аж үйлдвэрийн бүтээгдэхүүний экспортоос 182.5 сая ам.долларын орлого олсон байна. Үүний дотор хүнсний экспортоос 132.5, ноолууран эдлэлийнхээс 33.7, бусад хувцас, гутал, эдлэлийнхээс 16.4 сая “ногоон”-ы орлого олжээ. Уул уурхайн бус бүтээгдэхүүний нийт экспортын орлогын талаас илүүг ноолуураа борлуулж олсон байгаа биз. Бас хүнс, ноолууран эдлэл, махны экспортоос олсон орлого жин дардаг аж.

Ерөнхийд нь авч үзвэл хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд болон түүгээр хийсэн бараа, бүтээгдэхүүнээ экспортолж багахан орлого олж буй нь харагдаж байна. Уул уурхайн бүтээгдэхүүний экспорттой харьцуулахад хагас тэрбум ам.долларын орлого бол бага дүн. Монгол Улс энэ онд уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос 7-8 тэрбум ам.доллар олох төлөв бий. Уул уурхайн бус бүтээгдэхүүний эскпортын орлогыг нэмэгдүүлэхийн тулд тоо хэмжээг нь өсгөх, нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн экспортлох, нэр, төрлийг нь олшруулах учиртай.

Дээрх бүтээгдэхүүнүүдийг давхардсан тоогоор 2019 онд 825, 2020 онд 722, өмнөх жил 757 аж ахуйн нэгж экспортолжээ. Манай улс 205 мянган аж ахуйн нэгж, байгууллагатай болсон. Үүний 91 мянга нь үйл ажиллагаа явуулж буй. Үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын нэг хувь хүрэхгүй нь уул уурхайн бус бүтээгдэхүүн экспортолдог аж. Экспортлогч аж ахуйн нэгжүүдийн хэлбэрийг авч үзвэл 89 хувь нь хязгаарлагдмал хариуцлагатай компани. Өмчлөлийн хэлбэрээр нь авч үзвэл 87 хувь нь дотоодын хөрөнгө оруулалттай юм байна. Ажиллагсдын тоогоор нь авч үзвэл уул уурхайн бус бүтээгдэхүүн экспортолж буй нийт аж ахуйн нэгжийн 42 хувь нь 1-9 ажилчинтай. Тэгвэл 36 хувь нь 10-49, 18 хувь нь 50-199 хүн ажиллуулдаг статистик бий. Дөнгөж дөрвөн хувь нь 200-гаас дээш тооны хүн ажиллуулдаг гэнэ. Тэгэхээр уул уурхайн бус бүтээгдэхүүн экспортлогчдын 78 хувь нь 50-иас доош ажилчинтай, жижиг аж ахуйн нэгж байгаа биз.

Экспортлогч аж ахуйн нэгжүүдийг орлогын ангиллаар нь ач үзвэл 43 хувь нь 300 сая төгрөгөөс бага орлого олдог гэсэн судалгаа гарчээ. Тэгвэл 21 хувь нь 300 саяас нэг тэрбум, 14 хувь нь 1-2.5 тэрбум төгрөгийн орлоготой гэнэ. Харин 22 хувь нь 2.5 тэрбум төгрөгөөс дээш орлоготой аж. Уул уурхайн бус бүтээгдэхүүн экспортлогч аж ахуйн нэгжүүдийн 78 хувь нь жилд 2.5 тэрбум төгрөгөөс бага орлоготой юм байна. Дийлэнх аж ахуйн нэгж уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортоос багахан орлого олдог ажээ. Мөн аж ахуйн нэгжүүдийг үйл ажиллагаа явуулсан жилээр нь авч үзвэл 45 хувь нь 10-аас бага, 40 хувь нь 10-19, 19 хувь нь 20-30 жил ажилласан байв. Эндээс 10-аас бага жил үйл ажиллагаа явуулсан “шинэ” компаниуд уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортын зах зээлийг сонирхож буй нь харагдана.

Монголбанкныхан түүвэр судалгаа хийхдээ төрийн үйлчилгээ экспортод хэрхэн нөлөөлж буйг үнэлжээ. Тэгэхдээ маш сайн бол +2, муу бол -2 үнэлгээ өгөх аргачлал сонгосон байна. Ингээд татварын бодлого, хууль, эрх зүйн орчин, тээврийн үйл ажиллагаа, тусгай зөвшөөрөл, лиценз олгох, хяналт, шалгалтын тогтолцоо, татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан мэдээ гаргах, квот тогтоох, гадаад сурталчилгаа, маркетинг, лавлагаа, гэрчилгээ олгох, мэргэжлийн холбоод, лаборатори, баталгаажуулалт, гаалийн бүрдүүлэлт, сургалт мэдээлэл, зөвлөгөө өгөх гэсэн үзүүлэлтээр үнэлсэн аж. Татварын бодлого -0.71 гэсэн оноо авч, хамгийн муу үзүүлэлттэй гарчээ. Харин сургалт мэдээлэл, зөвлөгөө өгөх нь -0.26 гэсэн үнэлгээ авсан нь хамгийн сайн үзүүлэлт болов. Тэгэхээр төрийн үйлчилгээ экспортод сайнаар нөлөөлж чаддаггүй гэж дүгнэж болох нь. Учир нь бүх үзүүлэлт хасах үнэлгээтэй гарчээ.

Түүнчлэн экспортыг нэмэгдүүлэхэд саад болж буй хүндрэлүүдийг 1-5 оноогоор дүгнэсэн байна. Хамгийн хүндрэлтэй үзүүлэлт нь өндөр оноо авах аргачлалаар тооцжээ. Ингэхэд экспортыг дэмжих санхүүжилт 3.79, түүхий эдийн өртөг 3.74, валютын ханшийн хэлбэлзэл 3.61, тээврийн зардал 3.6, бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар 3.54, тариф болон тарифын бус саад 3.45, түүхий эдийн олдоц 3.44, гадаад зах зээлийн зохицуулалт 3.24, эрэлт 3.01, экспортын туршлага, ажилчдын ур чадвар 2.84 гэсэн үнэлгээ авчээ. Бараг бүх үзүүлэлт гурваас дээш оноо авч, хүндрэлтэй байгаа нь илэрхий болов.

Уул уурхайн бус бүтээгдэхүүний экспорт бага, нэр, төрөл нь цөөн, төрийн дэмжлэг байхгүй, бүх шатанд хүндрэлтэй байна. Тиймээс уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхийн тулд төр, засаг дорвитой бодлого хэрэгжүүлж, тулгарсан хүндрэлүүдийг арилган, аж ахуйн нэгжүүдээ дэмжих шаардлагатай юм.